Ливичүүд амаа барьж байна

2016.12.07 Лхагва №109 (2140)

-Тэд үнэндээ “Арабын хавар”-ыг хүсээгүй-

2010 оноос хойш Хойд Африкийн орнуудад ээлж дараалан гарсан хувьсгал одоо ужгирах тал руугаа ханджээ. Египет, Тунист байдал арай гайгүй, улс төрийн аргаар хямралаа зохицуулах гэж оролдож байгаа бол Ливийн байдал маш хүнд байна. Иргэний дайн эхлэхээс өмнө, барууны орнууд М.Каддафийг түлхэн унагахын тулд маш их анхаарал тавьдаг, хэвлэлүүд хүний эрх зөрчигдсөн гэх мэт фактыг дуун дээр шүүрэн авч дэлхий нийтийн сонорыг мялаадаг байв. Харин одоо байдал өөрчлөгдөж, барууны хэвлэлүүдэд энэ улсын талаар мэдээлэхээ бараг больжээ. Хувьсгал хийгээд бүх юм нь сайн сайхан болсон учраас бичих юм гарахаа байсан гэвэл түүн шиг худал юм байхгүй. Тэнд иргэний дайн үргэлжилсээр, хүний амь үрэгдсээр л байна. Энгийн иргэд хуучин цагаа санагалзаж, хувьсгал хийсэндээ харамсахын хэрээр М.Каддафийн талыг баримтлагчдын нөлөө бэхжиж, Засгийн газрын эсрэг шинэ хүчээр эрслэн босч байна. Зөвхөн тэд ч биш, шинэ эрх баригчдыг хүлээн зөвшөөрдөггүй өөр олон бүлэглэл гэнэт бий болж, Засгийн газрын эсрэг тэмцэж байна. Хэдхэн жилийн өмнө цэцэглэн хөгжиж байсан энэ улсын нийслэл Триполи хотын гудамжинд өнөөдөр танк хөлхөлдөж, ялагчгүй дайн үргэлжилсээр. “Өөрсдөө ч мэдэлгүй” нэг л өдөр хувьсгал хийчихсэн тэд одоо хуучин цагаа санагалзан харамсч сууна. Дайн эхлэхээс өмнө Ливи улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тивийнхээ улсуудын дунд хамгийн өндөрт тооцогдож байлаа. Хэдий тийм ч гэсэн улс орон хөгжлийнхөө дөнгөж гараан дээр ирээд байна гэж тооцогдож байсан нь гайхалтай. “Газрын тосноос орж ирсэн орлогыг хүүхдээс хөгшдөд хүртэл хүртээмжтэй тараах бөгөөд энэ мөнгө ажил хийхгүй байсан ч тохилог байр, тансаг машин авч, хангалуун амьдрахад хүрэлцэнэ” гэж Ливид ажиллаж байсан гадаадын мэргэжилтнүүд баруундаа очоод ярьдаг байв. Улс орныг хөгжүүлэх төлөвлөгөө баталсан, энэ төлөвлөгөө ёсоор 2010 онд олсон орлогынхоо ихэнхийг эвслийн цэргийнхэнд бөмбөгдүүлсэн зочид буудал, жуулчдад зориулсан цогцолбор барих ажилд зарцуулжээ. Нөхцөл байдал тайван байх үед хийсэн нэгэн мэдэгдэлдээ М.Каддафи улсаа 2012 он гэхэд “Жуулчдын Мекка” болгоно гэж амалж байв. Яг чин үнэнийг хэлэхэд, хурандаа Хойд Африкийн зарим оронд байсан (заримд нь одоо ч байгаа) шиг стандарт бус аргаар (Тунисын Бен Али, Суданы Омар Башир, Зааны ясан эргийн Л.Гбагбо нар шиг) төрийн эрхийг олон жил барьсан этгээд биш. Тунис, Египетэд “Facebook” хувьсгал дэгдэхэд барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тухай өрсөлдөн мэдээлж байсан атал нэг л зүйлийг, хувьсгалын амин сүнсийг нь албаар орхигдуулдаг байв. Үнэндээ бол тунисчууд, египетчүүд ч ялгаагүй, ливичүүд шиг амьдрахыг хүсч, ингэж амьдруулахыг удирдагчдаасаа шаардаж байсан билээ. Гэвч тэдний төлөвлөгөөнд АНУ дундаас нь оролцчихсон. Одоо энэ аргаа Ливид үргэлжлүүлж байна.

“Эдийн засгийн ашиг сонирхлыг нь эс тооцъё. Тэгвэл дотоодын зөрчилтэй байдал АНУ-ын энэ ойлгомжгүй байдлын шалтгаан байж болох юм” гэсэн дүгнэлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хийж байна. “Энгийн ард иргэдийг хамгаалах” нэрийн доор Б.Клинтон Белградыг, Ж.Буш Афганистан, Иракийг, Б.Обама Ливийг бөмбөгдсөн. Логик хаана байна. Хаана ч байхгүй, зөвхөн Америкийн дотоодод л байна” хэмээн тэрээр онцолсон юм. Дэлхий дээр болж буй бүх л эмх замбараагүй байдал, үл ойлголцол, тэр тусмаа иргэний дайн Вашингтон, Цагаан ордны өрөөнүүдэд боловсрогддог гэсэн хатуу үгийг тэрээр хэлж чадсан билээ. Хувийн өмч, нийгмийн ардчилалд тулгуурласан улсыг байгуулж байгаа тэд өмч хөрөнгийг нийтийн өмч болгож байсан коммунист нийгмийг явцгүй нийгэм хэмээн номлож, энэ нь ч батлагдсан. Гэтэл тэд өөрсдөө нефтийг нийгмийн өмч болгохыг үргэлж оролдож иржээ. Нэгийг яриад нөгөөг хийдэг тэдний энэ үйлдлийг өөрт байхгүй баялгаа бусадтай нийлэн дээрэмдэж авах гэсэн увайгүй бодлого гэж үзэхээс өөр яах билээ.
АНУ-ын сүүлийн гурван Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Ричард Пёрл “Дэлхий дээр иргэний дайн, эмх замбараагүй байдал, айдас хүйдэс, болгоомжлолтой байдал ноёлох ёстой. Гэхдээ мэдээж АНУ-аас бусдад нь. Тэгж байж л америк доллар тогтвортой ханштай байна, засгийн газрын бонд найдвартай гэж тооцогдоно” гэж номложээ. Үүнээс үзвэл, яг одоо Триполид Засгийн газрын эсрэг тэмцэж байгаа аль Гвейлийн Халифууд гэх зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийг ч тэд бий болгосон байж мэднэ. Үймээн самуун, эмх замбараагүй байдлыг аль болох удаан үргэлжлүүлэхийн тулд. Энэ хооронд Ливийн нефть АНУ, Франц гэх мэт Ливийн байдлыг төвшитгөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн улсууд руу урсах нь мэдээж. Тэд оронд нь зэвсэг өгч байгаа. Харин тэр зэвсгээр нь ливичүүд бие, биесээ хөнөөнө. Аль болох их газрын тос өгөөд оронд нь зэвсэг авахын тулд тэд орд газруудын төлөө цуст тулаан хийж байна.  

ХУВЬСГАЛААС ӨМНӨ ЛИВИЧҮҮД ХЭРХЭН АМЬДАРЧ БАЙВ
-Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 14192 ам.доллар.
-Улсын иргэн бүр жилд 1000 ам.долларын ноогдол ашиг хүртдэг. 
-Ажилгүй хүн сар бүр 730 ам.долларрын тэтгэлэг авна.
-Шинээр төрсөн хүүхэд болгонд улсаас 7000 ам.долларын хадгаламж нээж өгдөг. 
-Шинээр гэр бүл бологсдод орон сууц худалдан авахад нь зориулж 64000 ам.доллартай тэнцэх мөнгийг олгодог.
-Иргэн бүр гарцаагүй байдал гарсан үед улсаас 20000 ам.долларын нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх эдэлнэ.
-Боловсрол, анагаахын салбар үнэ төлбөргүй
-Ливи иргэн гадаадад боловсрол эзмшихээр болбол зардлыг нь улсаас даана. 
-Эмийн сангууд нь тусгай зөвшөөрөлтэй иргэдийг үнэгүй эм тариагаар хангах үүрэгтэй. Харин хуурамч эм үйлдвэрлэсэн тохиолдолд цаазаар авах шийтгэл ноогдуулна.
-Байр орон сууцны ашиглалтын төлбөр, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр гэж үгүй. 
-Спирт агуулсан бүтээгдэхүүн худалдаалж болохгүй. Хуурай хууль үйлчилдэг. 
-Нэг литр бензин 14 центийн үнэтэй.
-Иргэн шинээр машин худалдан авах бол төлбөрийн талыг улсаас хийдэг. 
-Гүний усыг гадарга дээр гаргаж ирэн цөлийг усжуулах суваг нь Гиннесийн номд “Хамгийн нүсэр төсөл” хэмээн тэмдэглэгдсэн.  

Хар тамхины хүчээр хийсэн хувьсгал

“Хувьсгалыг архигүйгээр хийнэ гэдэг сэлүүргүй завиар далай гатлахтай адил” гэсэн үг бий. Архи авах мөнгөгүй учраас В.Ленин Октябрийн хувьсгалыг хийхдээ бүлгэмийнхэндээ цоохор мөөг түүхийг тушааж, энэ түүхий эдээрээ архийг орлуулж байсан гэдэг. Харин Ливийн хувьсгалд архи биш хар тамхийг ашиглажээ. Тэгвэл “Хуурай хууль” жинхэнэ утгаараа үйлчилдэг, хар тамхи байтугай шар айраг олж уухад хэцүү лалын шашинт энэ улсад хар тамхи хэрхэн орж ирсэн хэрэг вэ. Эмх замбараагүй байдал дөнгөж эхэлж байсан үед Бенгази хотод очсон гадаадын жуулчдын бичиж байсан сэтгэгдлийг сонирхоцгооё.
“Ливид ажиллах хугацаа дууссан учир бид хоёрдугаар сарын 18-ны нислэгээр Бенгазид очсон юм. Гэтэл 19-ний өглөө, бүгд ажлаа хийж байх ёстой цагаар гэнэт эмх замбараагүй байдал эхэлсэн. Хар тамхинд мансуурсан хэсэг бүлэг залуус гудманд үзэгдэж эхэлсэн бөгөөд замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэж байлаа. Бид юу болоод байгааг ойлгоогүй ч ямар нэг таагүй зүйл болох нь гэдгийг мэдэрч байлаа.Тэдгээр залуус мод бутыг шатааж байсан бөгөөд хотын цэцэрлэгт хүрээлэн бидний нүдэн дээр устсан даа. Харин эдгээр хилэнт хүмүүсийн урсгал гадаад ажилчдын байр руу чиглэхэд л байдал биш болсон гэдгийг баттай ойлгосон. Удалгүй телевизээр ч мэдээлсэн. Гэхдээ барууны сувгууд засгийн газрын цэргүүд Бенгази хотыг пуужингаар харваж, агаараас бөмбөгдөж байгаа тухай нэвтрүүлж байхыг үзээд үнэхээр гайхсан.Учир нь тэр үед буун дуу ч сонсогдоогүй байсан үе”.
“Энэ хувьсгал бол жинхэнэ хувьсгал биш ээ. М.Каддафи цэргүүддээ буудахгүй байх тушаал өгсөн байсан, бүр болохгүй бол анхааруулаад хөл рүү нь бууддаг олон улсад мөрддөг тогтсон нийтлэг дүрмээр л явсан. Онцгой байдал зарлаагүй байсан гэдгийг дахиад онцолъё. Гэтэл энэ үед босогчид гэнэт орчин үеийн зэвсэгтэй болчихсон байсан бөгөөд тэдний ихэнх нь өсвөр насны жаахан хүүхдүүд байсныг бодохоос өр өвдөнө. Эмнэлэг, шарил хадгалах газарт ирж байгаа босогчдын халааснаас 500-1000 ам.доллараар үнэлэгдэх хар тамхи гарч байв.Тэдэнд хаанаас тийм их мөнгө байх билээ”.
“М.Каддафид улс орон жолоодох урлагаас суралцах зүйл их байсан гэдэг нь маргаангүй. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, 2006 оноос хойш хаалгаа барууныханд нээсэн гэдгийг та бүхэн мэднэ. Үндэстэн дамнасан корпорациуд Ливид үйл ажиллагаа явуулах болж, одоо босогчдын эвдэн сүйтгээд байгаа дэд бүтэц баригдсан юм шүү дээ. Ливи бол олон ястны өлгий нутаг. Хэмжээгүй эрхт хаан болох хүсэлтэй овог отгийн толгойлогчид энд зөндөө бий. М.Каддафи бол “хүй нэгдлийн үеэсээ холдоогүй” тэдний дэргэд боловсрогдсон удирдагч байсан гэдгийг АНУ-ч хүлээн зөвшөөрч байсан цаг саяхан” хэмээн түүхч Николай Стариков ярьж байна. 2014 онд иргэний дайн хэрхэн эхэлснийг санахад л энэ ойлгомжтой. 

Зөвхөн тоо, баримт

-Хувьсгалд ашиглахаар Ливид авчирсан 150000 хууль бус цагаач иргэд эдүгээ Европт оччихсон хавь ойрынхныгоо айдас хүйдэст автуулж байна. Учир нь тэд Африкийн хамгийн буурай хөгжилтэй орнуудаас очсон юм.
-Зарим нэг баримтаас үзэхүл Ливи улс дэлхийн нефтийн хэрэгцээний 10 орчим хувийг дангаараа хангах бололцоотой аж.
-М.Каддафиг хөнөөснөөс хойш Ливид сайн сайхан болсон уу гэвэл үгүй. Тэнд байнга халдлага гарч байгаа. АНУ-ын ЭСЯ руу хийсэн халдлага, Элчин сайд Кристофер Стивенсийн үхэл энэ бүгд Ливийн ард түмэн хоёр хуваагдсан, хэзээ ч эвлэрэхгүй гэдгийн илрэл. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.