Пакистан улс Р.Т.Эрдоганы хоёр дахь эх орон уу

2016.11.23 Лхагва №107 (2138)

Турк Пакистан юуны учир сүжрэх болов

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган энэ сарын 16-17-нд Пакистан улсад албан ёсны айлчлал хийлээ. Дипломат ёсонд зочноо өөриймсөн хүндлэх бол жишиг болсон зүйл. Гэтэл Ерөнхий сайд Наваз Шариф Р.Т.Эрдоганыг угтаж авахдаа “Ноён Р.Т.Эрдоган, хоёр дахь гэртээ тавтай морил” гэж мэндчилсэн нь олон улсын анхаарлыг татав. 
“Хоёр дахь гэр”-ийн тухай яриа ингээд дууссангүй, Р.Т.Эрдоганы гэргий Эмине Эрдоган, Пакистаны тэргүүн хатагтай Мехмуда Мамнун Хусейн нарын уулзалтын үеэр дахин дурдагдаж, айлчлал дуусан дуустал Пакистаны хэвлэлүүдийн тэргүүн нүүрээс салаагүй юм. Айлчлалын хувьд гадна өнгөндөө хоёр орны найрсаг харилцааг илэрхийлсэн, халуун дулаан уур амьсгалд болж Р.Т.Эрдоган Ерөнхий сайд Н.Шариф, Хуурай замын цэргийн командлагч Рахил Шариф нартай уулзан “Хамгийн хүнд хэцүү цаг үед сэтгэл гаргаж тусладаг пакистан ахан дүүс...” гэх зэргээр уран тансаг үгсийг уянгалуулж, хөрөнгө оруулна, бараа эргэлтээ нэмэгдүүлнэ хэмээн амалсан. Харин хөшигний ард огт өөр тоглолт явагдсан бололтой. Пакистаны Парламентад суудлынхаа тоогоор гуравдугаарт ордог “Техрик-е-Инсаф” нам Ерөнхий сайд Н.Шарифыг хууль бус гэж үздэгээ зарлаад Р.Т.Эрдоганы үг хэлсэн хуралдаанд оролцсонгүй. Тус намын дарга, шүүмжлэгч асан Имран Ханы үзэж буйгаар, Р.Т.Эрдоган найзыгаа дэмжиж, байр суурийг нь батжуулахаар Пакистанд ирсэн гэнэ. Учир нь, айлчлалын өмнө тус улсад цэргийн эргэлт гарах гэж байгаа талаар нэлээд бодитой байж болохоор цуу яриа гарч байсан аж. Гэхдээ цөөнхийн хардаж байсан шиг Р.Т.Эрдоган Пакистаны дотоод асуудалд орсон, Ерөнхий сайдыг дэмжсэн нэг ч үг унагаагүй юм.   
Парламентад тавьсан илтгэл харин сонирхол татахуйц болжээ. Тодруулбал, Р.Т.Эрдоганы хэлсэн “Барууныхан “Лалын улс”-ыг зэвсэглэж байна шүү. Болгоомжтой байгаарай, нөхөд минь. Энэ хуйвалдаан бол бүх лалын шашинтнуудын эсрэг чиглэсэн атгаг санаа агуулж байна” гэсэн нь гишүүдийг өөр хоорондоо чангаар шуугилдахад хүргэсэн аж. Мөн Р.Т.Эрдоганы айлчлалын үеэр Пакистан дахь турк сургуулиудын 100 гаруй багшийг гэр бүлтэй нь нутаг буцаах шийдвэр гарчээ. Пакистан дахь 28 турк дунд сургууль болон коллежийн багш нарт ийм шаардах хуудас ирсэн байна. Энэ шийдвэрийг нь олон улсын  мэдээлллийн агентлагууд Турк дэх хүний эрхийн зөрчил, сэтгүүлч, багш нарыг хоморголон барьж буй үйл явдалтай холбон тайлбарлаж байгаа юм. 
Хоёр дахь гэрийн тухай сэдэвтээ эргээд оръё. Пакистан, Турк улс эртнээс найрсаг харилцаатай гэдэг нь яах аргагүй үнэн аж. 1919 онд, Дэлхийн I дайнд ялагдсан Османы эзэнт гүрэн задран унаж байх үед тухайн цагт Британийн Энэтхэгийн лалин шашинтнуудын дунд олныг хамарсан хөдөлгөөн өрнөж, цэрэг офицерууд албаа хаян султаныг хамгаалахаар Туркийг зорьж байжээ. Туркчууд энэ ачийг нь марталгүй санаж, Пакистаныг 1947 онд тусгаар тогтнолоо зарлахад хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөн дипломат харилцаа тогтоож байсан гэдэг. Пакистаныг үндэслэгч Али Жинна М.К.Ататюркээр бахархдаг гэдгээ хэнээс ч нуудаггүй, улс орноо түүний жишгээр авч явахыг оролддог байв. Тэр цагаас хойш хоёр улс дэм, дэмэндээ явсаар орчин үетэй золгожээ. Хоёр улс Зөвлөлтийн эсрэг бүлэг болох СЕНТО-гийн гишүүн байсны дээр НҮБ-д байнга нэгнээ дэмждэг. Аль аль улсад нь байсгээд л төрийн эргэлт гардаг ч шинээр гарч ирсэн удирдагчид нь үргэлж Турк-Пакистаны найрамдлыг батлан тунхагладаг байжээ.    
Мэдээж, хоёр улсын хооронд санал зөрөлдөх зүйл бий. Афганситаны асуудалд гэхэд Туркууд Умардын эвслийг дэмжсэн бол Пакистан талибуудын талд орсон. Шинжаан уйгурчуудын асуудалд аль аль нь БНХАУ-аас цэрвэн дипломат ёсоор “нүдээ аньдаг” ч туркчууд дотроо “эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчид”, пакистанчууд “аюултай алан хядагчид” гэж үзнэ. Гэсэн ч найрамдал нь хэвээрээ. Ямар сайндаа л энэ оны долдугаар сард Туркт төрийн эргэлт хийх оролдлого гарч байхад хаа холын Пакситанд Р.Т.Эрдоганыг дэмжсэн жагсаал болж байх вэ. Оролдлого амжилтгүй болж Р.Т.Эрдоган эрх мэдлээ хадгалсны дараа олон мянган пакистанчууд “Америкчуудын гар хөл бологчдыг устгасанд баяр хүргэе”, “Пакистанчууд Р.Т.Эрдогантай хамт” гэсэн уриа лоозон барьсаар гудамжинд дахин гарч ирсэн юм.  
Геополитикийн хувьд Пакистан Анкарагийн амин чухал ач холбогдолтой хамтрагч юм. Туркчууд Саудын Араб, Пакистантай хамтран цэргийн гурвал үүсгэх боломжтой гэж үздэг. Ингэснээр тэд бүс нутагтаа АНУ-аас хараат бусаар тоглох боломжоо бүрдүүлнэ гэж үздэг байна. Эдийн засагт ч адил. Турк улс Пакистан-БНХАУ-ын эдийн засгийн коридорт нэвтэрснээр асар их ашиг олох боломж олно гэдгээ мэддэг. Харин Пакистан улс Туркийг Энэтхэгтэй үүсгэсэн эвгүй харилцаандаа дэмжлэг авна гэж найдсаар ирсэн. Мөн АНУ-тай үүсгэсэн харилцаа нь хөрснөөс хойш (Д.Трамп Ерөнхийлөгч болсноор бүр ч хүйтрэх нь тодорхой болсон) Анкара тэдний хувьд бүр ч чухал хамтрагч болж хувирсан юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.