Шинэ “хаан” мэндлэх үү

2016.11.23 Лхагва №107 (2138)

Дэлхийн шатрын хаан титмийн төлөө АНУ-ын Нью Йорк хотноо “уулгүй талд цусгүй тулаан” өрнүүлж буй М.Карлсен, С.Карякин нарын найм дахь өрөг дуулиан шуугианаар өндөрлөж, ОХУ-ын их мастер зорилгодоо нэг алхам ойртлоо. 
Өмнөх долоон өрөг тэнцээгээр дуусч 3,5:3,5 оноотой болоод байсан тэд найм дахь өрөгт таван цаг гаруй тэмцэлдсэний эцэст дэлхийн аварга цолыг эзэмшигч 53 дахь нүүдэлдээ бууж өгсөн юм. Хожигдол нь М.Карлсенд тун ч хүнд туссан бололтой, тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд оролгүй танхимыг орхиж явсан. Хэдий дэлхийн аварга ч гэсэн тэрээр 26 настай залуу хүн гэдгийг энэ явдал харуулсан юм. Халз тулааныг зохион байгуулагчид тоглогчдыг өргийн дараах хэвлэлийн бага хуралд заавал оролцохыг шаарддаг бөгөөд зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг. М.Карлсен шагналынхаа 10 хувиар торгуулж магадгүй болжээ. Халз өрсөлдөөний шагналын сан нэг сая ам.доллар бөгөөд ялагч 60 хувийг авах эрхтэй. М.Карлсен халз тоглолтод  ялбал 60 мянган ам.доллараар торгуулна гэсэн үг юм.  
Өрсөлдөгчид энэ сарын 30-ныг  хүртэл дахиад дөрвөн өрөг наадах ёстой бөгөөд түрүүлж 6.5 оноо авсан нь ялна. Тодруул­бал, С.Карякин үлдсэн дөрвөн өрөгт тэнцэхэд л дэлхийн аваргаар тодрох юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.