Ш.Гунгаадорж: хадлан тэжээлээ 80 хувьтай бэлтгэсэн нь сайн үзүүлэлт биш

2016.11.30 Лхагва №108 (2139)

Ирэх сарын сүүлийн 10 хо­ногт огцом хүйтэрч, 2017 оны нэг, хоёрдугаар сар болон хаврын саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх, хаваржилт хүндэрч болзошгүй талаар цаг уурын байгууллагаас урьдчилан сануулж буй. 

Тиймээс бичин жилийн өвлийг хэрхэн өнтэй давах талаар Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хө­дөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономич Шаравын Гунгаадоржтой ярилцлаа.
-Манай улсад сүүлийн 10 жилд тохиолдоогүй хүйтэн өвөл болж байна хэмээн хүмүүс ярьж байна. Цаг агаарын хэт хүйтрэл нь хөдөө аж ахуйд ихээхэн сөрөг нөлөөтэй байдаг. Тэгэхээр манай улс энэ өвлийг хэрхэн өнтэй даван туулах талаар яриагаа эхлэх үү?
-Жил бүрийн арваннэг, арван­хоёрдугаар сард Монголын хамгийн хүйтэн газар болох Завханы Тосонцэнгэлд шөнөдөө дунджаар -40 хэм хүрч хүйтэрдэг. Яармаг, Сонгины орчмоор -30 хэм гарч хүйтрэх нь элбэг. Өнгөрсөн хэд хоногт тэр хэмжээнээс 2-3 градусаар л илүү хүйтэрсэн байх. Харин онцлог нь ойрын хэдэн жилийн арваннэгдүгээр сард ороогүй цас орсон юм. Түүнээс биш сүүлийн 10 жилд тохиолдоогүй тийм их хүйтэн болсонгүй. 
-Манай орны 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, 50 гаруй хувьд нь өвөлжилт хүндэрсэн гэх мэдээлэл бий. Бичин жилийн сүүлчээр өвөлжилт хүндрэх нь элбэг. Олон ч хүн зуд болох нь гэж ярьж байгаатай таарлаа? 
-Арваннэгдүгээр сард нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй болж байсан тохиолдол ойрын хэдэн жилд гараагүй. Цасны зузаан зарим газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалганд 40-90 см байна гэдэг бол өвөлжилт хүндрэхийн шинж.
-Монголчууд “Бичин жилийн зуд” хэмээн ярьдаг. Ер нь яагаад бичин жилд зуд болоод байдаг юм бол?
-Одоогоор энэ үзэгдлийг шинж­лэх ухааны үндэслэлээр тайл­барласан зүйл алга. Ер нь манайд зудтай өвөл олон тохиолддог. Бусад жилүүдэд ч зуд болдог хэдий ч ихэвчлэн бичин жилд таарах нь бий. Тийм учраас малчин түмний дунд бич сүүлээрээ, тахиа тархиараа гэдэг үг гарсан. Энэ нь бичин жилийн төгсгөл тахиа жилийн эхэнд өвөлжилт хүндэрч, зуд тохиолдохыг хэлээд байгаа юм. 
-Энэ жилийн хувьд хадлан тэжээл сайн бэлтгэсэн гэх мэдээл­лийг салбарын яамныхан хэлж байсан. Өвөлжилт хүндэрвэл да­ваад гарахаар хэмжээний хадлан тэжээлээ бэлтгэсэн болов уу? 
-ХХААХҮЯ-ны хэлснээр хад­лан тэжээлээ 80 хувьтай базаасан гэсэн. Гэхдээ 80 хувь гэдэг бол сайн үзүүлэлт биш. 100 хувь хангаж байж л зудтай өвлийг гарз багатайгаар давж гарна. Ийм хэмжээний тэжээ­лээр улс орон даяараа малаа хотноос нь гаргахгүйгээр хоёр хоног л тэжээж чадна. 
1960-1970-аад онд асар их тэжээл бэлтгэдэг байлаа. Тэр үед малаа хотноос нь гаргахгүйгээр 21 хоног тэжээх хэмжээний хадлан тэжээл бэлтгэж байсан. 
Гэтэл одоо жоохон өвс бэлт­гэснээ хадлан тэжээлээ бүрэн ханга­чихлаа гэх болж. Өвс бол тэжээл биш, малын голыг зогоох төдий л зүйл. Харин хорголжин, багсармал бол малд эрч хүч өгдөг тэжээл. Одоо ийм тэжээл бараг бэлтгэхээ больсон байна. Жоохон өвсөнд л найддаг болжээ.
-Зудтай жил малчид малаа төхөөрөх нь элбэг. Ер нь малчид маань зудтай өвлийг хэрхэн гарз, хохирол багатайгаар даван туулах ёстой вэ? 
-Зудыг хэрхэн гарз хохирол багатайгаар давах вэ гэдгийг одоо ярих нь “Оройтсон борооны хой­ноос цув нөмрөхтэй” ижил зүйл. Энэ асуудлыг зуны дэлгэр цагт, намрын налгар өдрүүдэд ярьж, бэлтгэлээ базаах ёстой. Зуд болохгүй ч манайд өвөл болдгоороо л болно шүү дээ. Тийм болохоор малчид маань хэдийнэ өвс тэжээлээ бэлтгэж, хороо хашаагаа дулаалахаас эхлээд хувийнхаа бэлтгэлийг базааж хоол хүнс, дээл хувцас, түлээ түлшээ бэлт­гэдэг заншилтай шүү дээ. Нөгөө­тэйгээр зудтай өвөл маш их хэмжээний мал үхэж, хорогдох нь тодорхой. Малчид малаа зуданд алдсан дор мөнгө болгох нь зөв. Энэ ажлыг албаныхан нь бодлого болгож явуулах хэрэгтэй.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.