С.Карякин: Би аваргын төлөө дахиад өрсөлдөнө

2016.12.07 Лхагва №109 (2140)

Шатрын дэлхийн аварга цолны төлөөх М.Карлсен, С.Карякин нарын халз тоглолт өндөрлөөд хэд хоносон ч дуулиан нь тасрах болоогүй байна. “АЭ” энэ удаа ялагдсан ч гайхалтай тэмцэл харуулсан орос их мастерын яриаг хүргэж байна.   

-Сергей, халз тоглолт өндөрлөсний дараахь ёслолын ажиллагаан дээр танд маш гоёмсог мөнгөн медаль гардуулж байгаа харагдсан. Энэ мөнгөн медаль, шагналын 400 мянган ам.доллар хоёрыг эс тооцвол танд энэ тоглолт юу өгсөн бэ?
-Материаллаг шагнал бол сонин биш л дээ. Дурсгалтай өргүүд л хамгийн чухал нь. Бидний тоглолт хожим олон жил яригдаж, судлагдах байх. Тодорхой нөхцөл байдал, шийдлүүд нь номд ч бичигдэнэ гэдэгт итгэлтэй байна. Сайн тоглосон болохоор би хожигдсондоо харамсахгүй.  

-Та сонгодог шатрын гурав, дөрөв дэх өрөг, блицийн хоёр дахь өрөгт гарцаагүй хожигдох байдлаас тэнцээ авч чадсан. Үнэхээр мундаг байсан шүү?

-Тэр өргүүдэд хамгаалалт муугүй байсан нь үнэн. Гэхдээ би азанд найдаж тоглодог хүн биш шүү. Жишээ нь, наймдугаар өрөгт байгуулсан ялалт сайтар бодсоон төлөвлөгөөний дагуу ирсэн. 

-Нью-Йоркт болсон тоглолтын дараа та илүү хүчирхэг болсон уу? 
-Юуны түрүүнд, надад өндөр төвшний халз тоглолт хийх туршлага дутуу байсан. М.Карлсен гурван удаа тоглоод үзчихсэн бол би үзээгүй байсан. Харин одоо би туршлагатай болчихлоо. Надад уг нь ялах боломж байсан. Даанч зөв ашиглаж чадсангүй.   

-Халз өрсөлдөгчдийг интернэтээс бүрэн тусгаарласан нь Нью-Йоркийн тэмцээний нэг гол онцлог боллоо. Ийм үед та эх орон нэгтнүүдийнхээ дэмжлэгийг мэдэрч байсан уу?
-Мэдэрч байсан. Орост миний тоглолтыг ингэж анхаарч байгааг мэдрэх маш таатай байлаа. Над руу маш олон хүн бичсэн, бас залгаж байлаа. Харамсалтай нь, хариу өгөх боломж байгаагүй л дээ. Элэг нэгтнүүдийнхээ агуу их дэмжлэгийг хангалттай мэдрэх хэмжээний олон тоотой дуудлага, цахим зурвас ирсэн байсан гэдгийг хэлье. Би үүнд баярласан, энэ нь тоглолтод эергээр нөлөөлсөн.  

-Та олонхийн таамаглаж байснаас хамаагүй сайн өрсөлдөөн үзүүлсэн. Гэхдээ өөрөөс нь асууя. Бололцооныхоо хэчнээн хувийг ашигласан бэ?
-90 хувиас хэтрээгүй байх. Хэрвээ боломжоо 100 хувь ашигласан бол би энэ халз тулаанд ялах байсан. Сонгодог шатрын сүүлийн өргүүдэд яагаад ч юм бэ, нэг л болж өгсөнгүй. Ялалт байгуулсан наймдугаар өрөг, түүний дараа болсон ес дэх өрөгт ч надад ялах боломж хангалттай байсан. Хожигдсон арав дахь өрөгт ч өрсөлдөгчөө шаглаад тэнцэж дуусах боломжтой байлаа. Наймдугаар өргийн дараачаас М.Карлсены сэтгэл санааны байдал тогтворгүй болж ирсэн учраас бүгд л намайг ялна гэж ярих болсон. Гэхдээ М.Карлсен гурав, дөрөв дэх өрөгт хожих боломжоо алдсан болохоор тэнцсэн нь шударга үр дүн байсан л даа.   

-Аваргын төлөөх өрсөлдөгчийг тодруулах дараагийн тэмцээний эхний шатнаас та чөлөөлөгдөж байгаа. Энэ нь танд давуу тал болох байх?
-Тийм ээ, маш их тус болно. Одоо миний өмнө бэлтгэлээ сайн базаах л асуудал байна. Яагаад би аваргын төлөө ахиад өрсөлдөж болохгүй гэж. Тэмцээнд сайн формтой орох л хамгийн чухал байна.   

-Өнгөрсөн гурван долоо хоногт та маш их ядарсан байх. Бас шатраас нэг хэсэгтээ хөндийрөх үү?
-Ингэж ярьж болохгүй л дээ. Би тайван хүн. Мэдээж, ялбал надад сайхан байх байсан. гэхдээ би маш сайн, үнэлгээгээр ярьвал 5- авах хэмжээнд өрсөлдсөн болохоор сэтгэл хангалуун байгаа. Амралт байх нь мэдээж, гэхдээ хоёр долоо хоног л хангалттай. Яагаад гэвэл, оны эцэст би Катарт болох блиц тоглолтын ДАШТ-д оролцоно. 2012 онд аварга цолыг нь хүртэж байсан болохоор энэ удаа цолоо хамгаалахыг маш их хүсч байгаа юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.