Эрдэнэтийн хос багана

2016.11.23 Лхагва №107 (2138)

Төрсөн нутаг орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллан, сайхан амьдралыг цогцлоож буй гэр бүлүүд олон бий. Тийм нэгэн залуу гэр бүлийн  төлөөлөл нь төрөлх Орхон аймагтаа ажиллаж амьдарч буй Д.Сосорбарамынх юм. Өрхийн тэргүүн Д.Сосорбарам 2013 онд МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийг, Монгол хэлний багш, судлаач мэргэжлээр, гэргий Л.Лхагвасүрэн МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр мөн л 2013 онд төгсчээ. Өдгөө Д.Сосорбарам Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуульд монгол хэл, бичгийн багшаар гуравдахь жилдээ ажиллаж байгаа бол, Л.Лхагвасүрэн Орхон аймгийн “Залуучуудын хөгжлийн төв”-д хоёрдахь жилдээ нийгмийн ажилтнаар ажиллаж буй. 

“Орхон аймаг нь бусад аймаг, орон нутгийг бодоход илүү хотжиж иргэншсэн, нийслэлтэйгээ  ойр, залуу мэргэжилтэн хөгжих боломж харьцангуй ихтэй,үр хүүхдүүдээ цэвэр, аюул багатай, амгалан тайван орчинд өсгөх боломж дүүрэн. Тэгээд ч гэр бүл, өссөн нутгийн гудамж талбай, соронздон татах хүч энд их олон байсан юм байна.  Ер нь тэгээд л хоёулаа эргэлзэж тээнэгэлзэж бодох зүйлгүй энд л амьдрах ёстой юм шиг сургуулиа төгсөөд л шууд Эрдэнэтдээ ирсэн дээ. Эрдэнэт оюун санааны амьдралын хувьд бол нэлээд хоцрогдсон байгааг удалгүй ойлгосон ч, нутагтаа амьдралаа цогцлоох зорилгоосоо ухралгүй харин ч  залуу үеийн урлагийн болоод оюун санааны ертөнцийг шинээр нээж, төрүүлэх юмсан гэсэн санаа бодол ч нэмэгдсэн. Ерөнхийдөө хүсч буй газраа хайх биш өөрсдөө бий болгох хэрэгтэй юм байна гэдийг ч ухаарч байгаа” хэмээн ярих энэ хосууд бол Монголын утга зохиолын нэн шинэ үеийн төлөөлөл болсон шинэ сэрэхүй, өвөрмөц илэрхийлэлтэй уран бүтээл туурвигчид.  Залуу яруу найрагчдийн дунд ихээхэн нэр хүнд, чансаа өндөр тэр хэрээр өрсөлдөөн ширүүн болдог хайрын шүлгийн “Цагаан Уул 2015” наадамд Д.Сосорбарам түрүүлж, хань Л.Лхагвасүрэн нь аман хүзүүдсэн нь Эрдэнэтчүүдийн магнайг тэнийлгэсэн явдал болжээ.  Тэдний, “Залуу үеийн урлагийн болоод оюун санааны ертөнцийг нээнэ” гэсэн нь хоосон үг биш бөгөөд Д.Сосорбарам уран бүтээлчийн хувьд өдөлж, өөрийгөө нээн олсон 50 гаран жилийн замналт “Уран Өд” яруу найргийн дугуйлангаа МУГБ Д.Мандахсангаас өвлөн авч Эрдэнэтээр овоглогдох ирээдүйн авъяас билэгт яруу найрагчдийг бэлтгэж буй.
“Одоо бодоход нээрээ бид хоёр Улаанбаатарт үлдэж болох тухай огт ярилцаагүй магадгүй хэн хэнд нь тийм бодол байгаагүй болоод л тэгсэн байх. Шууд л нутагтаа ирж ажил хайж, амьдралаа эхлүүлэх байшин барих ажилдаа орсон. Магадгүй цаанаасаа тэгэх ёстой байсан ч байж болох юм. Ер нь оюутан цагийн ихэнхи найз нөхөд хотдоо шингээд үлдсэн ч бид хоёр бусдын жишгийг дагахыг хүсээгүй ээ. Төрсөн нутагтаа амьдрах хавьгүй дээрийг өдөр ирэх тусам л мэдэрч байна. Адаглаад л туслаж дэмжих аав ээж дэргэд байна. Залуу боловсон хүчний хувьд хувь нэмрээ оруулах шинийг хийж санаачлах зүйл ч нилээн байгаа. Байгаль цаг уурын хувьд ч Эрдэнэт өвөлдөө дулаахан. Хотыг бодоход агаарын бохирдол багатай,бага насны хүүхэдтэй хүмүүст юм юмандаа ойр амар.  Гэр бүлдээ болон өөртөө зарцуулах цаг хотынхоныг бодвол хавьгүй их. Түгжрэлгүй, стресгүй амар тайван орчин цогцолсон газар даа” гэж гэргий Л.Лхагвасүрэн ярьж байна. 
Нутаг орондоо эзэмшиж сурсан мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ уран бүтээл, хүсэл тэмүүллээ орхигдуулж гээлгүй явахын цагт төрсөн нутгийн уул ус ивээл буянаа хайрладгийг энэ  гэр бүлийн амьдралаас харж болох. Д.Сосорбарамынх тэрсхэн хүү, охинтой өнөр бүл. Тэд Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалттай МОН2301 буюу орон байрны нөхцөл сайжруулах зээлийг 2015 онд авч зун нь 10*15-н харьцаатай байшинг аав, ахтайгаа барьжээ. 
  “2014 зун  байшингийнхаа блокийг  хуурай ахынхаа блокны машинаар өөрөө зунжин ажиллаж хийлцэж авсан. Тийм ч учраас байшингийн минь хундаамнаас дээвэр хүртэл гэр бүлийн минь хөлс шингэж бүтсэн гэж хэлж болно. Өөрсдийн хүчээр амьдралаа босгохын үнэ цэнэ амтыг байшингаа хараад л мэдэрдэг дээ. Гаднаасаа сайхан харагдаж байгаа байшингийнхаа дотор нь ч гэсэн 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай сайхан амьдрана даа” хэмээн өрхийн тэргүүнийг хуучлахыг сонсоход амьдралын урам зориг, гэр бүлийн аз жаргалыг эрхгүй мэдрэв.  
Тэдний гэр бүлийн сарын дундаж орлого ГОК-ын цэвэрлэгчийн сарын цалинтай тэнцэх хэмжээний ч тэдний цалин амьдралд нь хангалттай хүрэлцдэг гэнэ. ГОК-т л ажиллаж байж Эрдэнэтэд хангалуун сайхан амьдрана, яаж ийж байгаад ГОК-т шургалаад орчих юмсан гэх явцуу найдвар, зорилгыг тэд таашаадаггүй аж. 
 “Үнэнийг хэлэхэд ГОК-ын ажилчдын хөлд нь чирэгдэх тохиолдол бий шүү. Цалин буух үед энэ зөрүү бүр ч их анзаарагддаг. Гэхдээ яах вэ бидний хүсэл мөрөөдлийг хэн ч хулгайлж чадахгүй шүү дээ . Бидний хувьд амьдрал дөнгөж эхэлж байна. Хичээвэл бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг” гэх Л.Лхагвасүрэнгийн ярианаас Эрдэнэтийн залуусын амьдралын жишгийг тандаж болохоор... Тэд Эрдэнэтийн гурав дахь үеийнхэн. Эрдэс баялаг, эрдэм оюуны уурхай болсон энэ л хотынхоо өнөөдрийг үүрч яваа одоо цагийнхан. Орхон аймаг, Эрдэнэт хотын ирээдүйн эзэд, залгамж халаа энэ л гэр бүлийн дор бэлтгэгдэн, сурч хүмүүжиж, боловсрол олж байгаа гэж бодохоор нэг л гэрэл гэгээтэй.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.