Ч.Марал-Эрдэнэ: Тэмцээнд түрүүлэхийн тулд машинаа барьцаанд тавьсан

2016.11.30 Лхагва №108 (2139)

Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер Чимэддоржийн Марал-Эрдэнэ самбо бөхийн ДАШТ-д 2013 онд анх оролцоод 57 кг-ийн жинд VII байрт орж байжээ.  Тэр жилийнхээ дэлхийн оюутны “Универсиад” наадмын мөнгөн медальтай. 2013 онд Якутск руу суралцахаар яваад өнгөрсөн зун сургуулиа амжилттай төгсөөд эх орондоо иржээ. УАШТ-ийн хошой алт, Дэлхийн цомын хүрэл медаль ч бас түүнийх. Ч.Марал-Эрдэнэтэй Болгарын Софи хотноо самбо бөхийн ДАШТ-д түрүүлснийх нь дараа хийсэн ярилцлагаа хүргэе.
-Юуны өмнө дэлхийн аварга цол хүртсэнд баяр хүргэе. Тэмцээний бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаав?
-Тэмцээнд маш сайн бэлтгэсэн. Анхны багш маань Гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Орших, одоо бол ОУХМ Ж.Нямдоржийн удирдлагад Орхон аймгийн “Хангарьд” клубт хичээллэдэг. Эрдэнэтдээ бэлтгэл хийж байгаад ДАШТ-д явахын өмнө хотод ирж шигшээ багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдсан. Миний хувьд энэ жилийн УАШТ-д оролцоогүй л дээ. Өнгөрсөн хавар, зун жин маань бага байсан. Якутскт бэлтгэлийн дараа 57-58 кг болоод байхаар нь сургуулиа төгсөж ирсний дараа шууд Ж.Баярсайхан (Шигшээ багийн дасгалжуулагч) багштай уулзсан. Ингээд 60 кг-аас жин хасч барилдлаа.
-Якутскт ямар сургууль дүүргэв?
-2013 онд “Аварга” дээд сургуулийг төгсөнгүүтээ ОХУ-ын Якутск руу явж энэ жил Северо Восточный Федеральный Университетийг дасгалжуулагчийн магистр зэрэгтэй дүүргэсэн. 
-Тэмцээний өмнө өөртөө тавьсан зорилго юу байв. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан биз?
-ДАШТ-д түрүүлнэ гээд машинаа барьцаанд тавьж зардал хийж ирсэн л дээ. Энэ зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Тэмцээнээс өмнө гол өрсөлдөгчдийнхөө бичлэгийг үзэж, таарах магадлалтай ихэнх учраагаа судалсан байлаа. Финалд тулсан И.Беглеров гэхэд 2012, 2013 онд хоёр удаа дэлхийд түрүүлсэн тамирчин. Тэгээд хоёр жил Оросоосоо гарч чадахгүй байсаар энэ жил ирж надад хожигдлоо. (Хэдэн жилийн өмнө Д.Амартүвшинг финалд ялан дэлхийн залуучуудын аварга болж байсан). 
-Өрсөлдөгчдийн тухай ярилцья. Эхний даваанд хийлж, дараа нь Европын АШТ-ий хүрэл медальтай Литвийн бөх Гинтаутас Каткустай тун эгзэгтэй барилдаан хийсэн…
-Уг нь боломжийн учраа байсан. Гэхдээ л мэхэнд унахгүй, нялцгай нойтон, хэвтээ барилдаанд орчих гээд татаж унагаадаг юм билээ. Би 3-0 оноогоор хошуучилж яваад өөрөө мэх хийтэл хариу мэхэнд унаж дөрвөн оноо алдсан. Оноо дутуу болонгуут өөрийн эрхгүй урагш явж барилдсан, хоёр ч удаа унагахад оноо өгөөгүй. Сүүлдээ Литвийн бөх их ядарч, хэт хамгаалсан учраас удаа дараа торгож, би торгуулиар цэвэр яллаа. Миний хувьд бүх барилдаанд ядралгүйгээр сайхан хүч үзлээ.
-Түүний дараа учраа таарсан Казахстаны бөх Беймбет Канжанов бол 2015 онд дэлхийд түрүүлсэн хүн. Аваргаа хамгаалахаар ирсэн байлгүй…
-Олон томоохон тэмцээнд түрүүлсэн, мундаг бөх. Бид насаар ойролцоо. Бидний барилдаан 3-1 оноогоор дууссан. 1-1 оноо тэнцүү байх үеэс би илүү санаачилга гарган барилдсаны хүчинд ялсан болов уу. Түүний дараа миний хамгийн эвгүй өрсөлдөгч нь Азербайжаны Агасиф Самадов байлаа. Универсиад наадмын хүрэл медальтай залуу. Баруун гар нь их бяртай юм билээ, миний зүүн гарыг дараад байсан. Гэхдээ сууж үүрч дөрвөн оноо, үргэлжлүүлж даралтаар дөрвөн оноо, торгуулиар нэг оноо авч 9-1 буюу оноогоор цэвэр яллаа. Өөрөө жийлгүүлж 1 оноо алдсан.
-Финалд ОХУ-ын спортын гавьяат мастер, дэлхийн хошой аварга Игорь Беглеровтой хүч үзлээ. Тус улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Трошкины ярилцлагаас үзэхэд Беглеров яг ид үеийнх шигээ сайн формтой байсан, гурав дахиа дэлхийд түрүүлэх төлөвлөгөөтэй ирсэн гэсэн…
-Беглеровыг их бяртай байх болов уу гэж бодож гарч ирсэн ч гар нь зөөлөн санагдсан. Бодож байснаас шал өөр барилдаан боллоо. Эхэндээ барьцаа авч чадахгүй, өрсөлдөгч маань өндөр чацтай болохоор шил барьцанд хүрч чаддаггүй. Би идэвхгүй харагдаад байсан байх. Тэгтэл Баярсайхан багшийн “Маралаа, арагшаа мэх хийвэл болох юм биш үү” гэж хэлэх дуулдангуут хийгээд үзэхэд дөрвөн оноогоор унагасан. Бид барилдааны эхэнд ажиллагаатай байсан учраас хэн хэн нь суларч байлаа. Улмаар хутгаж дөрвөн оноо аваад, даралтаар гүйцээсэн дээ. Энэ завшааныг ашиглаад надад үргэлж тусалж дэмждэг “Эрдэнэт” үйлдвэр “Хангарьд” спорт клубийн дасгалжуулагч Ж.Нямдорж, “В Sound” компанийн захирал найз Б.Болд, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.