М.Билэгт: үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас Хятадаас авах зээлийг сайн судлах ёстой

2016.12.07 Лхагва №109 (2140)

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.

-Эдийн засгийг 18 сарын дотор сэргээнэ гээд хөтөлбөр баталчихлаа. Үнэхээр энэ хугацаанд эдийн засаг сэргэж чадах юм уу. Бүлгийн хурал дээр олон нийтэд мэдээлээгүй баримтууд дэлгэж ярьдаг учраас таныг энэ талаар сайн мэдээлэлтэй байгаа байх гэж бодож байна?
-Монгол Улсын эдийн засаг үнэхээр хүнд байна. Иргэд ажилгүй, орлогогүй, өрхийн орлого хасах төвшинд очсон байдалтай байна. Энэ бол өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газрын явуулж ирсэн алдаатай бодлогоос үүдэлтэй. Түүнээс нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан зүйлгүй. Сүүлийн хоёр жилд эдийн засгийн хямралын эхлэл тавигдаж, одоо бүр хүнд болоод байна. 2017 оны улсын төсвийг батлахад 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Энэ нь урд жилүүдэд авсан зээл, зээлийн хүүний зөрүүтэй холбоотой. Зээлийг авахдаа эргээд яаж төлөх билээ гэдгээ бүрэн тооцоолоогүй. Үүнээс үүдээд өнөөдрийн их хямралын үүд нээгдсэн байна. Нөгөөтэйгүүр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээд 3.8 их наяд төгрөг хэвлэсэн, мөн гаднаас бондууд авсан. Ийм их мөнгө орж ирснээр ард иргэдийн амьдрал дээрдсэнгүй, харин уруудлаа. Одоо эдийн засгийн үзүүлэлт доод төвшиндөө очоогүй байна. Өдөр ирэх тусам эдийн засаг доройтсоор байгаа нь хамгийн том аюул болчихоод байгаа юм. Эдийн засаг дээшилж эхэлж байна даа гэвэл өөр хэрэг шүү дээ. Гэтэл хэзээ хамгийн доод төвшиндөө очих вэ гэдэг нь мэдэгдэхгүй байна. Монгол Улс гаднаас хараат байдалд орох хэмжээнд хүрчихсэн, үндэсний аюулгүй байдал эрсдэлд орох аюултай хэмжээнд байгаа. Тиймээс энэ удаагийн УИХ ард түмний өмнө хариуцлага хүлээж, уран ухаан сийлж, эдийн засгийг сэргээх ёстой. УИХ эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталлаа. Эндээс хамгийн эхлээд, улс оронд цалин тэтгэврийг цаг хугацаанд нь тавих, аж ахуйн нэгжүүдийн ажлыг хөдөлгөхийн тулд хөрөнгө оруулалтын арилжааны зээлүүдийг тавьдаг болох ёстой. Гэхдээ Монголд мөнгө алга. Урд хөршөөс их хэмжээний мөнгө зээлэх байсан чинь Далай лам ирээд бүх зээлээ гацаачихлаа гэх яриа гарч байна. Үүний ард том асуудал бий. 
-Ямар асуудал юм бол?
-Монгол Улс өнөөдөр ямар байдалд орсон бэ гэдэг нь дээрх ярианаас харагдаж байна шүү дээ. Хятадаас мөнгө зээлэхгүй бол Монгол Улс цаашид оршин тогтнохгүй болчихсон юм уу. БНХАУ-ын манайд тавьж байгаа санал нь хатуу болсон. Гэхдээ Монгол Улс Далай ламыг авчирч  сүсэгтэн олонд лекц  уншуулсны төлөө “шантаажинд” орж байгаа бол энэ улс орны тусгаар тогтнол хаана явна вэ гэдгийг бодох хэрэгтэй гэсэн үг. 
18 сарын хугацаанд эдийн засгийг сэргээж, тогтворжуулна гэж байна. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Баялаг ихтэй. Төр засаг зөв бодлого бариад явбал боломж бүрдэнэ. Хамгийн гол нь богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээ яаж төлөх вэ гэдэг нь асуудал болчихоод байгаа юм. 

-Та ард иргэдийн амьдрал дээрдэх бус өдрөөс өдөрт доройтсоор байна гэлээ. Засгийн газар байгуулагдаад таван сар болох гэж байна. Нөгөө эдийн засгийг сэргээх 18 сарын тав нь өнгөрчихөөд байдаг. Ер нь та Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажилд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ?

-Засгийн газар энэ таван сарын хугацаанд бодлогын бичиг баримтуудаа хэлэлцүүлж, батлууллаа. Одоо цааш олон улсын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу, хаанаас зээл авах вэ, эсвэл өөрсдийн нөөц бололцоогоо яаж ашиглах вэ гэдгээ ярьж байгаа байх. Засгийн газрын ажлыг дүгнэхэд эрт байна. Дор хаяж зургаан сар ажилласны дараа ярих хэрэгтэй болов уу. Цагаан сар гэхэд дүн тавигдана даа.
-Түрүүн та Хятадын тал шаардлагаа өндөрсгөсөн гэж байна. Тухайлбал, ямар шаардлага тавьсан бэ?
-Урд хөршөөс зээл авах асуудлыг эргэж сайн судлах ёстой. Яагаад гэвэл, энэ Монголын ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл юм. БНХАУ-аас зээл авлаа гэхэд цаашид үр дүнгээ өгөх салбарт зарцуулах хэмжээнд бодлого барих ёстой. Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий. Нэгэнт улс орны эдийн засаг ийм хүнд болсон үед 2017, 2018 онд төсвийн зарлагаа нэлээд сайн танаж, хойч ирээдүйн залуустаа төсвөө сахилга баттай хүлээлгэж өгөх хэрэгтэй.   
-Урд хөршөөс зээл авалгүйгээр ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад явах ёстой гэх байр суурьтай гишүүд олон байсан. Гэтэл валютын сан манайд ердөө 450 сая ам.долларын зээл өгнө гэх яриа гараад байна. Энэ ямар учиртай юм бэ?
-ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг би дэмжиж байгаа. Тус хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн сахилга батыг илүү боловсронгуй болгох шаардлага гарах юм билээ. Ер нь, төсвийн сахилга батыг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд хүргэснээр цаашид төсөв зөв гольдрилдоо орох юм. Гэхдээ ОУВС-гийн энэ хөтөлбөрт хамрагдвал манайд 450 сая ам.доллар нь олгогдоно гэсэн. Бусдыг нь донор орнуудаас авах юм билээ. ОУВС-гаас тавьж буй шаардлагыг биелүүлсэн тохиолдолд донор орнуудаас зээл авах нөхцөл бүрдэнэ гэсэн. 
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын тулд он гарангуут төсөвт тодотгол хийх шаардлага гарах нь дээ?
-Тийм. Төсөвт тодотгол хийж таарна. Төсвөө илүү сайжруулах тал дээр гишүүдийн олонхи хүлээн зөвшөөрч байгаа. 
-Та бизнесийн салбараас улс төрд орж ирсэн хүн. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт гадны банк оруулж ирэхээр тусгасан байсан. Энэ асуудалд таны байр суурийг сонсмоор байна?
-Монголд дэлхийн хаана ч байхгүй өндөр хүүтэй зээлийг банкууд олгодог. Арилжааны 10 гаруй банк бий. Тэд зээлийн хүүг бууруулчихвал банкууд дампуурчихна гэж ярьдаг. Гэтэл банкнаас гадна Монголын гурван сая иргэн байна шүү дээ. Банкуудын цаад эздийн  ихэнх нь гадны хөрөнгө оруулагчид байгаа. Тэгээд жилд 20-30 хувийн хүүтэй зээл олгож байна. Монголын бизнес эрхлэгчид ийм хүүтэй зээл аваад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Сүүлдээ энэ зээлийнхээ ард гарч чадахгүйд хүрч эхэллээ. Монголд зээлгүй хүн гэж байхгүй. Тэтгэврийн, цалингийн, бизнесийн гээд бүгд зээлийн эргүүлэгт орсон. Тэгэхээр бага хүүтэй зээл олгох нөхцөл бүрдүүлэхийн тулд олон улсад үйл ажиллагаа явуулдаг гадны банкийг оруулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр гадны хөрөнгө оруулагчийг татахын тулд тэдний хөрөнгө оруулалтын санхүүжилтийг найдвартай хадгалах хөрс суурь бол олон улсын банк юм. Гадныхан Монголын банкинд итгэж өгөхгүй байна. Үүнээс гадна Монголын банкуудад найман их наяд төгрөгийн хадгаламж эзэмшигчдийн мөнгө эргэлддэг. Энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн гуравхан хувь. Бодоод үз дээ. Найман их наяд төгрөгөөр баялаг бүтээхгүй, банкинд мөнгө хүүлээд явж байгаа нэг хэсэг байна. Тэгвэл олон улсын банк орж ирвэл жилдээ 10 хувийн хүүтэй л болно. Тэгэхээр 20-30 хувийн зээл аваад бизнес эрхэлж байсан аж ахуйн нэгжийн ачаа хөнгөрнө биз дээ. Бид өнөөдөр Оюутолгойг л ярьж байна. Гэтэл Оюутолгой өдөрт хэдэн зуун тонноор нь уул уурхайн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэгсэн хэр нь Монголд валютын ханш өсөөд, эргэлтийн мөнгөгүй гээд сууж байдаг. Оюутолгойн эргэлтийн санхүүжилтийг Монголын банкаар дамжуулахад гадны банкны салбар Монголд орж ирсэн байх ёстой.  
-Казино байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэж байгаад нам гүм болчихлоо. Эдийн засаг дорой байгаа энэ үед казино байгуулах нь зөв юм уу?
-Казиногийн тухай хуулийн төслийг өмнөх Засгийн газар өргөн мэдүүлсэн юм билээ. Гэхдээ энэ хуулийг яаравчлах зүйл биш гэж харж байгаа. Яагаад гэвэл, казино байгуулагдсанаар гадныхан ирж байнга тоглоод эдийн засагт их хэмжээний мөнгө орж ирнэ гэж байхгүй. Эхэндээ амаргүй л байна байх. Ингээд ярихаар зарим хүн АНУ-д элсэн цөлд казино байгуулаад хөгжсөн гэдэг. Гэхдээ манайд ийм болтол нэлээд хугацаа орох байх. Нөгөөтэйгүүр Казиногийн хуулийг УИХ-аар хэлэлцвэл амаргүй байх болов уу. Казино байгуулах чинь тийм сайхан зүйл биш шүү дээ. Манайхан одоо юм л бол гаднаас мөнгө олъё гэдэг болжээ. Өөрсдийн нөөц бололцоог дайчлах тал дээр ажилламаар байна. 
-Та одоо хэдэн байнгын хороонд харьяалагдаж байна. Энэ дөрвөн жилд ямар чиглэлээр түлхүү ажиллая гэж төлөвлөж байна вэ?
-НББСШУ, Өргөдлийн байнгын хороонд харьяалагдаж байна. Би малчин айлын хүүхэд. Тиймээс малчдынхаа дуу хоолой болж ажиллая гэж бодож байгаа. Тэдний амьдрал ахуйг дээшлүүлэхэд, малын гаралтай түүхий эдийн үнийг сайжруулахад хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох ямар боломж байгаа талаар дуу хоолойгоо хүргэж ажиллана. Хамгийн түрүүнд малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийг босоо тогтолцоогоор төрийн хяналтанд авчрах талаар ажиллаж байна. Малыг эрүүлжүүлнэ гэдэг махыг нь экспортод гаргахтай холбоотой асуудал биш. Малчдыг дэмжихийн цаана Монголын уламжлалт зан заншил, нүүдлийн соёл иргэншлийн асуудал байдаг. Монголыг малчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нөгөөтэйгүүр малчдын малын гаралтай бараа бүтээгдэхүүнийг чанаржуулахад төр анхаарал тавих нь монголчуудыг эрүүл хүнсээр хангах үндэс бүрдэх юм. 1998 онд мал эмнэлгийн салбарыг хувьчилснаас болоод малыг эрүүл болгох бодлого алдагдсан. Тиймээс мал эмнэлгийн анхан шатны салбарыг төр хяналтдаа авах хэрэгтэй. Малын гаралтай түүхий эд Монголын хүн амын гуравны нэгийнх нь амьжиргаа болж байна. 
Өргөдлийн байнгын хороонд 5000 гаруй хүсэлт ирсэн. Ажлын байрыг бий болгох, тогтвортой хадгалах, Туул голын бохирдлыг арилгах талаар ямар арга хэмжээ авах вэ гэх зэргээр иргэдийн ирүүлсэн өргөдлийг хэлэлцлээ. 
-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Би таны улс төрд орох болсон шалтгааныг сонирхмоор байна. Та МАН-д хэзээ элсэв?
-Би 1983 онд намын гишүүн болсон юм. 1981 оны аравдугаар сард эвлэлийн хорооны дарга болж, 11 жил ажилласан. Өөрөөр хэлбэл, МХЗЭ МАН-ын дэргэдэх байгууллага. Одоогийнхоор бол НАМЗХ гэсэн үг л дээ. Намын анхан шатны байгууллагын даргаар буюу залуустай 10 гаруй ажилласан. Олон нийтийн ажил хийж байсан учраас нийгмийн идэвхтэй байлаа. Ингээд байж байтал 1992 онд МХЗЭ татан буугдаж, хувийн хэвшлийн салбар руу орж байсан. Эндээс би нэг л зүйлийг бодсон нь одоо хүртэл цээжинд хадгалагдаж явдаг даа.
-Тэр нь юу юм бол?
-Төрийн албанд ажиллагсад цалин бага байна гэж бодож явдаг бол хувийн хэвшилд ороод ажиллаад үзээч. Яагаад заавал тогтсон цалин авч ажиллах ёстой юм. Үүнийхээ оронд хувийн хэвшилд орж ажиллаад өөрийгөө сорьж болно шүү дээ. МХЗЭ татан буугдаагүй бол би төрд ажиллаад явж байх байсан. Орон тооны цомхотголд орсон учраас цаашид амьдралаа яаж авч явах вэ гэж бодсоны эцэст хувийн хэвшил рүү орж, юм оёж, ганзагын наймаа хийн, гахай үүрч эхэлсэн. Энэ бизнес маань цэцэглэсээр өнөөдрийн төвшинд иржээ. Одоо би 1000 гаруй иргэнийг ажлын байраар хангаж байна. Энэ бол нэг талаараа миний өмнө нь олон нийтийн ажил хийж, залуусыг удирдаж явсны ач тус юм.
-Ганзагын наймаа хийгээд намын ажлаас нэг хэсэг хөндийрчээ дээ. Эргээд намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн үе тань хэдэн он бэ?
-1992-1996 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд ганзагын наймаа хийж, Монголд бараг байдаггүй байсан. Харин 1996 оноос суурин болж, бизнесээ эхлүүлсэн юм. Энэ үеэс Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн ажилд оролцож, УИХ, орон нутгийн сонгуульд МАН-ынхаа штабт ажиллах болсон. 
-Та өөрийгөө 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, амьжиргааг нь залгуулж яваа бизнесмэн хүн гэлээ. Нэг ёсондоо өөрөө өөртөө баялаг бүтээжээ. Энэ баялгаа өргөжүүлээд дуртай ажлаа хийгээд явж болохгүй байсан уу. Таны улс төрд орох шалтгаан юу байв?
-Хүн ажил хийж амьжиргаагаа залгуулахын хажуугаар нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог байх ёстой юм билээ. Би үүнийг дунд сургуулийн сурагч байхаасаа мэднэ. Нийгмийн салбарт ажиллаж ирсэн учраас би хоногийн хоолоо болгохын тулд бус энэ нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэж ажиллах ёстой гэж боддог. 
-Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагаанд та хэр идэвхтэй оролцдог вэ. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо харьцангуй бага байдаг. Уг нь шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд олон байвал нийгэмд тулгамдаж буй олон асуудал шийдэгдэх байх л даа?
-Эмэгтэй хүн олон нийтийн ажилд оролцоход амаргүй. Яагаад гэвэл, хүний хань болж үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ. Эмэгтэй хүн улс төрд ороход эрчүүдээс хоёр дахин илүү ачаалал дааж гарч байж улс төрд хөл тавьдаг юм байна. Би бизнесээ хийж, ахиж явсаар тодорхой хэмжээнд амжилтад хүрсэн. Ард иргэдийн амьжиргаагаа авч явахад учирч байгаа бэрхшээлийг даван туулахад хууль эрхзүйн орчныг амьдралын бодит туршлага дээр үндэслэн сайжруулах шаардлага гардаг юм байна. Энэ амьдралыг туулаагүй хүн хөрсөн дээр буусан заалтыг оруулж чадахгүй. Тиймээс төрийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүйгээр амьдралаа авч явж буй иргэдийн дуу хоолой болох юмсан гэж би боддог. 
-Танай намын бүлэг дээр яам, агентлагийн дарга нарын томилгоог хэлэлцсэн байсан. Тэнд таны оролцоотой хийгдсэн томилгоо байна уу?
-Байхгүй. Тодорхой хэмжээнд санал тавьсан зүйл бий ч шийдэгдээгүй. Заавал шийдэх ёстой гэж гомдоллоод яах юм бэ. Ер нь, төрийн албанд 180 орчим мянган хүн ажиллаж байна. Заримыг нь хольж, солих зүйл гарч байгаа. 65 гишүүн бүгд үүнийг сольё гээд байвал төрийн албанд хуучин байсан хүмүүс үлдэхгүй болно. Тиймээс үүнд хязгаартай байгаа. Төрийн албанд мэргэших ёстой байх. Гэхдээ илүү мэргэшиж чадаагүй хүмүүсийг сольж байх ёстой гэж боддог. 180 мянган хүн насаараа төрийн албанд ажиллаад төрөөс цалин, тэтгэмж аваад явж байх ёстой юу. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийг ч оруулж, хольж, солимоор л байна шүү дээ. Аливаа зүйлд ээлж, дараа байх ёстой. Үүнд заавал намын харьяалал гэж байх ёсгүй.  
-Ярилцсанд баярлалаа.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.