АНУ-ын сонгуулийн Франц хувилбар

2016.11.23 Лхагва №107 (2138)

- Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путины сайн танил нэр дэвшинэ-

Саяхан болж өнгөрсөн АНУ-ын сонгуульд “Оросын талыг баримтлагч” гэдэг “шошготой” Доналд Трамп ялалт байгуулсан билээ. Тэгвэл Европын холбооны голлох хоёр улсын нэг, “Брексит”-ийн дараа үүрэг роль нь улам ч өсөөд буй Францын Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л Ерөнхийлөгч В.Путиныг дэмжигч, сайн танил Франсуа Фийон нэр дэвшихээр боллоо. Тэрээр өнгөрсөн ням гаригт явагдсан санал хураалтаар 44 хувийн дэмжлэг авч, Бүгд найрамдах намаа төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр болсон юм. Түүнийг нэр дэвших эрхээ авсанд Москва сэтгэл маш хангалуун байна. Ер нь Бүгд найрамдах намаас хэн ч гарсан ОХУ-ын ашиг сонирхолд сайнаар нөлөөлөх нөхцөл байдал бүрдээд байгаа тул Францын сонгууль ч мөн АНУ-ынхтай ижил байдлаар явагдах магадлалтай гэж олон улсын хэвлэлд мэдээлж байгаа юм.

Тухайлбал, хоёр дахь удаагаа төрийн тэргүүн болохоор зүтгээгүй Н.Саркози гэхэд Ф.Олландад ялагдсаныхаа дараа Москвад айлчилж, В.Путинтай уулзсан, Парламент дахь Бүгд найрамдах намын бүлгийн гишүүд нь Крымд очиж амардаг байжээ. 2008 онд Орос-Гүржийн мөргөлдөөн болоход Н.Саркози Европын орнуудаас ганцаараа шахуу хямралыг эв зүйгээр зохицуулах байр суурьтай байсныг оросууд одоо ч мартдаггүй гэнэ. Гэхдээ Ф.Фийон ч муугүй сонголт гэдгийг оросууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна. 
Ф.Фийон нь сүүлийн үед Ерөнхийлөгч Ф.Олландыг хурцаар шүүмжилж байгаа бөгөөд огцруулах саналыг ч гаргаад амжсан. Үндэслэл нь АНУ-ын сонгуульд нэр дэвшсэн Х.Клинтоны факттай маш төстэй буюу улсын нууц задруулсан хэрэг. Францчуудын дунд сүүлийн үед Ф.Олландын талаар “Ерөнхийлөгч хүн ийм юм ярьдаггүй юм” гэсэн хэлц үг дэлгэрээд буй. Тэрээр Сирид өрнөж буй хэрэг явдлын талаар улсын нууцад хамаарах баримтуудыг хэд, хэдэн удаа олон нийтэд задалжээ. Тэдгээрийн зарим дээр нь хэрэг үүсгэн мөрдлөг явуулж байгаа аж. Хиллари Клинтоныг АНУ-ын Ерөнхийлөгч болоход саад болсон гол шалтгаан нь улсын нууцтай холбоотой баримтуудыг хувийн компьютертээ хадгалж байсан явдал гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Франсуа Олланд ирэх оны тавдугаар сард болох сонгуульд өрсөлдөж гэмээ нь яг Х.Клинтонтой адилхан, улсын нууц задруулсан хэрэгт унаж улмаар Бүгд найрамдах намын нэр дэвшигч ялах магадлал өндөр болжээ.  
Ф.Фийон одоо намаасаа эрх авахын төлөө туршлагатай улстөрч Ален Жюппетэй өрсөлдөнө. Н.Саркози ялагдлаа хүлээж мэдэгдэл хийхдээ “Хэдий А.Жюппег маш их хүндэлдэг ч гэсэн Ф.Фийоны бодлого надад илүү ойр” гээд түүний төлөө саналаа өгөхийг өөрийн дэмжигчиддээ уриалсанаас үзэхэд өрсөлдөөнд Ф.Фийон ялж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал өндөр байна. Тэрээр В.Путинтай сайн танил, хувь хүний хувьд ч гэмгүй харилцаатай нэгэн. А.Жюппе ч ялгаагүй. Энэ хоёрын хэн нь ч төрийн тэргүүн болсон Парис-Москвагийн харилцаа сайжирна гэдэгт ажиглагчид эргэлзэхгүй байгаа юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.