Тайландын Парламент хан хүүг хаан ширээнд залахыг зөвшөөрлөө

2016.11.30 Лхагва №108 (2139)

Тайландын Парламент өчигдөр хаан ширээ залгамжлуулах асуудлыг хэлэл­­цээд 64 настай ханхүү Маху Вачиралонгкорныг хаан ширээнд залахыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Маху Вачиралонгкорн нь талийгаач эзэн хаан Пхумипон Адульядетын цорын ганц хүү юм. Тайландын хууль ёсоор одоо ханхүү Парламентын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тус улсын Батлан хамгаалахын сайд Правит Вонгсуваны хэлснээр, шийдвэрийг хоёр хоногийн дотор ханхүүд танилцуулах юм байна. 
Шийдвэр гарсны дараа Парламентын спикер Помпет Вичитчончай шинэ хаанд баяр хүргэж, улмаар гишүүд нэгэн дуугаар “Тийм ээ. Сайн байна уу эзэн хаантан” гэж хашгирсан гэнэ. ТАСС агентлагийн мэдээлс­нээр, Парламент өөрийнх нь асуудлыг хэлэлцэж байх үед ханхүү ХБНГУ-д байжээ.  
Тайландын өмнөх хаан Пхумипон Адульядет 1946 онд хаан ширээнд сууж, 60 жил хаанчилсны эцэст өнгөрсөн сарын 13-нд нас нөгчсөн юм. Хааны шарилыг одоогоор ордонд нь байрлуулсан бөгөөд өдөр бүр хэдэн арван мянган хүн орж салах ёс гүйцэтгэж байгаа аж. Хааны шарилыг ирэх жилийн намар чандарлана. Түүний дараа л шинэ хааныг ширээнд нь залах юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.