Н.Төгсцогтын өрсөлдөгч Герман Мераз гэж хэн бэ

2016.12.07 Лхагва №109 (2140)

МУГТ Н.Төгсцогт нөгөөдөр мэргэжлийн боксын найм дахь тулаанаа Мексикийн боксчин Герман Меразтай хийнэ. Өрсөлдөгч нь мэргэжлийн рингэнд зуу шахам тулаан хийсэн туршлагатай тамирчин байгаа учир энэ тулаан Н.Төгсцогтын хувьд өмнөх тулаануудаас нь илүү өндөр төвшний, жинхэнэ хүч чадлыг нь шалгасан нөхцөлд өрнөнө гэж ажиглагчид үзэж байгаа юм. 

Энэхүү тамирчны талаархи мэдээллийг цуглуулснаа уншигчидтайгаа хуваалцъя.
Герман Мераз нь 1986 онд төрсөн, энэ жил 30 настай. Тэрээр мэргэжлийн боксын анхны тулаанаа 2005 онд 19 настай байхдаа хийснээс хойш нийт 96 удаа рингэнд гарч 55-д нь ялалт байгуулжээ. 39 ялагдахдаа долоон удаа л нокаутаар ялагдсан гэхээр “эрүү чангатай”, муугүй боксер гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Түүнтэй нударга зөрүүлж байсан боксчдоос манайхны сайн таних нь сонирхогчдын боксын 2007 оны дэлхийн аварга, 2005, 2011 оны хүрэл медальт Раши Уоррен байна. Тэдний тулаан үндсэн цаг дуустал үргэлжилж, шүүгчийн саналаар америк тулаанч ялжээ. Мөн WBC, WBA-ын дэлхийн аварга Хюго Руизтай тоглоод үзэж. Чансааны хувьд манай боксчноос доогуур эрэмбэлэгдсэн ч (Н.Төгсцогт 76-д, Г.Мераз 287-д буй) маш сонирхолтой тулаан болно гэдгийг дээрх баримтууд харуулж байгаа юм. Н.Төгсцогтын мексик боксчинтой хийх энэ удаагийн тулаан Америкийн цагаар арванхоёрдугаар сарын 8-ны орой 19:00 цагт, Монголын цагаар арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 11:00 цагт эхэлнэ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.