Жанни Инфантино: “ОХУ 2018”-д видео шүүлт ашиглана гэж найдаж байна

2016.11.23 Лхагва №107 (2138)

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино хөлбөмбөгийн спортод хийгдэх өөрчлөлт шинэчлэлтийн талаар ингэж ярьж байна. 

-ДАШТ зохион байгуулах эрхийг нь Катараас хураах уу?
-Би энэ талаар ямар бодолтой байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Шийдвэр 2010 онд гарсан. Одоо 2016 он. Шийдвэр гарсан цагаас хойш л Катар, ОХУ-ыг шүүмжилж ирлээ. Надад бол түүхэн дэх хамгийн шилдэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд Орост, дараа нь Катарт явагдах л хамгийн чухал. Хоёр улсын хувьд өөрсдийгөө батлах маш том боломж харж байгаа. Бид олон улсын харилцаа ярвигтай байгаа цаг үед амьдарч байна. Спорт ийм үед асуудлыг өөр өнцгөөс харах бололцоог олгох болно.
-Хөлбөмбөгийн шүүлтэд видео бичлэг ашиглах санаа биеллээ олох болов уу?
-Урьд нь би шүүлтэд видео бичлэгийг ашигласнаар тоглолтын явцад нөлөөлөх вий гэж болгоомжилдог байсан. Гэвч тийм биш гэдгийг туршилтын явцад ойлгосон. ДАШТ болтол дахиад хоёр жилийн зай байна. Энэ хугацаанд бид туршилтын тоог улам олшруулж байгаад яг 2018 оны гуравдугаар сард шийдвэрээ гаргахаар төлөвлөж байгаа. “ОХУ 2018”-д видео шүүлт ашиглана гэж найдаж байна.  
-Дүрэм өөрчлөгдөх үү?
-Бүх зүйл боломжтой. Бид хаалгачид хоёр удаагийн торгуулиар улаан хуудас үзүүлдэг дүрмийг халсан. Одоо нэмэлт цагт сэлгээний дөрөв дэх тоглогчийг оруулдаг болгохоор судалж байна. 
-Отон тоглолтын дүрэм одоо ч гэсэн маш хэцүү. Энэ тал дээр ахиц гарах болов уу?
-Яагаад үгүй гэж? Орчин үед маш нарийн мэдрэмжтэй GPS төхөөрөмжүүд гарсан. Энэ багажуудыг отон тоглолтын дүрэм хэрэгжүүлэхэд ашиглаж болно шүү дээ. Ийм багажтай байхад отон тоглолт байсан эсэхийг маш хялбархан, яг таг тогтоох боломжтой.     


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.