Реппер Gee: Би кинонд дүр бүтээнэ гэж ярихаас айдаг

2016.11.16 Лхагва №106 (2137)

Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ Радио, телевизийн дээд сургуулийг 2005 онд сэтгүүлч, оператор мэргэжлээр төгссөн. “Микроны босс”, “Алтан ус”, “Нарны жим”, “Долоон сарын нэгэн” кинонуудад тоглосон. “Унаа”, “Байгаагүй”, “Хужаа”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Монгол реппер” зэрэг дуунуудыг нь мэдэхгүй залуус үгүй. Мөн тэрээр “Click click boom” бүлгийн санаачлагч юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сүүлийн үед хийж буй шинэ уран бүтээлийн тань талаар яриагаа эхлэх үү?
-“Click click boom” бүлгийн 10 жилийн ойн  тоглолтын бэлтгэл ажилтай байна. Харин хувийн уран бүтээлийн хувьд 2017 оны эхний улиралд шинэ цомгоо гаргана. Мөн “Микроны босс” уран сайхны киноны хоёрдугаар анги болох “Приусын босс” киногоо хийгээд зураг авалт дууссан удахгүй нээлтээ хийнэ.

-Таны дуунууд бүгд нийгмийн бурангуй, болохгүй бүхнийг шүүмжилсэн байдаг. Дараагийн хөндөх сэдэв чинь юу байх бол оо?
-Тийм ээ. Дуугаараа ямар нэгэн ухамсарыг хүмүүст суулгаж, нэгийг ухааруулахыг хичээдэг. Хэд хэдэн шинэ дуу хийж байгаа. Түүндээ мөн адил ямар нэгэн сэдвийг хөндсөн. Гэхдээ яг одоо энд хэлэх нь илүүц байх. Шинэ дуу цацагдахад сонсогчид маань өөрийнхөөрөө ойлгож үнэлж дүгнэг. 

-Та дуу дуулахаас гадна кинонд их тоглодог болсон. Жүжигчний мэргэжлийг тодорхой хэмжээгээр мэдэрч байна уу?
-Хүмүүс намайг кинонд дүр бүтээлээ гэж яриад байдаг. Харин би дүр бүтээх гэдэг нэр томъёог хэрэглэхээс айдаг. Түүний оронд дүрсээ үлдээж байна гэж ярьвал зүгээр санагддаг. Гэхдээ өөрийгөө мэргэжлийн жүжигчин биш гэж ярьж явсаар зургаан кинонд тоглочихсон байна. Эхэндээ хүнд санагдаж байсан. Одоо бол харьцангуй гайгүй ээ. 

-Та дандаа эсрэг дүрд тоглодог. Яагаад ийм дүрд оногддог тухай юу гэж боддог вэ?
-Энэ миний царайнаас болж байгаа байх. Царай муутай хүн чинь хэцүү шүү дээ. Найруулагчид хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн, зэвүүн дүрд тоглуулах болохоор л намайг олж хардаг юм шиг байна лээ.

-Кино урлагт хүч түрэн орж, цаашдын амьдралаа кинотой холбох тухай бодож байв уу?
-Үгүй ээ. Би тэгж боддоггүй. Кинонд тоглох санал ирэхэд зохиолыг уншаад, өөрийнхөө тоглож чадах дүрийг сонгодог. Түүнээс биш киног үндсэн ажлаа болгоод явах талаар бодож байгаагүй. 

-Залуусын хайртай репперын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө босоод охиноо цэцэрлэгт нь хүргэж өгснөөр миний өдөр эхэлдэг. Түүний дараа фитнесстээ явдаг. Энэ нь миний хийх ёстой ажлын зайлшгүй нэгэн хэсэг. Ингэснээр эрүүл мэнддээ анхаарч буй хэрэг. Харин өдөр нь гадуур дотуурх ажлаа амжуулдаг. Орой эртхэн харихыг хичээдэг. Миний нэг өдөр хэвшил болсон хэдэн зүйлтэй. Нэг иймэрхүү л өрнөдөг.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.