казино байгуулах нь зөв үү

2016.11.16 Лхагва №106 (2137)

Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийн хүнд­рэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд казино байгуулах санал багтсан. Уг тогтоолын төслийн хэлэл­цүүлэг дөнгөж эхний шатандаа явж байгаа ч УИХ-ын гишүүд казино байгуулах нь зөв эсэхээр байр сууриа илэрхийлээд эхэллээ. Засгийн газрын казино байгуулах саналыг УИХ-ын гишүүд дэмжих эсэхийг онцлон хүргэж байна.  

О.БААСАНХҮҮ: 
-Казино байгуулбал хөрөнгө оруулалт татах, жуулчдыг ирүүлэх ач холбогдолтой гэдэг нь худлаа. Эдийн засгийн хямралтай байдлыг ашиглаж казино байгуулах гээд байна.

Ё.Баатарбилэг: 
-Казино байгуулсан, казино өндөр хөгжсөн улс орнуудын туршлага, нийгэм эдийн засагт гарах үр дагавар, манай улсын онцлог үүнд хэр зэрэг судалгааны материалууд байхгүй  байна. Энэ болгонтой нь танилцах хэрэгтэй. Түүний дараа дэмжих, дэмжихгүйгээ шийднэ. 

Х.БАДЕЛХАН: 
-Казино байгуулахад буруудахгүй. Ялангуяа монголчуудыг оролцуулахгүй, зөвхөн гадаадынхныг оруулдаг казино байгуулж болно.Энэ бол миний хувийн бодол. 

Ж.БАТЗАНДАН: 
-Засгийн газар Казиногийн тухай хуулийн төсөл оруулж ирэхээр болсон байна. Ямар төсөл оруулж ирэхээс хамаарч дэмжих, эс дэмжихээ шийднэ. 

Б.Батзориг: 
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтвор­жуулах хөтөлбөрийг өргөн барьсан. Энэ хөтөлбөрт казино байгуулах, энэ асуудлыг зохицуулах хуулийн төсөл өргөн барих тухай санал орж ирсэн. 
Гэхдээ санал орж ирснээс биш яг хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй байна. Өргөн баригдаагүй байгаа хуулийн төсөлд дүгнэлт хэлж, дэмжих, дэмжихгүйгээ илэрхийлж болохгүй.  

Б.БАТТӨМӨР: 
-Монголд казино байгуулахад болохгүй юм байхгүй. Хүмүүст үйлчилдэг олон үйлчилгээний л нэг ш дээ. Тийм учраас эхлээд эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох хэрэгтэй.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: 
-Казиног бид нийгмийг буруу тийш нь хөтөлдөг гэж ойлгодог. Бусад орон шиг иргэд нь өөрсдөө ордоггүй, зөвхөн гадаадынхныг оруулдаг байдлаар зохицуулж болно. 

М.БИЛЭГТ: 
-Би казино байгуулахыг дэмж­дэггүй. Казино байгуулснаар бидний хойч үе, ирээдүй болсон залуус минь түүнд орж донтох эрсдэл үүсэх вий гэж болгоомжилдог.

Л.БОЛД: 
-Казино байгуулахыг эсэргүүцдэг. Өмнө нь ийм оролдлого хийж байсан ч бүтэлгүйтэж байсан. Монгол Улс казиног хориглосон хуультай шүү дээ. Тэр хуулийг өөрчлөх цаг нь болоогүй гэж үздэг.

Ж.ГАНБААТАР: 
-Ихэнх улс орнуудад ажиллуулаад болж байгаа зүйл манайд ч болох байлгүй дээ. Бид адилхан л хүмүүс шүү дээ. Монгол хүнийг оруулахгүйгээр зөв хийвэл зөв байх.  

Ц.ДАВААСҮРЭН: 
-Аялал, жуулчлалыг хөгжүүлье гэвэл казино байх хэрэгтэй. Гэхдээ нэг хязгаар байх шаард­лагатай. Энэ юу гэхээр зөвхөн гаднын жуулчид тоглодог л байхаар хуульчлах хэрэгтэй.

Д.ДАМБА-ОЧИР: 
-Хуулиа батлаагүй байж казино байгуулж орлого олно гэсэн санал оруулж ирснийг нь дэмжихгүй байгаа. Эхлээд хуулийг нь баталчих юм бол нээж болно л доо.

С.ЖАВХЛАН: 
-Хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ гэдэг чухал. Казино байгуулах бол хамгийн түрүүнд хийх ажил биш. Засгийн газар энэ л биднийг амрах ёстой юм шиг санал оруулж ирээд байна.

З.НАРАНТУЯА: 
-Казино бол хууль дүрмийн дагуу явуулахад болохгүй үйл ажиллагаа биш. Эдийн засгийн ач холбогдол талаасаа Казиногийн тухай хууль батлагдаасай гэж боддог.

Х.НЯМБААТАР: 
-Казино байгуулснаар жилд төсөвт 100 орчим тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцсон юм билээ. Монголын иргэн казинодоо тоглохгүй. Зөвхөн гадаадын иргэдийг тоглуулах нь зөв гэж үзэж байгаа.

Н.ОЮУНДАРЬ: 
-Гаднын хөрөнгө оруулагч, жуулчдыг татах арга зам бол казино байгуулах гэдэг асуудал үүссэн. Тодорхой хууль гаргаж, сайн хянавал эдийн засагт бодит хувь нэмрээ оруулах л байх.

Д.ОЮУНХОРОЛ: 
-Манайд жуулчдыг татах, тэдэнд үзүүлж харуулах зүйл маш бага. Тиймээс жуулчид нүүдлийн соёл иргэншилтэй танилцахаас гадна казинод мөнгөө зарцуулах сонголтыг бий болгох юм.

М.Оюунчимэг: 
-Казино бол бусад улс оронд байдаг зүйл. Гэхдээ дүрэм, журмаа маш сайн тогтоож өгөх хэрэгтэй. Жуулчдыг татах, гадаадын иргэдийг оруулах чиглэлд байж болно. Харин дотоодын иргэдэд казино хаалттай байх  хэрэгтэй. Түүнээс гадна казино байгууллаа гэхэд хотоос зайдуу газар, шинээр баригдаж байгаа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал эсвэл чөлөөт бүс буюу Замын-Үүдэд байгуулах хэрэгтэй. Эдийн засгийн хямралтай үед байж болох л гарц гэж харж байгаа.  

Д.САРАНГЭРЭЛ: 
-Иргэд маань казинод донтчих вий гэж болгоомжилж байгаа. Гэхдээ казинод монгол хүн орохгүй байхаар зохицуулвал болохгүй гэх зүйлгүй. УИХ эцсийн шийдвэрээ гаргана биз.

Я.СОДБААТАР: 
-Дэлхийн улс орнууд мөрийтэй тоглоомыг зөв хөгжүүлж орлогоо нэмэгдүүлж байна. Тиймээс казиног эдийн засгийг дэмжих бодит салбар гэж  харж хөгжүүлэх ёстой.

А.СҮХБАТ: 
-Казино байгуулахыг дэмжиж бай­гаа. Гэхдээ монголчууддаа хаалт­­тай казино байгуулах хэрэгтэй. Ингэж шийдэх юм бол олон нийт ч гэсэн дэмжих байх. 

Ч.УЛААН: 
-Казиног зөв зохион байгуулвал эдийн засагт өгөөжтэй. Энэ утгаар нь дэмждэг. Гэхдээ гарах сөрөг үр дагаврыг нь яаж бага байлгах вэ гэдгийг оновчтой шийдэх ёстой.

Д.ХАЯНХЯРВАА: 
-Дэлхийн нийтэд хэрэгжүүлж байгаа, санхүүгийн ашигтай зүйлийг манай улс хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ монголчууд бус гаднын жуулчдад зориулсан казино байхыг дэмжиж байгаа.

Ч.ХҮРЭЛБААТАР: 
-Олон жил уламжилж ирсэн манай соёл, түүх, онгон байгаль зэрэгт нэ­мэг­дээд орчин үеийн казиног бай­гуулбал аялал жуулч­лалын хөгжилд ач холбог­долтой гэж бодож байна.

Д.ЦОГТБААТАР: 
-Би казино байгуулахыг эсэр­­гүүц­­дэггүй. Гэхдээ өмнө нь болох­гүй гээд хөрөнгө оруу­лагчийг хөөж гаргасан. Одоо болно гэж байгаа нь бид аргаа бараад царай алдаж байгаагийн шинж.

Н.Цэрэнбат:
-Казиног аялал жуулчлалыг бий болгох, зочид буудал, үйлчилгээ гэх мэт бусад салбаруудыг дагалдсан байдлаар оруулж ирэх хэрэгтэй. Ийм байдлаар казино байгуулахад буруу зүйл байхгүй. 

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: 
-Казино байгуулахыг дэмжиж бай­гаа. Эдийн засаг хүнд бай­гаа энэ үед үүнийг дэм­жих нь зүйтэй. Эхний ээлжинд монгол­чуу­дад хаалттай казино байгуулсан нь дээр.

Л.ЭНХ-АМГАЛАН: 
-Казино нь аялал жуулчлал хөгжүүлдэг, эдийн засагт шууд болоод шууд бус нөлөө үзүүлдгийг хүн бүхэн мэднэ. Тиймээс энэ асуудлыг маш сайн хэлэлцэж шийдээсэй гэж хүсч байна.

Н.ЭНХБОЛД: 
-Засгийн газраас оруулж ирсэн казино байгуулах саналыг би хувьдаа дэмжиж байгаа. Казиног Монголд байж болохгүй юм гэж бодохгүй байна. 

Ж.ЭНХБАЯР: 
-Казино бол хүн айж ичээд байх зүйл биш. Монголд казино байгуулбал эдийн засгаа тэлэх сайн талтай. Гэхдээ гадаадын иргэн үйлчлүүлэх байдлаар шийдэх нь зөв гэж харж байна.

Ө.ЭНХТҮВШИН: 
-Дэмжихгүй. Зөвхөн гадаа­дын ир­гэдийг оруулна гэж байгаа ч зам­ба­раагүй болж байгаа нийгмийг улам л замбараагүй болгоно. Эдийн засгийг сэр­гээх  үүнээс  өөр арга бий.

С.ЭРДЭНЭ: 
-Казиног бодож хийх хэрэгтэй. Манайхан нэг зүйлд донтохоороо хэтэрхий туйлширдаг. Тодорхой хяз­гаарлалт тавих замаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж нээж болно.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.