Хилчин харгуйн эздийн “Сүлдэт багана”-тай уулзалт

2016.12.07 Лхагва №109 (2140)

...Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэхэн чулуунаас 

Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий хэмээн сэтгэл дүүрэн, итгэл төгс хэлэх хилчин эрсийн нүдэнд баяр бахдал гэрэлтэнэ. Алтан соёмбоо тэргүүндээ залж, андгай тангараг өргөн сүлдэт бага­нандаа ёсолдог хилчин эрс юм чинь аргагүй ээ. Хилийн цэргийн сургуулийн үе үеийн төгсөгчдийн анхдугаар уулзалт ийм л халуун дулаан уур амьсгал, омогшил, бахар­хал дүүрэн болов. Хүн төрөлхт­­ний түүхэнд хүйтэн дайны сүүдэр хүүшилсэн 1970-аад оны эхээр олон улсын төдийгүй хөрш хоёр орны улс төрийн бодлогын нөхцөлөөс шалтгаалж манай улс Хилийн цэргийн сургуулиа да­хин байгуулж анхны төгсөгчдөө хи­лийн албанд илгээж эхэлсэн түүх­тэй. Тэр цагаас хойш 40 жил бол­жээ. Энэ оны дөрөвдүгээр сард Хи­лийн цэргийн сургуулийн үе үеийн төгсөгчид санаачлан “Сүлдэт багана” хилчдийн холбоог бай­гуул­­сан ажээ. Тус холбооноос ийн­хүү хилийн цэргийн сургуулийн төгсөгчдийн анхдугаар уулзалтыг зохион байгуулав. Хилийн цэргийн сургуулийг төгсөгчдийн дундаас улс төрийн зүтгэлтнүүд, цэргийн дээд цолтон генералууд, гавьяатууд, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, эрхэлсэн хөдөлмөрөөрөө ард ир­гэддээ үнэлэгдсэн олон арван алдарт­нууд төрөн гарсан гэдгийг уулзалт чуулганы үеэр “Сүлдэт багана” хилчдийн холбооны Ерөн­хий­лөгч Б.Лхагва онцолж байлаа. Мөн тэрээр хилчин офицерын амаргүй хөдөлмөрийн эрдмийн уур­хайг сэтгэл харамгүй зааж, сургаж, хүмүүжүүлсэн сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш нартаа гүн талархал илэрхийлсэн юм.
Хилийн цэргийн сургууль төгсөгчдийн анхдугаар уулзалт чуулганд 1977 оноос 2013 оны хооронд тус сургуулийг төгссөн 250-иад хүн хүрэлцэн ирсэн байлаа. Мөн Хилийн цэргийн сургуулийг 1982-2016 оны хооронд удирдаж байсан захирлууд болон салаан дарга нар уригдан иржээ. Хил хамгаалах ерөнхий газрын штабын дарга хошууч генерал Ш.Лхачинжав газар, хэлтсийн дарга нарынхаа хамт хилчдийн холбооныхондоо хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн ирж уулзалтад оролцсон. Тэрээр Хил хамгаалах ерөнхий газрын дарга,  хилийн цэргийн командлагч Ц.Сэр­гэлэнгийн мэндчилгээг хилчдэдээ уламжилсан юм. Хилийн цэргийн чуулгынхны урлагийн тоглолт хуран цугларсан хилчдийн хий­морийг сэргээн, хилийн цэргийн сур­гуу­лийн сонсогч явсан гэ­гээн гэрэлт он жилүүдийнх нь дурсамжийг сэргээв. 
Хилийн цэргийн сургуулийн төгсөгчдийн төлөөллийг “Онц хилчин”, “Хилчний алдар” цол, тэмд­гээр шагнаж, тус сургуулийн хүндэт төгсөгчөөр 54 хүнийг өргөм­жилсөн нь “Сүлдэт багана”-ынхны уулзалтын нэгэн сэтгэл догдлом агшин байлаа. Хил хамгаалах ерөн­хий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, хошууч генерал Ш.Лхачинжав, Цагдаагийн ерөнхий газрын архивын дарга, бригадын генерал Хүрэлбаатар, УИХ-ын ги­шүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр зэрэг төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд Хи­лийн цэргийн сургуулийн хүндэт төгсөгч болов. Хил хамгаалах ерөн­хий газрын Ахмадын холбооны дарга Бямбасүрэн Хилийн цэргийн сургуулийн захирлаар ажиллаж байсан хүмүүсийг төлөөлөн үе үеийн төгсөгчдөдөө хилчин хүний, бас эцэг ёсны сайхан үг сургаалаа хэлж, дурсамжаа хуваалцсан.   
Бүрэн эрхт Монгол Улсынхаа тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, улсын хилийг халдашгүй дархан байлгах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийн тө­лөө залуу нас, авьяас чадвар, амь биеэ зориулж, орчин цагийн хил хамгаалах албаны 80 гаруй жилийн түүхийг бүтээлцэхэд хилийн сургууль төгсөгчид тодорхой байр суурь эзэлж байдгийг уулзалтын үеэр “Сүлдэт багана” хилчдийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагва хэлсэн үгэндээ дурдсан. Эх оронч үзлийг туг сүлд болгож, тусгаар улсынхаа дархан хилийг нүдний цөцгий мэт хамгаалан зогсдог хил­чид ийнхүү “Сүлдэт багана” хол­боондоо сэтгэл, зүрхээрээ нэгдэн, анхдугаар уулзалтаа зохион бай­гуу­ллаа. Хилийн цэргийн сургуу­лийн үе үеийн төгсөгчид анх удаа хуран цугларч хилчин хэмээх эрхэм алдраараа, эх оронч бахархлаараа гоёв. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.