Э.Анударь: Дуулах бол миний амьдралын гол зорилго биш

2016.11.23 Лхагва №107 (2138)

Анук нэрээр ковер сонирхогч залуучуудын хэзээний танил болсон Э.Анударьтай дуу хөгжмийн талаар ярилцлаа. Тэрээр 2011 оноос хойш нийт 100 гаруй ковер дуу хийжээ. Мөн ирэх сарын 03-ны өдөр Анук, дуучин Ж.Очмаатай хамтран анхны ковер тоглолтоо хийх гэж байгаа юм.

-Та эмч мэргэжилтэй шүү дээ. Ер нь өмнө нь дуучин болъё гэж боддог байсан уу?
-Би 2008 онд Дарханд арван жилээ төгссөн. Миний дотор СУИС-д орох юмсан гэсэн хүсэл байсан. “Хэрвээ би анагаахад тэнцэхгүй бол дуучин болно” гэж бодчихсон байлаа. Тэгээд анагаахад бэлдэж байгаад тэнцэж эмчээр сурах болсон. Үнэндээ би өөрөө нэг их хүсч ороогүй л дээ. Уг нь би арваннэгдүгээр ангидаа япон дуу дуулаачдын улсын уралдаанд орж түрүүлээд СУИС-д орох урилга авч байсан юм. Тэр тэмцээн миний хувьд хамгийн анхны маань том тайз байсан. Гэхдээ би өнөөдөр анагаахад орсон ч гэсэн дуугаа дуулаад л явж байна. Үүндээ сэтгэл хангалуун байдаг.
-Хүмүүс анагаахын оюутныг хичээл ихтэй, тэр бүр урлаг хөөгөөд байдаггүй гэж боддог шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Анагаахад ч гэсэн олон авьяастай оюутан суралцдаг. Намайг оюутан байхад оюутны урлагийн үзлэг  өрсөлдөөнтэй болдог байсан. Нээрэн “A Sound” хамтлагийн Тэмүүлэн манай сургуульд сурдаг байсан. Магадгүй зарим хүүхдүүд аав, ээжийнхээ шахалтаар ордог ч байж мэднэ. 
-Яг хэзээнээс ковер дууг сонирхох болсон юм бэ?
-Ер нь 2011 оноос хойш ковер дууг илүүтэйгээр мэддэг болж, сонирхон сонсох болсон. Эхэндээ бол Youtube -ээс “Boyce avenue” гээд ковер хамтлагийн ах дүү гурвыг  сонсдог байсан.

-Өөрийг тань оюутан байхдаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Дөрвөн урилга” нэвтрүүлэгт оролцож байсныг санаж байна.

-Би МҮОНТ-ийн сэтгүүлч Ариунгэрэл эгчтэй англи хэлний сургалтад явж байхдаа танилцаж байсан. Дараа нь над руу залгаад нэвтрүүлэгт орох уу гэж хэлсэн. Тэгээд л тэр нэвтрүүлэгт орж өөрийн ковер дуугаа дуулж байсан даа. Харин дараа нь нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Ганжавхлан ах залгаад “Надад нэг аппарат байна. Чи ч их гоё дуулдаг юм байна. Хоёулаа нийлээд ковер дуу хийх үү?” гэж санал тавьж байсан. Яг тэр үед Монголд ковер дуу нэг их дэлгэрээгүй, бид бараг анхны ковер дууг хийсэн байх. Ер нь тэр нэвтрүүлэгт орсон минь надад их аз завшаантай явдал болсон. Сүүлд харахад бид хамтдаа 70 гаруй бичлэг хийчихсэн байна лээ. Бичигдээгүй ковероо нийлүүлбэл бараг 100 гарсан байх. Хамгийн анх ковер хийсэн дуу “Татар” хамтлагийн бороо байсан.
-Ихэнх коверуудаа Очмаатай хамтарч дуулсан байдаг. Та хоёр яаж танилцсан бэ?
-Би ковер дуугаар бичлэг хийхдээ Очмааг дагуулж очиж байсан. Эхлээд бид хоёр зүгээр л фейсбүүкийн найзууд байсан. Харин дараа нь хоёулаа “Universe Best Songs” тэмцээнд бүртгүүлэхээр очиж байхдаа тааралдсан юм. Тэр үеэс л өнөөдрийг хүртэл сайхан найзалж байна.
-Арванхоёрдугаар сарын 3-нд Анук, Очмаагийн анхны бие даасан ковер тоглолт болох гэж байна. Энэ тоглолтоос олох орлогоо сайн үйлсийн аянд зарцуулна гэсэн байх аа?
-Тийм ээ. Очмаа бид хоёрын хувьд анхны бие даасан ковер тоглолт болох гэж байна. Тоглолтоос олох орлого маань “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн уут 2016” сайн үйлсийн аянд зарцуулагдана. Тийм болохоор чин сэтгэлээсээ хичээн бэлтгэлээ хийж байна. Гэхдээ энэ бол зүгээр нэг ковер дууны үдэш биш, ковер тоглолт юм. Үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барихаар бэлдсэн байгаа. Та бүхэн ирээд мэдээрэй.
-Цаашдаа өөрийн гэсэн уран бүтээл хийе гэж боддог уу?
-Би нэг их амбийцтай хүн биш байх аа. Урлагт орох гэж байгаа хүмүүс нэг бол амбийцтай, нэг бол маш сайн продюссертэй байх хэрэгтэй юм шиг ээ. /инээв/  Миний хувьд ээж байна, эхнэр байна гэдэг л хамгийн чухал. Гэр бүл, дуртай ажилдаа ихэнх цаг хугацаагаа зарцуулаад явна. Харин дуулах бол миний амьдралын гол зорилго биш. Түүнээс илүү чухал зүйл байдаг. Мэдээж би дуу, хөгжмөө орхихгүй. Зүгээр л надад дуу дуулаад явахдаа хүмүүст гоё мэдрэмж өгч байгаа нь л хангалттай санагддаг.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.