Америкчууд Юрген Клинсманныг өршөөсөнгүй

2016.11.23 Лхагва №107 (2138)

АНУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Сунил Гулати өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, шигшээ багийн дасгалжуулагч Ю.Клинсманныг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө зарлалаа. Тэрээр герман эрийг халснаар шигшээ багт эрс шинэчлэл хийх эхлэл тавигдсаныг энэ үеэр онцолжээ.
“Таван жилийн хүнд хөдөлмөрийнх нь төлөө бид Юргенд талархах ёстой. Түүнтэй хамт бид багагүй амжилт гаргасан. Бидэнд чадварлаг тоглогчид бий. Тиймээс ОХУ 2018 ДАШТ-ий эрхээ авна гэдэгтээ итгэлтэй байна. Гэвч өөр арга барилаар, өөр удирдлагатайгаар энэ бүхнийг хийх ёстой гэдгийг одоогийн амжилт маань харуулж байна” гэж тэрбээр өгүүлсэн байна. 
АНУ-ын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны эхний хоёр тоглолтоо Мексик (1:2), Коста Рика (0:4)-гийн багтай хийж ялагдал хүлээсэн юм. Үүнээс Коста Рикад бут ниргүүлснийг холбооны удирдлагууд хүндээр хүлээн авч, шийдвэрээ гаргажээ. 
Германы шигшээгийн домогт довтлогч асан Юрген Клинсманн 2011 оны долдугаар сарын 29-нд “US soccer team”-ын дасгалжуулагч болсон бөгөөд 2014 оны ДАШТ-д бага хасагдах шатанд шалгаруулж, энэ оны “Америкийн цом”-ын шилдэг дөрөвт үлдээж байв.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.