Бразилийн хөлбөмбөгт тохиолдсон эмгэнэлт явдал

2016.11.30 Лхагва №108 (2139)

-“Шапекоэнсе” баг “Судамираканагийн цом”-ын шигшээ тоглолтод оролцохоор шалгараад байжээ-

Бразилийн “Шапекоэнсе” багийн 22 тоглогчийн сууж явсан зорчигч тээврийн онгоц Колумбийн Медельин хотын ойролцоо өчигдөр осолдож, тус улсын хөлбөмбөгт хүнд гарз тохиолоо. Онгоцонд нийт 81 хүн сууж явсны 72 нь зорчигч (48 нь “Шапекоэнсе” багийнх, 21 нь сэтгүүлч) ес нь нисэх багийн гишүүд байжээ.  

“Шапокоэнсе” энэ жил Бразилийн АШТ-д есдүгээр байрт явж байсан бөгөөд “Судамериканагийн цом”-ын тэмцээний аваргын төлөөх эхний тоглолтоо хийхээр Колумбийг зорьж явсан байна. “Судамериканагийн цом” нь нэр хүнд цар хүрээгээрээ Өмнөд Америктаа “Либертадоресийн цом”-ын тэмцээний дараа орох, Европынхоор бол Европа лигтэй ижил төвшний тэмцээн аж. Тэд эхний тоглолтоо арванхоёрдугаар сарын 1-нд “Атлетико Насьональ”-тай тоглох байжээ.   

Зургаан хүн амьд үлджээ
Ослоос зургаан хүн амьд гарч, эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл гараад буй. Тэдний нэг нь нисэх багийн үйлчлэгч эмэгтэй бол хөлбөмбөгийн багаас хамгаалагч Алан Рушел, хаалгач Маркос Данило нар амьд гарсан гэсэн мэдээлэл байна. Тэд зэргэлдээ сандалд сууж явжээ. Алан Рушел нь ухаантай байсан төдийгүй эмнэлэгт очсон хойноо эмчээс хуримын бөгжийг нь хадгалж байхыг хүсч, хамт явсан хүмүүсийнхээ биеийн байдлыг асууж байсан гэнэ.

Сүйрсэн онгоцоор сарын өмнө Л.Месси, Аргентиний шигшээ баг нисч байжээ   

Сүйрсэн онгоцыг эзэмшигч нь “Lamia” гэдэг компани байжээ. Онгоц сүйрэхээсээ өмнө SOS дохио өгсөн ч удалгүй сүйрсэн байна. Онгоц зорьсон газартаа хүрэхэд 50-хан километр үлдээд байжээ. Нисгэгч нь амжилттай газардахын тулд багагүй ур чадвар гаргасан нь нэг бус хүн амьд үлдэх боломжийг олгожээ. Сүйрсэн онгоц нь дунд оврын “BAe 146” загварын онгоц байжээ. Лионель Месси тэргүүтэй Аргентиний шигшээ баг нэг сарын өмнө энэхүү онгоцоор ниссэн гэнэ. 
Цаг агаар тогтворгүй, үе, үе хүчтэй салхилж байсан нь осол гарахад нөлөөлсөн байж магадгүй гэж таамаглаж байгаа юм байна. Онгоц унасан газар нь хад чулуу ихтэй уулархаг гадаргатай байгаа нь эрэн хайх, аврах ажиллагаанд саад учруулж байгаа аж.
“Шапекоэнсе” нь 2014 оноос л Бразилийн хөлбөмбөгийн хамгийн дээд лигт тоглох болсон юм байна. Өмнө нь хамгийн доод лиг болох Д лигт олон жил байж, 2009 онд дампуурах ч шахаж байсан гэнэ. Ингээд орон нутгийн бизнесмэнүүд хандив өргөснөөр аврагдаж байжээ. Санхүүгийн дэмжлэгтэй болсноосоо хойш амжилт нь өсч, жилийн дараа гуравдугаар лигт дэвшиж, тэр жилээ түрүүлснээр Б лигт шуугиантайгаар дэвшиж байсан аж. Улмаар 2014 онд дээд лигт дэвшсэн тэд өнгөрсөн жил анх удаа олон улсын тэмцээний утааг үнэрлэж, шөвгийн наймд үлдээд Аргентиний “Ривер Плейт”-д 1:3, 2:1-ээр хожигдож байв. Харин энэ жил хэдхэн хоногийн өмнө болсон хагас шигшээ тоглолтод Аргентиний “Сан Лоренсо”-г хожин шигшээ тоглолтод шалгараад байжээ. Тоглогчдодоо сард ердөө 26.5 мянган ам.доллар төлдөг энэ багийн санхүүгийн загвар нь Бразилийн бусад багуудын хувьд үлгэр жишээ болдог байж. Ийм бага төсөвтэй хэрнээ долоохон жилийн дотор хамгийн доод лигээс олон улсын тэмцээний шигшээ тоглолтод шалгартлаа дэвшил хийсэн, ирээдүйтэй баг хэмээн үнэлэгддэг.    
Тус баг “Судамираканагийн цом”-ын тэмцээний шигшээ хоёр дахь тоглолтыг энэ сарын 7-нд нутагтаа хийх ёстой байж. Гэвч гэрийн цэнгэлдэх нь хэтэрхий жижигхэн учир (22 мянган үзэгчийн суудалтай) 40-өөс дээш мянган хүний суудалтай цэнгэлдэхтэй Куритибу муж руу шилжүүлсэн аж.  “Үнсгэлжин”-гийн үлгэрийг санагдуулам ийм нэг баг Бразилд бандан бадарч байсан ч онгоцны осолд орсон нь харамсалтай. 

Спортын баг онгоцны осолд өртсөн тохиолдлууд

1949 оны тавдугаар сарын 4. “Торино” багийнхны сууж явсан онгоц сүйрч, 18 тоглогч, тэр дундаа Италийн шигшээ багийн ахлагч Валентино Маццола амь насаа алджээ. 
1958 оны хоёрдугаар сарын 6. “Манчестер Юнайтед” багийн сууж явсан онгоц Мюнхенд газардах үедээ сүйрч, “Базбигийн залуус” хэмээн алдаршиж байсан бүрэлдэхүүний найман тоглогч амиа алджээ. Ур чадвар, авьяас билгээрээ “Английн ирээдүй” гэгдэж асан Данкан Эдвардс тэдний дунд байсан юм. 
1960 оны долдугаар сарын 16. Данийн хоёрдугаар шигшээ багийнхны сууж явсан онгоц Эресунн хотын нисэх буудалд газардах үедээ сүйрч, найман тоглогч амиа алджээ.  
1961 оны дөрөвдүгээр сарын 3. Чилийн “Грин Кросс” багийнхны сууж явсан онгоц сүйрч, багийн 24 тоглогч амиа алджээ. 
1969 оны есдүгээр сарын 26. Боливийн “Стронгест” багийн тоглогч, удирдлагуудын сууж явсан онгоц Андын нуруунд сүйрч багийн 19 гишүүн бүгд амь үрэгджээ.  
1970 оны арванхоёрдугаар сарын 31. Алжирийн “Эйр ликвид” баг Испани руу нөхөрсөг тоглолтод оролцохоор яваад бүрэн бүрэлдэхүүнээрээ амь үрэгджээ. 
1979 оны наймдугаар сарын 11. Узбекистаны “Пахтакор” багийнхны сууж явсан Ту 134 онгоц 8400 метрийн өндөрт өөр нэг Ту 134 онгоцтой мөргөлдөн сүйрчээ. Энэ ослын дараа тус баг сайн дурйнхнаар багаа бүрдүүлж тэмцээнд ордог байсан бөгөөд ЗХУ-ын хөлбөмбөгийн холбооноос гурван жил дээд лигээс хасалгүй “харж үзсэн” байдаг.
1981 оны зургадугаар сарын 7. Амстердамаас Суринам руу ниссэн онгоц сүйрч суринам гаралтай Голландын 23 хөлбөмбөгчин амь үрэгдсэн. Рууд Гуллит, Франк Райкаард нар азаар уг онгоцонд суугаагүй байдаг. 
1993 оны дөрөвдүгээр сарын 27. Замбийн шигшээ багийн 18 тоглогчийн сууж явсан онгоц Сенегал руу нисч яваад Габоны эрэгт сүйрсэн юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.