Р.Т.Эрдоганы “баллуурдах” аян

2016.11.30 Лхагва №108 (2139)

- Тэрээр эрх мэдлээ хадгалахын тулд улсынхаа эдийн засгийг дэнчин тавьжээ -

Туркийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэр­лэлийн салбарт тэргүүлэгч, тус улсын цөөхөн үндэстэн дамнасан корпорацийн нэг “Yildiz Holding” Турк дэх хоёр компаниа заржээ. Аливаа компани, тэр тусмаа үндэстэн дамнасан корпорациуд аль нэг улс дахь салбараа зарах нь ердийн л үзэгдэл, байдаг л наймаа. Ашиггүй компаниудаа хэрхэх нь эзний мэдэх хэрэг. Гэхдээ “Yildiz Holding”-ийн тухайд шалтгаан нь арай өөр. Тодруулбал, эдийн засгийн бус улс төрийн нөхцөл байдлаас болж энэ наймаа хийгджээ. Төрийн эргэлтээс хойш Р.Т.Эрдоган улс төрийн дайснуудаа толгой дараалан намнаж эхэлсэн. Барууны орнууд, АНУ-тай холбоотой бүхэн Р.Т.Эрдоганы сонирхлыг онцгой татаж, тэр хэрээрээ цээрлэл амсч буй. “Yildiz Holding” нь чихэр шоколадны “Улькер”, “Jacob’s” зэрэг брэндийг эзэмшдэг бөгөөд 2013 онд 15.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан аварга компани.  АНУ, Канадад голчлон үйл ажиллагаа явуулдаг, бүтээгдэхүүнээ Европын холбоо руу гаргадаг тул хэзээ нэгэн цагт Р.Т.Эрдоганы явуулж буй шинэ маягийн “нийгэмчлэл”-д өртөх нь гарцаагүй  байсан  гэнэ. Ерөнхийлөгч төрийн эргэлтээс хойш “дайснууд”-аасаа 10 орчим тэрбум ам.долларын үнэлгээ бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг улсын өмчид хурааж аваад байгаа юм байна. Тиймээс улсад хураалгахаасаа өмнө яаран сандран худалдсан нь энэ аж. 

Эдийн засгийн уналтыг дайнаар аргацааж байна
Туркийн эдийн засгийн байдал харагдаж байгаагаасаа ч муу байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш урьд хожид байгаагүйгээр унаж, гадаад өрийн хэмжээ нэмэгджээ. Байдал ийм байхад тэрээр барууны орнуудтай харилцаагаа сайжруулахын оронд Евро интеграцийг цуцлах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар болж, Мосул, Раккаг чөлөөлөхөөр цэргээ илгээсэн нь шинжээчдийн зүгээс “Эрх мэдлээ хадгалахын тулд улс орныхоо эдийн засгийг гаргуунд нь гаргаж байна” гэж дүгнэхэд хүргэж байгаа юм.  
Бодит байдлыг чөлөөтэй мэдээлдэг хэвлэлүүдийн “амыг барьж”, оронд нь Р.Т.Эрдоганы амаар ярьдаг эдийн засагч, сэтгүүлчид иргэдийнхээ өөдрөг үзэл, ирээдүйдээ итгэх итгэлийг бадраах их аян зарлажээ. Төрийн эргэлт болсны дараа тэрээр онцгой байдал зарлаж, өөртөө долоо хоногийн хугацаатай бүрэн эрх олгосон. Энэ эрхээ хэдий чинээнд удаан хадгалахыг хүснэ, тэр болтол Туркийн улс төрийн байдал тогтворжихгүй гэдгийг шинжээчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, улс орныхоо нөхцөл байдлыг Р.Т.Эрдоган хянаж чадаж байгаа мөртлөө намжаахыг хүсэхгүй байгаа ажээ. Бүхэл бүтэн улс гүрний эдийн засгийг ганцхан хүн хямралд ортол нь самрах боломжтой юу. Туркт бол энэ боломжтой бололтой. Өнгөрсөн долдугаар сард гарсан төрийн эргэлтээс хойш Р.Т.Эрдоганы баримталсан хатуу бодлого хөрөнгө оруулагчдыг үргээж, барууны орнуудтай түнжин хагарахад хүргэсэн. Үүнээс хойш эдийн засаг нь танигдашгүй болтлоо өөрчлөгджээ.   
“JPMorgan Chase” эдийн засгийн таагүй байдал зарим хүмүүсийн хэлснээр үгүй болчихгүй, харин ч цаашид үргэлжилнэ  гэж үзэж байна. Оны эхний хагаст 2.8 лир нэг ам.доллартай тэнцэж байсан. Гэтэл таван сарын дотор 3.4 лир болтлоо уруудлаа. Оны эцэст 3.65 болно гэсэн дүгнэлтийг банкны зүгээс хийжээ.  

Хилийн чанад дахь цэвэрлэгээ
Төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлогын дараа Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган харилцаа сайтай гадаад улс орнуудад албан ёсны айлчлал хийж байгаа. Саяхан Узбекистан, Пакистанд айлчилсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тэрээр айлчилсан улсуудаа албан болон албан бус хоёр төлөвлөгөөтэй очиж байгаа аж. Албан ёсных нь мэдээж хэрэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэж байгаа. Харин албан бус гэдэгт тухайн улс оронд ажиллаж амьдарч байгаа дайснуудаа дарах ажил багтаж буй. Түүнийг Исламабадад очиж, Ерөнхий сайд Наваз Шарифтай уулзсаны дараа Пакистаны эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулдаг турк сургуулиудын 100 гаруй багшийг гэр бүлийнх нь хамт албадан гаргах талаар ярилцсан гэдэг. Тэдгээр багш нар бүгдээрээ ямар нэг шижмээр Ф.Гюлентэй холбоотой гэж хардагдсан нь гарцаагүй бөгөөд эх орондоо очоод гэсгээл хүртэх нь ойлгомжтой аж. Тэрээр дайснуудынхаа хилийн чанад дахь эдийн засгийн харилцаа холбоо, санхүүгийн эх сурвалжийг таслах ажилдаа Засгийн газраа ч дайчилж байгаа бөгөөд Үндэсний их хурлын гишүүд, Засгийн газрын сайд нар нь гадаад улс орнуудад айлчлахдаа эсэргүүчүүдийг хөөж гаргах, бизнесийг нь хаах ёс бус саналыг тавьж байгаа талаар хэвлэлүүдэд бишгүй бичигдсэн. 
Р.Т.Эрдоган ийнхүү эрх мэдлээ хадгалахын тулд хил хязгаараа давсан өргөн хүрээтэй ажиллагаа явуулсаар байгаа юм. 

Хүүхдүүдийг гэр бүлээс нь салгах ажиллагаа 
Р.Т.Эрдоганы хардлагад өртөж ажил, амьдралаараа хохирсон иргэдийн тоо хэдэн зуун мянгаар хэмжигдэж байгаа талаар олон улсын хэвлэлд мэдээлж буй. Тэгвэл хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн тухай бас нэг баримт өнгөрсөн даваа гаригт дэлхий нийтийн сонорт хүрлээ. 
Туркийн эрх баригчид Ф.Гюлений сүлжээний гишүүн байж болзошгүй хэрэгт сэжиглэгдсэн 5000 гаруй гэр бүлийг тусгайлан мөрдөн шалгаж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдсон тохиолдолд хүүх­дүүдийг нь гэр бүлээс нь салгахаар төлөвлөж байгаа аж. Тус улсын Гэр бүл, нийгмийн бодлого эрхэлсэн яамны эх сурвалж “Хэрвээ тухайн гэр бүл төрд тэрсэлсэн хэрэгт буруутай нь тогтоогдсон тохиолдолд хүүхдийг гэр бүлтэй нь үлдээх нь зөв зүйл биш” гэж ярьсныг ВВС агентлаг даваа гаригт уламжилсан юм. Эх сурвалж мэдээлэлдээ “Гэхдээ энэ бол тийм хурдан хэрэгжих ажил биш. Гэр бүлээсээ салсан хүүхдүүдийг хэрхэх асуудлыг цогцоор нь шийдэх учраас багагүй цаг шаардана” гэсэн байх юм. Өөр бусад хэвлэлд гарсан мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд, улс тусгай асрамжийн газруудыг байгуулан хүүхдүүдийг хүлээж авахаар төлөвлөж байгаа бололтой. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.