Соёлын үр соёолуулсан “боловсролын чанарын шинэчлэл” хөтөлбөр

2016.11.30 Лхагва №108 (2139)

БСШУСЯ-аас Дэлхийн банкны дэмжлэгээр улсын бага сургуулийн хүүхэд бүрт чанартай боловсрол олгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.Үүнд төрийн өмчийн бүх сургууль хамрагдах эрхтэй юм. Ингэхдээ 2015-2017 онд 1085 төсөлд гурван үе шаттайгаар тэтгэлэг олгох юм. Энэхүү төслийн эхний шалгаруулалтад 200 төслийг сонгон санхүүжүүлжээ. Тухайлбал, Дорнод аймгийн Чулуунхороот, Сэргэлэн, Хөлөнбуйр, Баянтүмэн сумын Ерөнхий боловсролын сургууль болон Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор, зургадугаар сургуулиуд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилтээ авчээ. Тиймээс бид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан дээрх сургуулиудаар зочилж, хөтөлбөрийн хэрхэн хэрэгжиж байгаатай танилцсан юм. Сум бүр өөрийн ястны онцлог, байгалийн тогтоц, газар нутгийн байршил, амьдралын хэв маягт зохицуулан тэтгэлэгт хөтөлбөрийн санааг гаргажээ. Энэхүү тэтгэлгийн хүрээнд тус аймгийн Сэргэлэн, Баянтүмэн сумын ерөнхий боловсролын сургуулиуд нутаг орон, уламжлалаа таниулан, өвлүүлэхийг зорьсон хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Үүнээс Сэргэлэн сум “Унаган нутгаараа аялж мэдлэг бүтээцгээе”, Баянтүмэн сум “Уламжлалт тоглоом, ухаалаг хүмүүжил” уриатайгаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ. 

Үүх түүхээрээ бахархагсад
Дорнод аймгийн Сэргэлэн сум тус хөтөлбөрийнхөө хүрээнд сумынхаа байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газруудын нэрийг тодруулах, холбогдох домог түүхийг цуглуулжээ. Ингэхдээ сурагчид багш нарынхаа хамтаар судалгаа шинжилгээний ажлыг хийж сумын нутаг дэвсгэрт байдаг байгалийн үзэсгэлэнт 12 газрын нэр, аль багт харьяалагддаг болохыг мэдэж, ам дамжсан ярианаас цаашгүй байсан зургаан газрын домог түүхийн талаар үнэн мэдээллийг цуглуулжээ. Ийнхүү мэдээлэл цуглуулахдаа нутгийн ахмадуудын яриа, ном зохиолд тулгуурласан аж. Тэрхүү домог түүхээ цээжлэн, тогтоохын сацуу хичээнгүй бичгээр бичихээ ч тэд мартсангүй. Мөн өөрийн амьдарч буй газар нутаг, ус, газар шорооныхоо тухай шүлэг, эх зохиож, “Яхийн нуур”, “Дугар аварга” дуунуудыг дуулж сурсан байна. Үүнээс гадна “Чингисийн тээг”, “Онгод хайрласан нутаг” шүлгүүдийг цээжлэн байгалийн түүхэн болон үзэсгэлэнт газруудын байршлын зураглал гаргажээ. 
Энэ тухайгаа сурагчид ярихдаа “Дугар аваргын хөшөө манай сургуулийн урд байдаг. Тэр хөшөөний эзний тухай дууг цээжлэн дуулах нь сонирхолтой байсан. “Яхийн нуур” ч гэсэн манай сумын зүүн талд оршдог.  Байгалийн нөөц баялаг ихтэй газарт тооцогддог гэж багш хэлсэн. Тиймээс бид сум орноороо бахархахын тулд “Яхийн нуур”-ын шүлгээ цээжилсэн” хэмээж байв. 
Сурагчдад байгалийн үзэсгэлэнт, түүхэн газрууд, түүний дуу, шүлэг цээжлүүлэхээс гадна үндэсний уламжлалт уяа, зангилаа, үзэмчин ястныхаа бөхийн зан үйлээс сургахыг, түүнийг үр хойчдоо үлдээх, үеийн үед өвлүүлэх зорилгоор хонь холбох, тооно туших, гурав ба дөрвөөр сүлжих уяа зангилааг, халх болон үзэмчин ардын бөхийн дэвээ, шаваа, тахим авч өгөх болон хялбар мэхүүдийг заажээ. Тус сумын сургуулийн удирдлагууд сурагчдадаа зөвхөн уламжлалт, үндэсний ёс заншил, газар нутгийн тухай мэдүүлээд зогсохгүй, цахим мэдээллийн сан байгуулж, “Түүх домгийн өлгий-Сэргэлэн нутаг” цомог гаргахаар болсон тухайгаа ч ярилаа. 
Харин Баянтүмэн “Уламжлалт тоглоом, ухаалаг хүмүүжил” хөтөлбөрийн хүрээнд уламжлалт тоглоомын зориулалт бүхий тавиур хийжээ. Үүнд “Эрдмийн далай”, “Ухаан далай номноос эхтэй”, “Зурагт тайлбар толь” зэрэг ном, оньсон тоглоомыг байрлуулжээ. 
Багц тоглоом гарын авлага зэргийг хүүхэд бүрт хүртээмжтэй болгох ажлын хүрээнд “Тооно”, “Үүд”, “Жиргээ”, “Дөрвөн бух”, “Тэмээн таваг”, “Жиргээ” зэрэг тоглоомын хэрэгслүүд багтсан байна. 
Гархин оньсны буюу төмөр оньсон тоглоомыг сурагчдад зааж гүйцэтгэж буй хугацаа, гүйцэтгэлээр тус тус үнэлэх ажлуудтай уялдуулж анги бүрийн сургалтын агуулгад тоглоомын багц, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирч буй эсэх, сургалтыг хэрхэн явуулах талаар зөв­лөгөө өгөх ажлууд зохиогдсон гэнэ. 
Уламжлалт тоглоом наадгайг сургалтад ашиглах, эцэг эхийн оролцоонд түшиглэн гарын доорхи материал цуглуулах нь хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын нэг гэлээ. Үүнд шагайн тоглоомуудыг зааж, тус бүрийн хөлөг, нүүдлийг олшруулах, бэлтгэх  ажил багтжээ. 

Бахдам уламжлалт барга ястнууд
Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургууль сумын нийт хүн амын багагүй хувийг эзэлдэг үзэмчин ардын ёс заншил, дэвээ шаваагаа онцлохыг зорьсон бол барга ястны нутаг болсон Хөлөн буйр сумынхан “Нүүдэлчин баргын номч багачууд” хэмээх уриатайгаар хөтөлбөрт хамрагджээ. Үүний хүрээнд “Нүүдэлчин баргын номч багачууд” уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, тус үндэстнийхээ дуу, шүлэг, тоглоом наадгайг сурах, судлах ажлыг зохион байгуулжээ. Энэ үеэр хүүхдүүд морь уралдуулж, шагай таалцах, сумлах, харвах, гүү саах, утас авах, хунший хуулах, алчуур хаях, цүү хаях, чоно ба гөрөөс болж наадах, тэвэг өшиглөх, билжиг нуух зэргийг сурч, эдгээр зүйлсийн домог, утга учрыг суралцахаас гадна хунший, жаранпай тоглоомыг хийж сурчээ. Мөн барга ястны эдлэл хэрэгсэл, хувцас өмсгөл зүүсгэлийн талаар мэдээлэлтэй болж, боршур хийн, зургийн цомог гаргасан байна. Сумын айл өрхүүдтэйгээ тохиролцсоны үндсэн дээр барга ястныг илэрхийлэх гуулин хувин, шанага, модон аяга, тулга, цайны модон уур зэрэг эд өлгийн зүйлсийг танхимдаа байрлуулжээ. Энэ нь цаашид өөрсдийн өв соёлын үнэт зүйлсээ хамгаалах зорилготой аж. Хүүхдүүд ийнхүү ирээдүйн их үйлсэд өөрсдөө гар бие оролцож байгаадаа туйлын баяртай байлаа. Мөн барга ардын дуу “Алтай хангайн даваа”, “Могойн шинжийн оршуун” зэрэг дууг сургууль даяараа цангинатал дуулж сурсан нь бахархмаар санагдсаныг нуух юун. 
Өнөөгийн цаг үед эрдэмтэн судлаачид, тэр тусмаа өвгөд буурлын сэтгэлийг маш их чилээж буй зүйлийн нэг болох эх хэлний асуудлыг хөндөн, түүнийг хамгаалахыг зорьж ажиллаж байгаа нь Хөлөнбуйр сумын ерөнхий боловсролын сургуулийн бас нэгэн онцлог байлаа. Энэ нь тус сургууль барга үгийн толь бичигтэй болсон явдал юм. Барга үг хэллэгээр тусгайлан гаргасан сургалтад хэрэглэхээр ном, сурах бичиг буюу толь огтоос байдаггүй аж. Одоогийн байдлаар ахмад багш А.Магванренчинтэй хамтран барга аялгууны 1000 үгийг тольд оруулахаар болжээ. 

Дорнын хязгаарын сонгодог хөгжимчид
Чулуунхороот сум аймгийн төвөөс алслагдмал байдаг тул хүүхэд багачуудаа төвийн сумдаас дутахааргүй урлагийн боловсрол олгохыг зорин “Сонгодог хөгжим-төгөлдөр сурагч” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Ингэхдээ уг төслийн зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн талаар эцэг эх, иргэд, олон нийт, сурагчдад таниулах сургалт зохион байгуулжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлж сурагчдыг хамруулахын тулд эцэг эхийн оролцоо маш чухал тул сургалт явуулж, эцэг эх, сурагч, багш нарын хамтын ажиллагааг сайжруулахгүй бол хүндрэл үүсэх магад­лалтай байсан талаар сургуулийн дуу хөгжмийн багш ярьсан юм. Наад зах нь хөгмийн зэмсгээ худалдаж авах, хөгжмийн боловсрол олгохын тулд хатуурхах явдал багагүй тохиолддог гэдгийг ч онцоллоо. Энэхүү таниулах сургалтын дараа хөгжим сурах сонирхолтой хүүхдүүдийг бүртгэн авч, дугуйлан хичээллүүлж эхэлсэн байна. Дугуйланд хүүхдүүд олноороо бүртгүүлж, нийт 56 хүүхэд хамрагджээ. Энэ нь нэг сумын хувьд хангалттай тоо гэж сурган хүмүүжүүлэгчид нь хэлж байлаа. Дугуйланд суралцагчид мандолин, гитар, хийл хөгжмийн үүх түүхийн талаар мэдэж, эдгээр хөгжмөөс гадна ёочин, шанз, морин хуур, хуучир, гитар, ятга зэрэг хөгжмөөр хүссэн аяа эгшиглүүлдэг болжээ. Багш нар сурагчдадаа нот заах, гамм унших зэргээр сургалтаа явуулдаг байна. Хөгжмийн дугуйлангийн хамгийн идэвхитэй сурагч хэмээн нэрлэгддэг нэгэн сурагч “Би анх нот ч сайн ойлгодоггүй байсан. Одоо бол дуртай аяаа эгшиглүүлж байна. Би ятга хөгжимд дуртай. Намуухан аялгуу, ихэмсэг хэлбэр нь эмэгтэй хүнд зориулагдсан юм шиг санагддаг. Ятга  хөгжмөөр буриад дуу хүртэл тоглож сурсан. Харин манай дугуйлангийн хүүхдүүд мандолин хөгжим сурах их сонирхолтой. Тэр хөгжмөөрөө тэд “Катюша”, “Сарны туяа”, “Jingle bells” зэрэг аяыг тоглож чаддаг болсон” хэмээн нүдэнд нь оч гэрэлтсэн жавхаалаг харцаар хариулж байв. Улсын нийслэл, аймгийн төвөөсөө хэдий хол амьдардагч энэ сумандаа өөрсдийнхөөрөө хөгжин, урлагийн боловсролоороо дээшлүүлж буй нь сайшаалтай.

Хөдөлгөөн, урлагийг хослуулагч хүүхдүүд
Барга, үзэмчин ястнууд өв уламжлал, үүх түүх, байгалийн дурсгалт газрууд, тоглоом наадгайгаа хүүхэд багачууддаа уламжлахыг зорьж, төвөөс зайдуу орших Чулуунхороот сумынхан хөгжим, дуу, сонгодог урлагийг түгээж, соёлоос хоцрохгүйг хичээн байхад аймгийн төвтэй ойр байрлалтай Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн “Шинэ хөгжил”, зургадугаар дунд сургуулиуд спортыг илүүд үзэж, хүүхдүүдийн хөдөлгөөнд анхаарахыг зорьжээ. 
Алтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн болоход 
Ерөөсөө бидний баяр даа хэмээх дуу цовоо хоолойтой нэгэн жаалын дуулснаар эгшиглэж, цагаан футболк, улаан өмдөөр жигдэрсэн бяцхан хүүхдүүд шил шилээ харан эгнэн зогсож хөгжмийн хэмнэлд хөдлөх нь нэг хүн аятай харагдана. Энэ бол “Шинэ цогцолбор” ерөнхий боловсролын сургуулийн “Хэмнэл” тэтгэлэгт хөтөл­бөрийн явц юм. 
Тус сургуулийн хамт олон хөтөлбөрийн хүрээнд 15 ажил төлөвлөсөн гэнэ. Төлөв­лөсөн ажлуудаа төслийн багийн гишүүд хариуцан төлөвлөлтийн дагуу зохион бай­гуулж байгаа аж. Төлөвлөгөөний биелэлтийн тухайд 1-2 дугаар  ангийн сурагчид “Есөн сарын 1”, “Би том болж байна”, 3-5 дугаар ангийн сурагчид “Сайн уу, муу юу, аль нь вэ хө”, “Бага насаа хайрлаж явья” зэрэг дууны аянд завсарлагааны дасгалыг хийж сурчээ. Хичээ­лээс гадуурх сургалт долоо хоногт нэг удаа хоёр цагийн хугацаатай  явагддаг байна. Тэд дээр өгүүлсэнчлэн цагаан футболк, улаан богино өмд, гимнастикийн гутлаар жигдэрдэг аж. Дугуйланд зургаан бүлгийн 192 сурагч хамрагджээ. Зөвхөн гимнастик гэлтгүй, цагираг, бөмбөг, олстой дасгалыг сурагчдадаа зааж байгаа аж. 
Харин тус сумын ерөнхий боловсролын зургадугаар сургууль “Хүүхдийн хөгжилд бидний дэмжлэг” нэртэйгээр хөтөлбөрөө хэрэгжүүлж байв. Энэ хөтөлбөрийн дагуу хөгжим, спортыг хослуулсан сур­галтаар сурагчдаа хөгжүүлэхийг зорьсон гэнэ. Ингэхдээ хөгжмийн, урлагийн, бүж­гийн, өгүүлэхүйн урлагийн  дугуйлан хичээллүүлж дууны болон үндэсний хөгжмийн хамтлагууд  байгуулжээ. Ийнхүү тэд хамтарсан тоглолтоо хийжээ. Тоглолтод “Талын онгод” хамтлагийн сурагчид “Зун цаг”, “Хөгжмийн эвлүүлэг”, өгүүлэхүйн урлагийн дугуйлангийн сурагчид “Шүлгийн цоморлиг”, “Өнхрүүш” үлгэрээр, бүжгийн дугуйлангийн “Цоморлиг” хамтлаг Соло болон, торгууд бүжиг бүжиглэсэн байна.
Мөн шатрын болон шооны, үндэсний, жүдо бөхийн, цаасан нугалмайн дугуйлангууд хичээллүүлдэг аж. 
Ийнхүү боловсролын салбарт соёлын үр соёолж буйг мэдэрч, гэнэн цагаахан хүүхдийн инээд цангисан их өргөөгөөр зочилсон тухай тэмдэглэл минь энд хүрээд өндөрлөлөө. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.