Үр дүн нь үргэлжлэх “Боловсролын чанарын шинэчлэл”

2016.12.07 Лхагва №109 (2140)

Боловсролын чанарын шинэчлэлийн төслийн талаархи сурвалжлага үргэлжилж байна. Бид энэ удаа Багануур дүүргийн 125 дугаар сургуулийг онцоллоо. “Бага ангийн сурагчдын эх хэлний чадварыг сайжруулах нь” гэсэн сэдвийн дор  тэтгэлэг авч, тэр нь амжилттай хэрэгжээд, зургадугаар сарын нэгний өдөр дууссан аж. Аливаа нэгэн сайн үйлийн үр дагавар үргэлжилдгийн адил энэхүү төслийн хэрэгжилтийн үр дүн тус сургуульд одоо ч сайнаар үлгэрлэн, тус сургуулийн үйл ажиллагаа, үзэл сурталд шингэн үлдсэн байдаг талаар Багануур дүүргийн 125 дугаар сургуулийнхан ярьсан юм. Мөн тус сургуулийн ахмад багш нар “Сурагчдыг хөгжүүлэх, сайн хүн болж хүмүүжүүлэх, эх орноо гэсэн сэтгэл зүтгэлтэй, ирээдүйн сайн эцэг эх бэлдэхийн тулд уран зохиол, аман зохиолын хичээлийг маш сайн сургах хэрэгтэй байдаг. Тэрхүү үлгэр, тууж,  зохиолын  баатрын амьдрал, ухаарал, алдаанаас хүүхдүүд нэгийг тунгааж, хоёрыг боддог юм. Мөн ном их уншсанаар үгийн баялаг нэмэгдэж, зохиох, туурвих, ярих чадвар хөгждөг. Шүлэг цээжилж үлгэр сонсож өссөн хүний төсөөлөн бодох чадвар далай мэт гүн болдгийг ч дурдмаар байна. Ер нь хүүхэд бичих хичээлдээ сайн байвал бусад хичээлдээ хоцроод байдаггүй юм шүү дээ. Тиймээс манай сургууль “Бага ангийн сурагчдын эх хэлний чадварыг сайжруулах нь” сэдвийн дор хөтөлбөр хэрэгжүүлсэн юм гэлээ.

Сурагчид төдийгүй багш нарын ур чадвар дээшилсэн 

Сурагчдын эх хэлний чадварыг сайжруулах, хичээнгүй цэвэр бичих, тод, уран унших, ярих, жүжиглэх чадварыг нэмэгдүүлэх нь уг төслийн зорилго байв. Үүнд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид хамрагджээ. 
Энэ ажлын хүрээнд сурагчид өөрсдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон эх сонгон авч, түүнийгээ зөв, сайхан, хичээнгүй бичиж,  эхийн гол санааг үйл хөдлөлөөр илэрхийлэх, тухайн эхээ зөв, уран унших, ярих, бүр шаардлагатай бол цээжлэх, төгсгөлийг нь өөрчлөн зохиох, өөрийн үгээр илэрхийлэх, жүжиглэх зэргээр уншсан эхээ ухан ойлгох ажлууд хийжээ. Ингэхдээ хүүхдүүд студид бичлэг хийлгэж, өөрийгөө сорих, авьяасаа нээх хөгжүүлэхийг давхар зорьжээ. 
Ингэснээр сургууль радио нэвтрүүлгийн буюу студийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй болж, сурагчид өөрсдийн уншсан, цээжилсэн, бичиж, сурсан эхээрээ жүжигчилсэн тоглолт хийж, студийн тоног төхөөрөмжийг ашиглаж сурах, завсарлагаанаар шүлэг унших, жүжигчилсэн тоглолт нэвтрүүлэх, эх зохиож, түүнийгээ микрофоноор ярьдаг, ашигладаг чадвартай болох, улмаар энэ нь  багш нар арга зүйгээ сайжруулан, ур чадвараа дээшлүүлэх зэрэг ололттой байсан талаар тус сургуулийн бага ангийн багш нар хэллээ. 
Төслийг хэрэгжүүлэх явцдаа хичээнгүй цэвэр сайхан бичих чадварыг сайжруулахаар “Норовын намтар”, “Миний нутаг” шүлгүүд, “Манжин”, “Өнхрүүш”, “Муурын байшин”, “Мэдэмхий борын үлгэр”, Канадын хүүхдийн үлгэр, “Эрэл” хүүхдийн жүжгийг хуулан бичсэн байна. Ингэхдээ зөв бичгийн дүрмийг хүүхдүүдэд цээжлүүлэх, өвөрмөц, адил бичигддэг үгийг түүх зэргээр эх дээрээ ажилласан гэнэ. Мөн үүний дараагийн хэсэг болох ухаарч уншиж чадварыг сайжруулах ажлын хүрээнд бас л сурагчид нэгэн эх сонгон уншаад, түүнээс мэдэхгүй үгийг түүн тайлбарлаж, эхээ минутаар унших дасгал хийн, унших чадвараа сайжруулахын зэрэгцээ, үгийн баялагаа ахиулжээ. Үүний үр дүнд хүүхдүүдийн унших чадвар төсөл хэрэгжээгүй байсан үеийнхтэй харьцуулахад 20.9 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Ийнхүү унших чадвар нь өссөн гурван ангийг шалгаруулж урамшуулжээ. 
Хүүхдүүдийн эхийг цээжлэх, зохиох чадварыг сайжруулахдаа сонгосон эхийн агуулгыг ярих, зарим хэсгийг өөрчлөн бичих, оюуны зураглал хийх, төсөөлөн бодох арга сурах, хэсэгчлэн цээжлэх аргаар эхийг бүрэн цээжлэх, студид бэлтгэх, эхийн санааг алдагдуулахгүй өөрчлөн найруулан бичих, төгсгөлийг мөн өөрчлөн, тэр хэсгийг зургаар илэрхийлэх, таалагдсан дүрээ уран, тод, чангаар унших, өөрийн дуу хоолгойгоор ямар нэгэн хэсгийг уншиж бичлэг хийлгэх, түүнийгээ сонсож алдаагаа засах ажлуудыг хийж өөрийгөө нээн, эх зохиох чадвараа хөгжүүлж байгаа аж. 

Жүжигчин болох их хүслийг бадраасан нь 

Энэхүү төслийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлын хамгийн чухал хэсэг болох ярих болон жүжиглэх авьяас чадварыг сайжруулах ажил юм. Үүнд сурагчид ямар нэгэн зохиолын дүрийг сонгон, түүндээ хувиран жүжиглэх, шүлгийн үйл явдал, баатрын зан араншинд тохирсон байдлаар уран унших, дүрд тохирсон хувцас, төрөл бүрийн материал ашиглан хурууны хүүхэлдэй хийх, түүндээ дуу оруулан жүжиглэх, ингэхдээ тухайн үйл явдалдаа тохирсон дуу чимээ, фонаграмм бичүүлэх зэргийг хийжээ. 
Энэ тухай тус сургуулийн уран уншигч сурагчаас асуухад  “Би том болоод багш болно гэж боддог байсан. Гэтэл өнгөрсөн жил намайг хоёрдугаар ангид байхад манай сургууль дээр нэг ажил зохиогдож би жүжигт  тоглосон. Тэрнээс хойш жүжигчин болохыг мөрөөддөг болсон. Тэр жүжиг нь маш том манжингийн тухай үлгэр юм. Би тэр үлгэрийн эмгэний дүрд тоглосон. Харин өвгөн, ач охин, нохой, муур, хулгана зэрэг амьтдын дүрийг манай ангийн хүүхдүүд бүтээсэн. Тэгэхэд бид орос хүн шиг харагдах шаардлагатай байсан учир урт хээтэй хувцаснууд өмсөж, тариан талбайд байгаа юм шиг орчин ангидаа бүрдүүлсэн. Бас үхэр мөөрөх зэргээр аж ахуй эрхэлдэг айлыг гаргах хэрэгтэй гэж багш хэлсэн” гэлээ.
Мөн хүүхдийн суралцах чадвар, хандлага, авьяас чадварыг хөгжүүлэхэд дөрвөн чиглэлээр 41 сонгон дугуйланд 1216, сэтгэхүй хөгжүүлэх сонгонд 31 төрөлд 895, эрүүл мэнд бие бялдар хөгжүүлэхэд 183, авьяас чадвар хөгжүүлэхэд 90 хүүхэд хамрагдсанаас гадна хүүхдүүдийн хөгжмийн боловсролд зориулж дөрвөн төрлийн хөгжмийн зэмсэг худалдаж авсан  гэнэ. Харин багшийн ур чадвар арга зүйг тасралтгүй дээшлүүлэх зорилгын хүрээнд багш нарыг сургалтад хамруулж, тэдний хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн аж. Хэрэгжилтийн төгсгөлд  хичээнгүй бичгийн үзэсгэлэн  гаргаж, утга мэдэхгүй үгийн тайлбар гаргаж, тэдгээр үгнүүдээрээ “Та Таа тунгаа” тэмцээн зохиож, сургуульдаа тайлан тоглолт хийх зэргээр хөтөлбөрийнхөө хэрэгжилтээ дүгнэжээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.