“Өнөр бүл”-ийн нэг өдөр

2016.12.07 Лхагва №109 (2140)

Дүү нар маань надаас байнга ээжийг нэхдэг

-Чи цайгаа уусан юм уу? 
-Уусан
-Харин чи...?
-Тийм ээ. Би уучихаад хоолоо идэж байна хэмээн төмөр аягатай гоймонтой шөлөө идэх зуураа дэргэдээс нь харж зогссон биднийг гайхан ширтэх сөөсгөр үстэй бяцхан охид. Энэ бол “Өнөр бүл” асрамжийн газарт бидэн­тэй тааралдсан эхний дүр зураг. Хичээлээсээ тарж ирсэн хүүхдүүд эхнээсээ үдийн цайгаа ууж буй нь энэ аж. Гэхдээ тийм ч олон хүүхэд байсангүй. Учир нь ихэнх хүүхдийн хичээл нь өглөө ордог тул тараагүй байлаа. 
Бид тус төвийн нийгмийн ажилтан Т.Нямтогоог даган 105 хүүхдийн гэр орон болсон “Өнөр бүл” асрамжийн газартай танилцав. Тус төв нь 41 жилийн өмнөөс үйл ажиллагаа эхэлж, олон үрсэд “хайрын өргөө” нь болон ажиллаж иржээ. Өдгөө энд бүтэн, хагас өнчин болон хорооны Засаг даргын захирамжаар эцэг эхээсээ тусдаа амьдрах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн 7-17 насны эрэгтэй 52, эмэгтэй 53 хүүхэд амьдарч байна. Тэд дөрөв дөрвөөрөө нэг өрөөнд амьдардаг аж. Давхарласан ор, паркетан шал, модон ширээ, хувцасны шүүгээ буюу хуучны сейф зэрэг нь өрөөнд байгаа эд хогшил нь. Тийм ч тохилог бус. Зурагт, хөргөгч эсвэл хивстэй өрөө байсангүй. Яг л сургуулийн дотуур байр шиг ажээ. 
Хүүхдүүд давхар бүрийн коридорт байрлуулсан зурагтыг үзнэ. Харин тэнд хивс бас 3-4 хүүхэд зэрэгцэн суух боломжтой хуу­чирсан буйдан бий. Өөрөөр хэлбэл, хүүх­дүүд зурагтаа ээлжилж үзэх бөгөөд нэг нь юу үзэж байна түүнийгээ хамтдаа үзнэ. 12-13 насных болов уу гэмээр хоёр охин зурагтны доор модон сандал тавьж, дээш өлийн Солонгос охидын хамтлагийн дууг шимтэн үзэж байлаа. Тэд хоорондоо “Тэр нь би, тэр нь чи шүү” хэмээн хамгийн цоглог бүжиглэж байгаа нэгийг нь өөрийгөө гэж төсөөлөн хөөрцөглөх аж. Харин, дээш өлийн хардгийн учир гэвэл, зурагтыг нь таазнаас дүүжилсэн байдаг юм билээ. Хүүхдүүд хичээлээсээ өглөө тарж ирээд өдөр хийх ажил бага тул ихэнхдээ зурагт үздэг байна. 
Өрөө бүрийг камержуулж, охидыг хоёр давхарт, хөвгүүдийг гурван давхарт тусгаар­лан байлгадгаас үзвэл “Өнөр бүл” төв тун дэг сайтай аж. Охидын өрөө хөвгүүдийнхийг бодвол илүү цэгцтэй, тохилог. Бас өрөө тус бүр нэртэй. Охидын өрөөний хаяг “Гүнж­хэн”, “Гүзээлзгэнэ” зэрэг цэцэг, жимс­ний нэр­тэй бол хөвгүүдийнх “Хас”, “Шонхор” зэрэг сүр хүчийг бэлгэдсэн нэртэй. Аргагүй л хөвгүүд байгаа биз. Охид өрөөндөө уруул, нүд, цэцэг, шүхэр, бороо зэргийг зурж, цаасаар наамал хийсэн байхад хөвгүүд ханан дээрээ хар цагаан зураг эсвэл “Наруто” зэрэг аниме баатруудын зургийг наасан байв.
Хүүхдүүд өрөөгөө хэн нь илүү чимж, то­хи­­жуулснаараа өрсөлддөг гэнэ. Одоогоор охидын бүлгийг 206 тоот өрөө тэргүүлдэг аж. Өрөөгөөр зочилж хүүхдүүдтэй ярилцаж явах үеэр 203 тоотын охид “Манай өрөө уг нь гоё байгаа биз дээ. Гэхдээ 206 тоот бүр илүү” хэмээн цагаахан инээд цацраан хуу­чил­на.

Аав, ээж хоёртоо хайртай шүү, охин нь энд сайн байгаа
Ийн тэдэнтэй хууч дэлгэн хөгжилдөн, хөөр болж явах зуураа сэтгэлдээ хөнгөн гуниг­тай, төрсөн эцэг эхийнхээ хайр, халамжийг үгүйлсэн хүүхдүүдтэй үе үе таарч, хамт санаа алдаж суулаа.
12 настай А... “Долоон настайгаасаа хойш Хүүхэд хөгжлийн төвд байсан. Тэгээд 2014 онд энд ирсэн. Яагаад асрамжийн газарт ирснээ сайн мэдэхгүй байна. Уг нь энд байх гоё л доо. Олон найзтай болоод л. Гэхдээ л ээж аавыгаа маш их санадаг” хэмээн ярих түү­ний амьдрал тийм ч дардан бус. Ээж нь архи балгачихдаг учраас хорооны нийгмийн ажилтан нь А-г ахынх нь хамт асрамжийн газарт шилжүүлэн, авч иржээ. Ангийнхан нь А-г “Асрамжийн хүүхэд” гэж шоолдог болоод ч тэр үү охин бага зэрэг бүрэг зантай. Гэх­дээ түүнд солонгос хэлний орчуулагч бо­лох мөрөөдөл бий. Бидэнтэй ярилцлах зуур­таа тэрээр “Аав, ээж хоёртоо хайртай шүү. Охин нь сайн байгаа” гэх нулимстай үгийг дайсан юм. А хоёр ахтай бөгөөд 15 настай ах нь “Өнөр бүл” төвд хамт байдаг аж. Гэхдээ хөвгүүд, охид нь тусдаа байдаг тул түүний ах гурван давхарт найзуудтайгаа байдаг юм билээ. 
“Энд ирснээсээ хойш ах маань намайг тоохоо байсан. Ахтайгаа төрсөн өдрөөрөө хамт байж, өдөржин инээдтэй юм ярьсан маань л гоё байдаг” хэмээн нулимс цийлэг­нүү­­лэн ярих түүнд гэр бүлийн халуун ду­лаан уур амьсгал, хайр эрхгүй дутдаг мэт. Чанга тэвэрч зулай дээр нь үнсмээр цаанаа л нэг нүдэнд дулаахан, сэтгэл хоргодом хөөр­хөн. Яг түүн шиг маш олон хүүхэд “Өнөр бүл” төвд байлаа. Тэдэнтэй ярилцах бүрт татаг­даж, хайрлах сэтгэл төрнө. Хүүхэд гэдэг тийм бусдын хайрыг булаах тавилантай, цагаа­хан сэтгэлтэй хүмүүс ажээ. 
13 настай У... Тэрээр 2010 оны арван­хоёр­­­дугаар сарын 01-нд анх “Өнөр бүл” ас­рам­жийн газарт ирсэн байна. “Ээж, аав хоёр­тоо хоёуланд нь дургүй ш дээ, би” хэмээх тэ­­рээр ухаан орохоосоо эхлэн асрамжийн газарт өсчээ. Уран нугардаг авьяастай бо­лоод ч тэр үү нэлээд хөдөлгөөнтэй, бас сэргэлэн. Ирээдүйд цэцэрлэгийн багш бо­лох мөрөөдөлтэй түүнд яг одоо авахыг хүсч, атаархдаг зүйл байдаггүй гэнэ. Учир нь тэрээр эл асуултад “Надад авахыг хүс­дэг зүйл байхгүй ээ. Яваандаа л тийм юм­тай болно шүү дээ” хэмээн тун хэрсүү хариул­сан юм.
17 настай Э. Тэрээр “Авьяаслаг сурагчийн алтан медальтай. Түүний өрөөнд медаль, өргөмжлөл өлгөөтэй байв. Англи хэлний ор­чуулагч болно гэх энэ хүү гадаад хүмүүс­тэй төвөггүй хэл нэвтрэлцэж чаддаг байна. Гурван настайд нь аав нь өнгөрч, хойд эцэг­тэй болсноор ахтайгаа хамт асрамжийн га­зарт иржээ. Одоо ах нь насанд хүрсэн тул “Өнөр бүл” төвийн дэргэдэх Залуучуудын хөгж­лийн төвд амьдардаг аж.
Аав нь хүүхдүүдээ удахгүй ирж авна аа гэсэн
Бид жижигхэн биедээ ахадсан гэмээр хэрсүү Н охинтой цөөн хором хөөрөлдлөө. Н дөрөв­дүгээр ангид сурдаг. Есөн настай. Ээж нь өнгөрснөөс хойш хоёр дүүгийнхээ хамт 2014 онд асрамжийн газарт ирсэн байна. Гэхдээ аав нь амьд сэрүүн байдаг бөгөөд хааяа эргэж ирдэг гэнэ.
-Аав чинь юу хийдэг юм бэ?
-Аав маань мужаан хийдэг. Сая аав шинэ буйдан, зурагт авсан гэсэн. Тэгээд удахгүй аав нь хүүхдүүдээ ирж авна аа гэсэн. Манайх гоё болсон байх аа. 
-Аав чинь ирж уулздаг биз дээ?
-Аав маань бидэн дээр ирдэг. Биднийг авахдаа бичиг авч ирдэг. 
-Та хэд уулзахаараа юу хийдэг вэ?
-Гэртээ хариад хошин  шог, кино үзээд бас хоол идээд унтдаг. 
-Чи аавтайгаа адилхан уу, ээжтэйгээ адилхан уу?
-Би ээжтэйгээ их адилхан гэж аав хэлсэн. Ээж маань хумс буддаг хүн байсан юм. 
-Хоёр дүү чинь аль асрамжийн газарт байдаг юм бэ. Чи эргэж очдог уу?
-Би баяраар очдог ш дээ. Хоёр дүү маань “Сансар”-т байдаг цэцэрлэгийн хүүх­дүү­дийн асрамжийн төвд бий. 
-Хоёр дүүтэйгээ хэр олон уулздаг вэ. Хоёр дүүгээ санаж байна уу?
-Би хоёр дүүтэйгээ уулзахаараа багынх нь зурагнуудыг үзүүлдэг. Тэр хоёр надтай уулзахаараа “Аниа би зургаа харъя” гэдэг юм. Аминагийн ээжтэй авахуулсан зураг нь байдаг. Үзүүлэхээр их баярладаг. Бага дүү маань ааваас саяхан “Ээж хаачсан юм бэ” гэж асуугаад байсан. Аав тэгсэн чинь “Ээж нь ажилдаа явсан байгаа. Удахгүй ирнэ ээ” гэж хэлсэн. Заримдаа Амина надаас бас тэгж асуу­­даг. Ээж нь завгүй байгаа гэсэн чинь “Яг хэзээ ирэх юм бэ” гэж асуугаад бай­сан. Тэгэхээр нь би мэдэхгүй байна аа л гэж хэлсэн.
-Чи хэд сурдаг юм бэ. Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
-Би онц сурдаг ш дээ. Онц сурч төгсөөд ажил хийгээд аав, дүү нартайгаа хамт байна.
Ийн сэтгэл сэмрэм атлаа гэгээхэн сэтгэлээр хууч дэлгэх энэ охин гэртээ чөлөөгөөр гарах­­­даа асрамжийнхаа найзуудыг ээлжээр авч явахаар нэрс хүртэл гаргажээ. “Одоо Цэ­цэгээ, Эрхэс хоёрыг авч явна” хэмээн тэ­рээр өгүүлсэн. Н охин эрэгтэй хүүхдийнх шиг загвартай эрээн шаргал сороочкон цамц өмс­­­сөн нь ээжийнх нь авч өгсөн бэлэг гэнэ. Тий­­­мээс тэр үүнийгээ байнга өмсөх дуртай аж.
Асрамжийн газрын багш нар нь хэдийгээр эцэг эхийг нь орлож, хоёргүй сэтгэлээр ханд­даг ч гэлээ тэдэнд эцэг эхийнх нь хай­рыг юу ч үл орлоно. Энд хүүхдүүд дулаан өрөөнд, идэх хоол, өмсөх хувцастай, дутах зүйл­гүй амьдарч байгаа ч эцэг эхтэйгээ хамт байдаг хүүхдүүдтэй харьцуулахад арай л өөр орчин. Үүнийг мэдэрсэн багш нар нь өн­гөрсөн жилээс эхлэн хүүхдүүдээ бүлэг болгон хувааж, ээлжээр хоол хийлгэж, хүнс цуглуулуулдаг болжээ. Ингээд хүүхдүүд хамт­даа идэх хоолоо бэлдэж, дараа нь цэвэр­­­лэгээгээ хийх зэргээр амьдрах ухаанд суралцаж эхэлсэн байна.
Эцэг эхээ алдаж, эгчтэйгээ хоёулхнаа өнчирч хоцорсон 15 настай Ц хүү “Би ирээ­дүйд тогооч болно гэж боддог. Хоол хийх гоё шүү дээ. Би багийнхантайгаа хамтраад хамгийн анх цуйван хийж сурсан” хэмээн ярьж байв. Мөн Ц хоол хийхээс гадна юм оёх дуртай гэнэ. Өөрийнхөө болон хамт амьдардаг хүүхдүүдийнхээ урагдсан хув­цас, малын нэмнээ зэргийг төвөггүйхэн оёж чаддаг болжээ. Энэ мэтээр ирээдүйн мэр­­­­гэж­лээ хэдийнэ сонгочихсон, түүнийхээ төлөө мэрийн шамдаж байгаа авьяаслаг, хи­чээнгүй хүүхдүүд “Өнөр бүл” төвд олон. “Шинэ Монгол” сургуулийнхан л гэхэд тус тө­вийнхөнд оюуны хөрөнгө оруулалт хийн  хэд хэдэн сурагчийг үнэ төлбөргүй сур­гадаг байна. Тэдгээр сурагчид ч гэсэн тус сур­гуу­лийнхны энэ сайхан сэтгэлийг хариуг сур­лага, эрдмээрээ хариулж, анги хамт олноо тэр­гүүлж явааг сонсоход сайхан байлаа. Урлаг, спортоор хичээллэж, ирээдүйнхээ ам­­жилтын эхлэлийг тавьсан сурагчдаараа багш нар нь мөн бахархаж байв. Амьдралын ха­туу хөтүүг балчир багадаа амссан ч гэлээ ирээ­дүй­дээ итгэх итгэл, гэгээн сайхан мө­рөө­дөл, хүсэл тэмүүлэл хүүхэд бүрийн нү­дэнд оч­тон гэрэлтэж байгааг харах сайхан бай­даг хэмээн “Өнөр бүл” төвийн багш нар ярьж байв. 

“Өнөр бүл”-ийнхэнд шинэ өргөө бэлэглэе
Хүүхдүүдийнхээ “би”-гийн орон зайгаа мэдрэх орчныг “Өнөр бүл”-ийн удирдлагууд бага багаар бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн тэд хүүхдүүддээ яг л төрсөн гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхүйц орчин бүр­дүү­­лэхийг эрмэлздэг гэнэ. Гэвч 1979 онд ашиг­лалтад орж, өдгөө хэдийнэ үеэ элээ­сэн хуучин байр нь хэчнээн засч тордоод нэмэр­гүй болж эхэлжээ. Тав тухгүй энэ байдал нь хүүхдүүдийг зутраахад хүрдэг байна. Тиймээс тэд хүүхэд бүрт амьдрах тав тухтай орчныг бүрдүүлж, гэр шиг нь тохи­­жилттой байрыг барьж өгөх хандивын аян эхлүүлэхээр болжээ. Энэ ажлыг ард тү­мэн, олон нийтийн хандиваар босгохыг хүсч байгаа гэдгээ тус төвийн дэд захирал Д.Лхагва-Очир хэллээ. Тэрээр “Төсөв хомс, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед бид төрөөс мөнгө нэхэхгүйгээр ард түмнээсээ хандив авч, хүүхдүүдээ шинэ байртай бол­гохыг хүсч байна. Бид энэ асуудлыг су­далсан. Хэрэв иргэд зөвшөөрөөд НӨАТ-ын урам­шууллын буцаан олголтод авах мөнгөө бидэнд хандивлавал энэ нь хамгийн том тус болно. Хүмүүс хүүхдүүдэд маань тусламж өгөхийг их хүсдэг. Ихэнхдээ чихэр, хувцас хэрэг­лэл өгнө. Энэ нь мэдээж сайхан сэт­гэлийн тус боловч түр зуурынх юм. Тиймээс насан туршийн хөрөнгө оруулалт хийж, хайр, энэрлээр дутаж яваа хүүхдүүдэд тус бо­лохыг хүсдэг бол хандивын аянд маань нэг­дэж, хамтдаа хүүхдүүдээ шинэ байртай болгоё гэж уриалмаар байна” хэмээн ярьсан юм. Зуу гаруй хүүхэд шуугисан “Өнөр бүл”-ийн­хэнд шинэ өргөө барьж өгөхөд болохгүй нь юу билээ. Дэлхийн улс орнуудад бол хандив, тусламжаар  нийгэмд тустай ийм буяны үйлс, хандивын үйл ажиллагааг ам­­жилт­­тай зохион байгуулдаг туршлага зөндөө бий. 
Тус төвд баяр ёслолын үеэр гаднаас хүмүүс ирж бэлэг өгөх, хандив өргөх нь элбэг аж. Биднийг өрөөгөөр зочлох үед “Turkish Airline” компанийн хамт олон жижиг онгоцон чих­­­мэл хүүхэд бүрт бэлэглэжээ. Мөн шинээр байгуулж буй хүүхдийн тоглоомын өрөөг “JTL” барилгын компанийн ажилтнууд бу­даж, тохижуулж өгчээ. Тоглоомын тоо, тө­рөл одоогоор тун цөөхөн байлаа. Харин уг өрөө­ний эсрэг талд компьютер, мэдээлэл зүйн өрөө байдаг аж. 105 хүүхэд ээлжилж суу­даг гэхэд ердөө хоёрхон компьютертэй гэнэ. Хүүхдүүд дээд тал нь 40 минут суудаг гэнэ лээ. Зарим хүүхэд бүр компьютер, мэ­­дээ­­лэл зүйн өрөөг ашиглаж ч үзээгүй гэдгээ ярьж байв. Мөн охидын хэрэгцээ, нас­ны онц­логийг харгалзан ариун цэвэр, угаал­гын өрөө шинээр тохижуулахаар зас­варын ажил ид өрнөж байв. Тус өрөөг хандив дэмжлэгээр тохижуулж байгаагаа дурдсан юм. “Өнөр бүл” төвийн дэд захирал Д.Лхагва-Очирын хэлсэнчлэн хандив, тус­ламж өгөхийг хүсвэл эх­лээд тэдэнд юу хэрэг­тэй байгааг судалж, түүнийг нь өгөх нь зүгээр санагдсан шүү. Хүүх­дүүд тохилог, тав тухтай байранд төр­сөн гэр шигээ орчинд амь­дарч, өөрийн гэсэн юм өмчилж, хамгаалж тө­лөвших нь мэдээж тус­тай. Тэр хэрээрээ ний­­гэм, олны дунд биеэ зөв авч сурдаг бо­лов уу. 105 хүүхэдтэй өнөр өтгөн нэгэн айл өрх “Өнөр бүл” асрам­жийн төв өргөн ол­ны­­хоо хайр ивээл, хандив тусламжаар тун удах­­гүй шинэхэн өргөө­тэй болох биз ээ. Тэр цагт бид энэхүү өнөр бүлийн инээд цалгиж, хайр гэрэлтсэн амьдралыг эргэн сурвалжлах болно оо. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.