Хандивлагчид эвсэж Монголд дэмжлэг үзүүлнэ

2016.12.07 Лхагва №109 (2140)

Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хамтран Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ, хандивлагч байгууллагууд эвсэл хэлбэрээр нэгдэж Засгийн газрын хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллахаар тохирсон байна. 

Энэхүү мэдээг Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгосыг хариуцсан захирал Берт Хофман дуулгалаа. Тэрээр ОУВС болон Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй яг ямар хөтөлбөрийг дэмжих вэ гэдэг нь хэлэлцээрийн үеэр яригдах асуудал гэдгийг хэлж байна. Мөн ОУВС-гаас гол төлөв макро эдийн засгийг тогтвортой болгох, төсвийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх, санхүү мөнгөний бодлогыг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлдгийг манай Засгийн газрынханд анхааруулсан байна. Мөн БНХАУ, Япон улсын зүгээс манай улсад хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлж байгааг  хандивлагч байгууллагууд анхаа­ралтай ажиглаж байгаагаа илэрхийллээ. Тэдгээр улс хямралын энэ үед хамтран ажиллах байх гэдгийг онцолж байв. 
АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Еланда Фернандез Ломмен “Монгол Улсыг санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй үед нь хандивлагчид хоорондоо зохион байгуулалттай ажиллаж дэмжих нь зүйтэй юм. Засгийн газраас зохион байгуулсан уулзалтаар хэрхэн үйл ажиллагаагаа уялдуулахаа ярилцсан болохоор гадаад орны Засгийн газрууд ч бидэнтэй хамтран ажиллах байх гэж итгэж байгаа” хэмээн дүгнэж хэлсэн байна. 
Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Хуучнаар “Хандивлагчдын уулзалт” гэж нэрлэдэг байсан уг уулзалтад Сангийн сайд Б.Чойжилсүрэн илтгэл тавихдаа, Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч урт хугацаандаа өөдрөг байхаар төсөөлөлтэй байгаа гэж хэлсэн. Төгрөгийн доллартай харьцах ханш тасралтгүй буурч, гадаад худалдаа саарч байгаа энэ үед салбарын сайд эдийн засгаа ийнхүү харж байгаагаа илэрхийлэв. Уулзалтыг нээж үг хэлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн л эдийн засгийн энэхүү хүндрэлээ богино хугацааных хэмээн дүгнэсэн. 
Энэ бүхнээс харвал, ОУВС-гаас манай улсад хоёр дахь багаа ажиллуулаад байгаа энэ үед Засгийн газраас гаргасан гарц бол Эдийн засгийг сэргээх хөтөлбөрөө УИХ-аар батлуулж аваад гадаадын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт гаргуулах байсан бололтой. Бушуу туулай борвиндоо баастай гэдэгчлэн УИХ-ын гишүүд шүүмжилсээр байтал энэхүү хөтөлбөрөө яаравчлан бат­луулж авсан билээ. Ийнхүү редакцийг нь ч УИХ дээр уншаагүй байгаа Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг яаравчлан олон улсын хандивлагчдад танилцуулан тэднийг эвсэл болж дэмжлэг үзүүлэх “ам гаргуулаад” байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.