С.Дэмчигийн 100 саяын хандив

2016.11.16 Лхагва №106 (2137)

Ардчилсан намын залуучуудын байгууллага болох АЗХ өнгөрсөн амралтын өдрүүдэд хурлаа хийж, ерөнхийлөгчөө сонголоо гэх мэдээ зарим хэвлэлээр гарлаа. 

Олон нийтэд өнгөц мэдээлж буй энэ үйл явц хөшигний ард жинхэнэ “наймаа” болж хувирсан байна. Нөгөө шинэчлэгдэх ёстой, хуучцуул зайгаа тавьж өгөх цаг болсон хэмээдэг залуус маань Ардчилсан залуучуудын холбооны удирдлагыг мөнгөөр “зодож” авсныг зөвхөн тус холбооны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж, индэр дээр гарч үг хэлэх эрхийг таван сая төгрөгөөр худалдаж авснаас харж болно.  
Тус холбооны ерөнхийлөгчид дэвшүүлээд нэрээ татсан Б.Ган-Очир АЗХ-ны ерөнхийлөгчид дэвших зорилгоор бус нэр дэвшигчийн үг хэлэх цагийг л авах гэж таван сая төгрөг төлснөө хурлын индэр дээрээс өөрөө хэлж байжээ. 
Ингээд тус холбооны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн хүү Эрдэмхишиг, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга асан С.Дэмчиг нар өрсөлдсөн байна. Энэ үеэр Г.Эрдэмхишиг “АН-ын шийдвэр гаргах төвшинд АЗХ  төлөөлөлтэй болно. Мөн АН-ын дүрмийн шинэчлэлээр АН-ын ХЭГ, ГЗ, ҮЗХ, Их хуралд АЗХ-ны тодорхой төлөөлөл оруулахыг намын дүрэмд тусгуулна. Мөн АН-ын болон төрийн бүх шатны сонгуульд АЗХ-нд 30 хувийн квотыг авч өгнө” хэмээн амлажээ. 
Харин С.Дэмчигийн танилцуулсан илтгэл анхаарал татаж байгаа юм. Тэрээр таван асуудал хөндсөний хамгийн “ноцтой” нь АЗХ-ны ерөнхийлөгчийн жилийн татварыг 100 сая төгрөг болгож нэмье, би хувиасаа энэ мөнгөө төлнө хэмээх өгүүлбэр байв. Мөн тэрээр “АЗХ-ны санхүүжилтийн хувьд 2010-2013 онд Өвөрхангай аймгийн АЗХ-ны дарга хийж байсан туршлага дээрээ тулгуурлаж маш тодорхой санал тавъя. Бүх ерөнхийлөгч нар хоёрдугаар сарын 1-ний дотор татвараа төлөөгүй бол огцорсонд тооцъё. Орон нутгийн байгууллагад /21 аймаг, 9 дүүрэг/ ажиллаж байгаа нарийн бичгийн дарга нарыг сарын 500 мянган төгрөгөөр цалинжуулна” гэжээ. 
Түүний амласан энэ бүх мөнгөн дүнг дөрвөн жилд тооцон үзвэл  1.1 тэрбум гаруй төгрөг болж байна. Намын дэргэдэх залуучуудын байгууллага хаанаас энэ мөнгийг олох вэ гэдэг нь анхаарал татах. 
АЗХ-ны ерөнхийлөгч болсон хүн хувиасаа энэ их мөнгийг гаргана гэвэл хувийн байгууллага болсноос өөрцгүй болно. 
Мөн С.Дэмчиг “Одоо байгаа АН-ын лидерүүд хэзээд биднийг дэмжихгүй, тэр дүрмийн төсөл дээр явж байгаа АЗХ-нд 10, 20, 30 хувийн квот өгнө гэсэн нь бидний хийг л дарж байна. Тэгээд АЗХ-ны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч нарыг л ҮЗХ-д оруулах байх, эсвэл таван квот л өгнө. Тиймээс ирэх сарын 6-нд болох намын Их хуралд АЗХ ядаж 40 хувийг бүрдүүлэх ёстой. Бүх аймгийн АЗХ-ны чуулганыг зохион байгуулна, мөн бүх аймгийн АН-тай хэлэлцээр хийнэ, зөвшөөрөхгүй бол тэмцэл хийнэ. Тэгээд төлөөллөө бүрдүүлж чадахгүй бол АН-ын Их хуралд ирэх төлөөлөгчийн тоотой тэнцүү хэмжээний залуучуудыг орон нутгаас авчирч тэмцэл хийнэ” гэжээ.
ҮЗХ-ны өнөөдрийн хуралдаанаар намын дүрэм болоод Их хурал зохион байгуулах ажлын хэсэг бай­гуулна. Их хурал зохион бай­гуулах ажлын хэсэгт багтаж, өөрсдийн хүнийг олноор оруулах нь чухал байгаа бололтой. С.Дэмчигийн хувьд Г.Батхүүгийн бай­гуулсан МоАН фракцад харьяа­лагдах болсоор хэдэн сарыг үдэж буй юм. 
“АЗХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхий­лөгчдөд нэр дэвшигчид нь энэ сарын 12-ны өдрийн 12:00 цаг гэхэд АЗХ-ны дансанд дэнчингийн мөнгө /ерөнхийлөгч нь 5.000.000₮, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч нь 2.000.000₮/ байршуулсан байх ёстой” гэсэн байна. 
Дэнчингийн мөнгөө банкинд хийнэ, хийхгүй гэж маргаж байх хооронд ойролцоох АТМ рүү хүн гүйлгээд багсайсан мөнгө барьж орж ирж байгаа нэр дэвшигч ч байсан байна. Мөн АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдсөн С.Дэмчиг, Г.Эрдэмхишиг нараас тус бүр нэг сая төгрөг “зээлдээд” нэр дэвшсэн хүн ч байжээ. 
Энэ мөнгөө байршуулсан С.Дэмчиг АН-ын залуучуудын байгуул­лагын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Эрхэмхишиг, Б.Ган-Очир, Г.Оюунбат, Б.Өлзийбүрэн, Ж.Сугарсүрэн, дэд ерөнхийлөгчөөр С.Тамир, Ш.Отгон-Өлзий, Р.Оюун-Эрдэнэ нарыг сонгосон байна. 
АЗХ бол Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага. 36 болон түүнээс доош насны залуус энэ байгууллагад хамрагддаг. Залуусын байгууллага ийм замаар улс төр хийж, оролцож байгаа хэр нь АН шинэчлэгдэх ёстой, цэвэршиж, дараагийн үе гарч ирэх хэрэгтэй хэмээн “хашгирсаар” байгаа юм. 
    


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.