С.Жавхлан: Би энд Ганцаардаж байна

2016.11.30 Лхагва №108 (2139)

УИХ-ын 2016 оны сонгуульд 69 бие даагч өрсөлдсөн. Тэднээс С.Жавхлан ганцаараа ялж, дуучин гэх алдраа УИХ-ын гишүүнээр сольж, төр түшилцэх эрх авсан. Гишүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш тэрээр монгол дээлээрээ байнга гоёсоор ирсэн. Үүгээрээ ч бусад гишүүдэд үлгэрлэж, “Монголч­лол”-оо эхлүүлнэ гэж ярьдаг. Тэгвэл С.Жавхлан гишүүн найздаа зориулсан хандивын тог­лолтыг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Энэ завгүй үед нь бид түүнийг “Ардын эрх” сонины зочны буландаа урьж, ярилцлага өрнүүлсэн юм.

-Хандивын тоглолт хийгээд тун завгүй байгаа өдрүүдэд цаг зав гарган ярилцахыг зөв­шөөрсөнд баярлалаа. Амар байна уу. Өвөлжөө тухтай сайхан уу. 
-Гялайлаа.
-Амар мэнд ээ. Сайхан өвөл­жиж байна. Хоёулаа яриагаа таны тоглолтын талаар эхэлье. Энэ удаагийн тоглолт найздаа туслах хандивын тоглолт гэд­гээрээ онцлог. ӨМӨЗО-ны дуу­чин М.Баясгалангийн хувьд ямар өвчнөөр өвдсөн юм бэ. Эмчил­гээний зардалд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?    
-“Хамаг Монгол” төслийн дуучин, Өвөрмонголын "Хөх хээр" хамтлагийн дуучин Машбатын Баясгалан маань ходоод, улаан хоолойн хорт хавдар авахуулах маш хүнд хагалгаанд орох гэж байна. Мэс заслын төлбөрт санхүү их хэрэгтэй гэсэн. Бид найздаа сэтгэл санааг нь өргөх, мөн зардалд нь нэмэр болох үүднээс арваннэгдүгээр сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд “Хамаг монголчуудын халуун сэтгэл" тог­лолтыг зохион байгуулахаар ажил­лаж байна. Тоглолтод “Хамаг Монгол”  төслийн дуучид маань орол­цож, ая дуугаа өргөнө. Одоо­гоор хагалгааны зардлаас 100 гаруй сая төгрөгийг нь Өвөрмонгол ахан дүүс маань нэг өдрийн дотор цахим холбоогоор бараг ихэнхийг нь цуглуулсан байна лээ. 
-Та голчлон дуулна гэсэн. Тайзан дээр гараагүй нэлээд удсан болохоор сэтгэл хэр догдолж байна даа?
-Тайзны догдлол гэхээсээ илүү бидний сайхан найзад маань тохиолдсон энэ аюулт өвчин арилж эдгэ­рээсэй гэдэг бодолд дарагд­чихаад байна.
-Тийм шүү. Олон түмний дэмжлэгээр найз тань эдгэрч, эрүүл энх болох байх аа. 
-Гялайлаа.
- Ер нь цаашдаа та дуулах уу?
-Дуулна. Ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багш шигээ бүх насаараа дуулна.
-Таны төрсөн ах С.Хунчин их сайхан дуулдаг юм билээ. Танай хамаатнууд танд зориулж дуу бүтээсэн байсан. Энэ тухайд?
-Ах дүүс маань миний шүлэг, хөгжмийн зохиолч Б.Магсаржавын аялгуу "Манай Монгол мандана" дууг дуулж дүрсжүүлсэн. Зөвхөн Жавхлан “Монгол, Монгол” гээд гүйгээд байдаггүй юм байна. Ах дүүс нь ч гэсэн мал ахуйч, ажилч хөдөлмөрч, нэгдэж чаддаг, дуу хууртай, авьяаслаг хүмүүс юм байна гэдэг ухаарамжийг түмэн олонд өгсөн болов уу гэж бодож байна.
-Таны аав их мундаг зохиолч хүн байсан гэдэг. Аав тань амьд сэрүүн байсан бол таны одоогийн үйл хэргийг хэрхэн дүгнэх байсан бол?
-Өшөө илүү эв ухаан зааж хурцалж, ташуурдах байсан байх. Гэхдээ шөрмөс зааж уядаж туя­дах­гүйгээр цааш зөв ца­гийг дамнуулах ухааныг аав маань харам­гүй үлдээ­сэн гэж бод­дог. Эц­гийнхээ захиас гэрээс, сургаа­лийн дагуу л чадлын хэрээр зүтгэж явна.
-Таны бие эхээс төрөхдөө хөх байсан гэдэг. Тиймдээ ч өнөөгийн монголчууддаа “Монголчлол” гэ­дэг үгийн утгыг ойлгуулахаар тэм­цэж яваа гэж таныг мэдэх хүмүүс ярих юм?
-Аав маань намайг мэндлэхэд их нуусан гэдэг. Онцгой хүүхэд ирлээ гээд. Ямар ч хүн үр хүүхдээ сайн хүн, баатар эр, онцгой гоц байгаасай л гэж ерөөж бэлгэшээдэг байх. Миний хувьд би онцгой хүн гэхээсээ илүү энэ олгогдсон цаг хугацаандаа Монголоо онцгойруулах л хүсэл зорилготой явна даа.
-Таныг УИХ-д нэр дэвших болс­­ноос өнөөг хүртэл зарим хү­мүүс “Дуулаад л явж байхгүй дээ” гэж шүүмжилж байна. Энэ шүүмж­­лэлд та ямар хариулт өгөх вэ?
-Энэ бол тавилан. Энэ замыг Жавхлан туулах ёстой болоод л тэр. Дээр нь нийгмийн захиалга байна. Тархины тураал, сэтгэлгээний га­жиг­тай, шунал атаагаар цээжээ дүүр­гэчихсэн хэсэг нөхөд нийгэмд хорт хавдар болон буглаж дээр нь таг­лаж сандаалчихаад байна. Энэ хэсгийг цэвэрлэх хэрэгтэй. Сайн цаг ирсний дараа дуулах цаг зөндөө бий. 
Миний талаар ийм бодолтой байснаа хүмүүс мартаж болохгүй шүү. Дуулах гэдэг Жавхлангийн хувьд зүгээр нуувч байж гэдгийг хүмүүс аяндаа мэдрэх болно.
-Таныг УИХ-д нэр дэвших үед хориглож байсан хүн бий юу. Тэд танд юу гэж хэлж байв. Аливаа зүйлд зориглоход дэмжих хэсэг байхад, эрс үгүйсгэх хүмүүс ч байдаг шүү дээ.
-Бүгд дэмжиж байсан. Энэ түмэн олны захиалга байсан. Цаг нь ирсэн болохоор болох ёстой зүйл болдогоороо л болж байна.
-УИХ-ын шинэ гишүүд сонгогдсоныхоо дараа үнэмлэхээ гардаж аваад Төрийн ордонд тангараг өргөж байлаа. Тэр үед танд юу бодогдож байв?
-Төрийн ордонд дүүрэн хар хорхой шиг хувцастай хүмүүс дотор жаахан жихүүдэс төрж байсан шүү. Тэдний нүдний харцнаас өгсүүлээд. Монголын төр гэхээсээ илүү үүрэг хариуцлага, цадиг жудагаа үл огоорсон хүмүүсийн бөөгнөрөл дотор орлоо гэж өөрийгөө бодсон. Ер нь тэгээд төрт ёс, сэтгэл жудаг нь алдарсан улс оронд байгаа юм биш үү. Үүнийг л илүү мэдэрсэн дээ.
-Ер нь төрийн түшээд гэр бүл­дээ зарцуулах цаг зав их хомс байдаг гэлцдэг. Таны хувьд энэ цаг хумигдсан уу. Аавын бас ха­нийн үүргээ хэр биелүүлж байна вэ?
-Ямар ч үед манайх гэр бүлээрээ "Монголчлол"-оо дээш нь өргөхийн тулд үргэлж хичээдэг. Тийм ч учраас бүгд үргэлж хамтдаа байдаг.
-Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ. Ихэвчлэн монгол хоолоо идэж, монгол хэрэглэлээ эдэлдэг гэж сонссон?
-Өглөө бүр л сайхан эхэлнэ. Монгол хүнс, хоолоо иднэ. Бидний монгол хоол чинь амин дэм, шим нь бялхсан агуу зүйл шүү дээ. Монгол мал 7800-гаад төрлийн эмийн ургамал сорлон иддэг. Малын мах, сүү, цагаан идээ цөм л эрч хүч, амин дэм. Харин өвчин бол хиймэл, зохиомол урвалд оруулчихсан хүнс­нээс л үүсдэг юм. Тиймээс цэвэр ариухан унаган байгалиа шүтээд явахад цаг бүр л зөв цэнгэг байна.
-Та ажилдаа байнга дээлтэй ирдэг болохоор өглөө толины урд зангиа засах зэрэг ажил гардаггүй байх. Гэхдээ монгол дээл бүсээ зөв бүслэх, зөв товчлохоос эхлээд учир их биз?
-Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүсээ бүслээд гарахад түүртэх юу байх вэ дээ. Сугаа товчилж байгаа, бүсээ бүсэлж буй хөдөлгөөн бүр амьсгал зүрх судасны хийн дасгал болдог. Энэ хөдөлгөөн дутсанаас үүдэж, монголчууд зүрхний шигдээсээр их өвдөх болсон.
-Таныг гишүүн болсноос хойш хүмүүсийн харах өнцөг, ханд­лага өөрчлөгдсөн үү. Тус­ламж дэмжлэг гуйх, ажилд орох захиалга өгөх тохиолдол их гардаг гэдэг?
-Жавхлан яг л хуучнаараа байгаа. Тусламж, дэмжлэг, зөвлөмж хүссэн зүйл урьд нь ч байсан. Одоо ч хэвээрээ байна.

Дэлхий Монгол уруу эргэж байна, гэтэл бид Монголоосоо зугтааж байна
-Хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэ гишүүд гаргаж өгсөн нь олон нийтэд ил болсон. Таны орлого зарим гишүүнийхээс өндөр байсан ч тэрбум, тэрбумын орлоготой бизнесээс улс төрд хөл тавьсан эрхмүүдийн дэргэд харьцангуй бага харагдаж байна лээ. Олон нийт таны орлогыг өөрийн хөдөлмөрөөрөө олсон ор­лого гэж дүгнэж байсан. Гэхдээ нэг орон сууц, хоёр авто­машинтай гэдэг дээр бага зэрэг шүүмжлэх тал ажиглагдсан. Учир нь та “Гэртээ амьдаръя” гэж уриалдаг бо­лохоор хүмүүс шууд утгаар нь хүлээж аваад байх шиг?

-Гэртээ амьдарч байгаа. Байр­наас татгалзсан. Шоронд байгаа юм шиг дасахгүй юм билээ. Хоол хийж идээд л хэвтдэг газар бол­чихоод хүнийг их хэврэг болгох янзтай болохоор нь больсоон. Дээр нь агаарын солбилцол муу, үзэх ха­рах орчин хязгаарлагдмал, эх бай­­галиас салангид, хотын хорт утаа, хүүхдийн хүмүүжил, ажилч, хөдөлмөрч өсөхөд сөрөг муу нөлөөтэй гээд тоочоод байвал муу талууд их байсан. 
Дэлхийн эрдэмтэд амьтдыг хавтан хананд, дүнзэн хайрцганд, эсгий туурган дунд хийж амьдруулж туршилт хийхэд эсгий дотор байсан нь хамгийн эрүүл өсөж бойжиж байсан. Харин хавтан дотор байсан нь хавантаж хавдаж, хүнд өвчлөн, сулдаж доройтож байсан гэдэг судалгаа гарсан байдаг. 
Хүн ч гэсэн байгалийн амьтан болохоор яг адил. Тэгээд ч бидний өвгөд буруу, муу юм хэрэглэж яваагүй. Одоо Араб, Австрали, Францад баячууд нь монгол гэрт амьдардаг болсон байна лээ. Дэлхий Монгол уруу эргэж байна. Гэтэл бид Монголоосоо зугтааж байна.
-Таныг бас бодлого ярьж, хууль санаачлахгүй байна гэж шүүмж­­лэх юм. Энэ мэдээж цаг хуга­цааны асуудал байх. Ер нь УИХ-ын гишүүн болоход мэргэ­ших шаардлагатай гэж та бодож байна уу?
-Бодлого гэвэл “Монголоо Монгол болгох” бодлогыг би үр­гэлж л ярьж байгаа. Цаас болоод л үлддэг, олны нуруун дээр дарамт нэрмээс болдог амьдралд хэрэгж­дэггүй усан хууль, эрээн муутуу бидэнд хэрэггүй. Монгол ёс жудагаа зүрхэндээ хадаж явдаг тэр сэтгэлийн хуулийг би үргэлж тараан түгээж, уриалж, бусдад үлгэрлэж явна. 
Шууд хэрэгждэг, нүдэнд ил харагддаг хуулийг би сэрээж явна гэж ухдаг. Жишээлбэл, Монгол дээл байна. Амьдралд хэрэгжиж байна уу? Байна. Үүнээс улбаалаад хүмүүс үндэснийхээ үйлдвэрлэл, гар урлалаа дэмжих хандлага руу түлхүү орж байна уу? Орж байна. Бүтээхийн тулд сөнөө гэж үг бий. Ингэхийн тулд Жавхлан хуучин хоцрогдсон, явахаа байсан, хуучин сэтгэхүй, өнөөгийн нийгмийг гацаачихаад байгаа тэр хийрхэлийг  дагах ямар ч шаардлагагүй.
-Та гишүүн болсноосоо хойш иргэдийн амьдралд ойрхон хэд хэдэн сайхан ажил хийсэн нь олонд хүрсэн болов уу. Ер нь энэ дөрвөн жилд та хэрхэн ажиллая гэж бодож байна вэ?
-“Монголчлол”-оо эхлүүлнэ. Монгол нутагтаа яаж түгэн дэлгэр­дэгийг цаашлаад гадаадын улс түмнийг яаж дагуулж  сэрээдгийг харуулна.
-Улстөрчдийн өврийн ном, ширээний ном олны анхаарлыг ихэд татдаг. Та яг одоо ямар ши­рээний ном, товхимол ашиглаж байна вэ?
-Яг одоо би “Эд хөрөнгө ба үнэ цэнэ” гэдэг номтой нөхөрлөж байна.
-УИХ-ын гишүүд дотор турш­лагатай, буурьтай хүмүүс бас бий. Хамгийн жудагтай, хариуц­лагатай улстөрчөөр та хэнийг нэрлэх вэ?
-Бусдад бол тэгж харагддаг байх. Надад бол нэрлэх хүн алга байна. Монголоо гэсэн сэтгэл минь ганцаардаж, дандаад байгааг харвал дэм болох хүн одоохондоо алга байна. Цаашид яахыг бүү мэд. Уг нь нам, эвсэл гэлгүй зөвхөн Монгол минь гэсэн сэтгэлээр явбал би хамтрахад хэзээд бэлэн.
-Нууц биш та одоо хэдэн төгрөгийн цалин авч байна вэ. Анхны цалингаараа сурагчдад дээл авч өгсөн нь сошиал сүл­жээгээр цацагдаж, олны сай­шаалыг хүртэж байсныг санаж байна?
 -Гялайлаа. Миний сарын цалин 1.5 сая төгрөг юм билээ. 
-УИХ-ын гишүүн ийм ца­линтай байхад амьдралд нь хангалттай хүрэлцэхээр байна уу?
-Миний цалин дуулж байс­наасаа дордсон. Гэхдээ би мөнгийг дага­даггүй. Түүнд нэг их ач хол­богдол өгдөггүй л дээ. Мөнгөнд баригдахгүй сэтгэлийн сайхныг би илүүд мэдэрдэг учраас надад их, бага цалин хамаагүй. Сэтгэлээр баян хүн гэх үү дээ. Ер нь тэгээд гишүүд үүнээс илүү цалинтай байгаад яах ч юм. Ард иргэд нь ядуурлын ирмэгт байхад.
-Долларын ханш өсөөд, төгрөг үнэгүйдэж эдийн засаг хямралаа гэх муу мэдээ л дуулдаад байна. Энэ бүхнээс гарах гарц мэдээж бий. Таны хувьд хөгжлийн гарцыг хэрхэн харж байна вэ?
-Өрх бүр бүх хэрэглээгээ бү­тээдэг байх тэр үедээ л Монгол мандан бадарч явсан байдаг. Хүнээс юм гуйхгүй өөрснөө бүхнээ хийдэг болсон цагт бид хөгжинө. Монгол амьдарлын хар ухаанаа сэрээсэн цагт бид мандана. Одоо бол гаднаас оруулж ирсэн юмаар л өөрсдийгөө гоёод түүнд л орлогоо өгөөд байна шүү дээ.
-Та Баянзүрх дүүргийн 54 дү­гээр тойрогт нэр дэвшиж ялалт бай­гуулсан. Тойргийнхоо иргэд­тэй хэр холбоотой ажиллаж байна вэ?
-Тасралтгүй  холбоотой ажил­­­лаж байгаа. Манай тойр­гийн­­­хон надад маш сайн байдаг. Сая орон нутгийн сонгуульд би Баянзүрх дүүргээсээ 41 хороонд 41 дээлтэй залуусыг дэвшүүлэх ажил эхлүүлсэн юм. Тойрогтоо ажлаа улам илүү эрчтэй, ганцаардахгүй хийхийг зорь­сон хэрэг шүү дээ. Өнөөх л бусармаг сэтгэлтнүүд айж, шээс алдаад бүгдийг нь шүүхдээд, саад хийж хассан. Гэвч ганц дайчин ганцаар­дахгүй. Зөвхөн тойрог биш Монгол, цаашлаад Хамаг Мон­­­голын­­хоо төлөө шантралгүй зүтгэнэ.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Цаг зав тун хомс байсан хэдий ч бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд дахин баяр­ласнаа хэлье.
-Гялайлаа. Та бүхэнд ч бас ажлын их амжилт хүсье. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.