Дахин учрахын ерөөлтэй Далай ламын айлчлал

2016.11.23 Лхагва №107 (2138)

Номын авшиг, оюуны өглөг

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд ес дэх удаагаа айлчиллаа. Өвлийн эхэн сарын жавар тачигнасан өдрүүдэд тэрээр сүсэгтэн олны халуун дулаан уур амьсгал, итгэл бишрэл, хүндлэл дунд ном сургаалаа айлдаж, лекц уншив. Ням гаригт  “Буянт-Ухаа” спорт цогцолборт Богд ламын ван, Жигжидийн цэван айлдахад нь нийт 12 мянган сүсэгтэн номын авшиг хүртжээ. Сүсэгтнүүдийн дунд хөдөө орон нутгаас мөн хилийн чанадаас зорин ирсэн хүн ч олон байсан юм. Дээрхийн гэгээнтэн номын айлчлалынхаа хоёр өдрийг их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар болон лам хуврагуудтай шинжлэх ухаан ба бурханы сургаалын талаар санал бодлоо солилцож, оюутан залууст шинэ зууны ёс зүй ба  бурханы шашины сэдвээр лекц уншихад зориулсан. Даваа гаригт болсон “Оюун ухаан ба амьдрал” олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг Дээрхийн гэгээнтний айлчлалын онцлох үйл явдлын нэг байв. Дэлхийн улс орнуудад 32 удаа зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хурал Монголд анх удаа болсон нь энэ. “Оюун санаа ба амьдрал” институтыг Далай лам анх санаачлан үүсгэн байгуулж байжээ. Уг институтээс зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, ярилцлагад гүн ухаан, сэтгэл судлал, боловсрол, эдийн засаг, анагаах ухаан, квант физик, хими, биологи зэрэг нийгэм, хүмүүнлэг болон байгалийн шинжлэх ухааны олон салбарын судлаач эрдэмтэд, мөн хүмүүнлэгийн нэрт зүтгэлтнүүд, лам хуврагууд идэвхтэй оролцдог ажээ. Даваа гаригт болсон эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг энэ л жишгийн дагуу болов. Шинжлэх ухааны бүхий л салбарын төлөөлөл болсон 1000 гаруй эрдэмтэн мэргэд хэлэлцүүлэгт оролцож Дээрхийн гэгээнтний айлдвар, сургаал, үзэл баримтлалыг сонсон, өөрсдийн санал бодлыг хуваалцсан билээ. Шинжлэх ухаан болон буддизмийн хоорондын хамаарлыг танин мэдэх, түүний үндсэн дээр амьдралын бодит байдлын мөн чанарыг ойлгон ухаарах тухай өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн энэхүү хэлэлцүүлэг Далай багшийн айлчлалын сүүлийн өдөр болсон шинэ зууны ёс зүй ба бурханы шашны тухай лекцтэй нь олон шижмээр холбоотой байлаа. 
“Цаг хугацаа үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг. Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй.  Харин ирээдүйг бүтээнэ. Бид энэ ертөнц дэлхийд өөрчлөлтийг авчрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл XXI зуунд бид энх амгаланг авчрах ёстой” хэмээсэн үндсэн агуулгын дор шинэ зууны хүмүүн төрөлхтөний ёс зүй  хийгээд бурханы шашны сургаал, нинж нигүүлсэхүй, хайр энэрэл, буян нүглийн талаархи ойлголтуудыг цэгцтэй тайлбарласан лекцээ Дээрхийн гэгээнтэн оюутан залууст зориулж уншсан нь учиртай. 
“Эрт цагт араатан амьтан хүнийг хөнөөдөг байсан бол өнөөдөр хүн хүнээ хөнөөдөг боллоо. Өнгөрсөн зуунд 200 сая хүн дайн тулааны улмаас амь насаа алдсан. Аливаа асуудлыг хүчээр шийддэг хуучин сэтгэлгээг ХХI зуунд бид өөрчлөх ёстой. Орчин үеийн боловсролын гол үндсэн суурь бол техник технологи, эд ахуйн дэвшлийг бий болгоход чиглэжээ. Харин дотоод сэтгэлийн амар амгалан, дотоод сэтгэлийн боловсролыг шашны байгууллагууд олгож ирсэн. Дотоод сэтгэлийн амар амгалангийн талаар боловсролын хөтөлбөр боловсруулж байгаа. Оюутан хүнд хамгийн чухал зүйл нь боловсрол. Бид амар амгалангийн төлөө зүгээр л залбирах биш үйлдэл хийх ёстой” хэмээсэн Далай багшийн үг бүхнийг задлан тайлбарлаваас гүн гүнзгий утга цацрах ажгуу. Тэрээр монголчууд бидэнд хандаж “Монголчууд орчин үеийн шинжлэх ухаан, боловсрол, техник технологийг сэтгэхүйн боловсролтой хослуулах боломж бүрэн дүүрэн харагдаж байна. Та бүхэн хэрэв намайг хайрладаг, хүндэлдэг бол бурхны шашныг шинжлэх ухаанчаар судлаарай” хэмээн айлдсан. Энэ бол хүмүүн төрөлхтний эв нэгдэл, амар амгалангийн төлөөх үйл хэргээрээ Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн энэ эрхэм хүмүүний цаг ямагт айлддаг нэгэн зарчим нь билээ. Аливаад мухар сүсгээр, сохроор бүү шүт. Бурханы шашныг шинжлэх ухаанчаар судлан  таниарай хэмээн Далай багш энэ дэлхийн улс орнуудад уригдан заларч ном айлдвараа тавих бүртээ хэлдэг. Тэрээр мөн айлчлан очсон улс орон бүрийнхээ шинжлэх ухааны байгууллагаар орж, эрдэмтэн мэргэдтэй нь уулзан ярилцаж, санаа бодлыг нь сонсдог уламжлалтай. Тухайлбал, эдүгээгээс дөрвөн жилийн өмнө Дээрхийн гэгээнтэн Японы Токио хотноо шинжлэх ухааны асуудлаар хамгийн олон өдөр үргэлжилсэн уулзалт ярилцлага зохион байгуулж байсан юм. 

Ес дэх айлчлалын эргэн тойронд

Энэ жил 81 насны сүүдэр зооглож буй Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол орон, монголчуудтай олон шижмээр холбоотой. Үүнийгээ ч тэрээр олонтаа айлдсан байдаг. Хамгийн энгийн, олны мэдэхээс нь л гэхэд Далай лам хэмээх энэ алдрыг нь монголчууд хайрласан билээ. Гуравдугаар дүрийн Далай лам Содномжамц 1578 онд Түмэдийн Алтан хааны урилгаар Хөх нуурт морилон ирсэн бөгөөд энэ үеэр Алтан хаан түүнд Оройн дээд очирдарь Далай лам цол өргөсөн гэдэг. Түүнээс хойш энэхүү Далай лам хэмээх цолыг хэрэглэх болсон түүхтэй. Үүгээр зогсохгүй дөрөвдүгээр дүрийн Далай лам Ёндонжамц Түмэдийн Алтан хааны ач хүү Сүмэр хунтайжийн гэрт төрсөн Чингис хааны алтан ургийн монгол хүн байсан билээ. Тиймээс Далай лам монголчууд бидэнд ойр. Дээрхийн гэгээнтэн ч монголчуудад дотно элгэмсэг хандсаар ирсэн. XIV Далай ламын хувьд түүний бага залууд ном хаялцдаг байсан хуврагууд дотор Ойдов Цогны хэмээх монгол гэвш байсан гэдэг. Мөн түүний ойр дотнын багш нарын зарим нь Монголд амьдарч байсан, Монголтой ямар нэгэн шижмээр холбоотой хүмүүс байсан гэдгийг Дээрхийн гэгээнтэн дурссан нь бий. 
Ийнхүү өмнөх олон дүрүүд хийгээд өөрийнх нь амьдрал, номын их үйл лүгээ олон учир ерөөлөөр холбогдон батажсан Монгол оронд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц эдүгээгээс 37 жилийн тэртээ буюу 1979 оны зургадугаар сард анх хөл тавьжээ. Тухайн үед Монголд болсон Азийн буддистуудын энхтайвны тавдугаар хуралд Дээрхийн гэгээнтэн хүндэт зочноор уригдан заларсан юм. Энэ айлчлалынхаа үеэр тэрээр сүсэгтэн  олонд Гандан лхажайма, Есөн мөрт мэгзэм зэрэг номыг уншиж, улмаар Язгуурын гурван бурхны тарнийг айлдаж эш, лүнг хайрлажээ. Дээрхийн гэгээнтний тавьсан номд даган баяссан сүсэгтэн олон Гандангийн дэнжид багтахгүй байсан бөгөөд ийм олон хүн нэг дор цугларч байхыг Их Хүрээний үед ч, Улаанбаатар болсноос хойш ч үзсэнгүй гэж тэр үеийн настангууд хуучилж байсан гэдэг. Өмнөх дүрийн буюу XIII Далай лам 1905 онд Монгол оронд залран ирж Вангийн хүрээнд өвөлжин, улмаар тус  хүрээний хамба Дандар агримбын эрдэм чадалд бишрэн шавь орж байсан түүх бий. Түүнээс хойш 74 жилийн дараа Монголд дараагийн дүрийн Далай лам залран ирсэн нь үнэхээр сүсэгтэн олонд олдошгүй ховор завшаан байсан бизээ. Социалист нийгмийг цогцлоож байсан тэр үеийн БНМАУ-д Далай лам айлчлан ирж, сүсэгтэн олныг Гандангийн дэнжид багтахгүй болтол цуглуулсан нь монголчуудын чин сүсэг бишрэлийн нэг илрэл. Анхны айлчлалаасаа хойш Дээрхийн гэгээнтэн гуравхан жилийн дараа Монголд дахин иржээ. Түүнээс хойш тэрээр 1991, 1994, 1995, 2002, 2006, 2011  онуудад манай улсад номын айлчлал хийсэн билээ. 
Айлчлалууд нь өөр өөрийн онцлогтой болдог ч сүсэгтэн олонд ном айлдах, эш, лүн хайрлаж, эрдэмтэн мэргэд, оюутан залуустай уулзах гэсэн үндсэн  хөтөлбөр нь нэг их өөрчлөгддөггүй. Энэ удаагийн ес дэх айлчлал сүсэгтэн олонд ховор номууд айлдахаараа онцлог гэж Гандантэгчинлэн хийдийнхэн тодотгосон. Тэгвэл өөр нэг онцлог нь Дээрхийн гэгээнтнийг Монголд залрах ирэхийн өмнө зарим лам хуврагууд түүний энэ удаагийн  айлчлалыг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал зарлаж, Монголын бурханы шашны тэргүүн X Богдыг тодруулахаар ирж байгаа хэмээн мэдэгдсэн явдал. Мөн олон нийтийн сүлжээнд Дээрхийн гэгээнтний айлчлалыг буруутгаж шүүмжилсэн мэдээлэл гарсан боловч тэгсгээд намдсан. Өмнөх айлчлалуудын үеэр ийм сөрөг зүйл гарч байгаагүй билээ. Далай ламыг айлчлал бүрийг эсэргүүцдэг жишгээрээ өмнөд хөршийнхэн энэ удаа мөн л мэдэгдэл гаргасан. Хоёр ч удаа мэдэгдэл хийж, Далай ламын айлчлалыг Монгол Улс хүлээн авахгүй байх, Далай ламын талаар амалсандаа хүрэхийг анхааруулсан. Тухайлбал БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Далайн ламын бүлэглэлийн Хятадыг хагалан бутаргах мөн чанарыг таньж, айлчлалаас гарах сөрөг үр дагаврыг арилгахыг Монгол Улсаас шаардаж байна” хэмээн мэдэгдсэн. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Далай ламын Монгол дахь айлчлалын талаар мэдээлэхдээ бүгд Хятадын талын энэ мэдэгдлийг л онцолсон байв. 
Юутай ч Дээрхийн гэгээнтний манай улсад хийсэн ес дэх удаагийн айлчлал ямар  нэгэн улс төрийн хийгээд Богдын хойд дүрийг тодруулах зэрэг өөр бусад зорилгогүй, номын айлчлал байлаа. Өмнөх дүрийн бүх Далай лам нарын дотроос хамгийн өндөр насыг зооглож, басхүү монголчуудтай хамгийн ойр дотно байж, Монгол Улсад хамгийн олон удаа айлчилсан нь XIV Далай лам билээ. Энэрэл нигүүлсэл, эрдэм билэг төгс энэ эрхэм хүмүүн Монголд хийсэн ес дэх айлчлалынхаа үеэр “Та бүхний хичээл зүтгэл, ерөөл барилдлагаар би Монгол оронд айлчилж байна. Монголчуудын сүсэг үнэхээр гайхамшигтай сайхан байна. Дараагийн удаа ч мөн ард түмний сүсэг бишрэлд хөтлөгдөн дахин ирнэ” хэмээн айлдсан билээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.