“Зоригийн хэрэг”-ийн золиос цөөдсөн үү

2016.11.16 Лхагва №106 (2137)

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийн мөрдөн байцаалтын явц  19 жилийн турш үргэлжилсний эцэст энэ даваа гариг буюу арваннэгдүгээр сарын 14-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийг Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг нууцын зэрэглэлтэйгээр шалгаж ирсэн. Өнгөрсөн сард энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байсан бол ийнхүү Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван иргэнд яллах дүгнэлт үйлдэн, харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.

Дээрх хэрэгт холбогдуулан  Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг  өдгөө 25 жилийн ялтай, хорих ангид ял эдэлж буй Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн 2015 оны наймдугаар сард Орхон аймгаас баривчилсан байдаг. Эл хэргийн мөрөөр манай Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн баг мэдээлэл цуглуулах явцдаа сэжигтнүүдийн ар гэрийнхэнтэй холбоотой нэгэн эмгэнэлт явдлыг олж мэдсэн билээ. 
Тодруулбал, дээрх хэрэгт сэжигтнээр татагдан, түр саатуулагдаж буй “Эрдэнэт” үйлдвэрт тогооч ажилтай гэх Т.Чимгээгийн том охин н.Өнөрцэцэг өнгөрөгч наймдугаар сарын 13-нд Сэлэнгэ аймаг руу явах замдаа авто осолд орж зуурдаар нас баржээ. Талийгаач  н.Өнөрцэцэг 2015 оны наймдугаар сард ээжийг нь онц ноцтой хэрэгт сэжиглэн баривчилсаны дараагаар хорих ангитай ойр байх үүднээс аав, нөхөр хүүгийн хамт Улаанбаатар хотод шилжин ирж байр түрээслэн амьдрах болсон аж. Эрдэнэт хотоос шилжин ирээд удаагүй, танил тал цөөхөн учраас аав, нөхөрт нь ажил олдохгүй, харин өөрөө эзэмшсэн мэргэжлээрээ X хорооллын Юнителийн салбарын баруун жигүүрт байрлах “CHANEL” үсчин гоо сайхны салонд үсчний суудал түрээслэн ажиллах болсон гэнэ.  Уг салонд нэг жил хэртэй ажилласныхаа дараагаар,  “CHANEL” салонаас 300 метрийн зайтай орших “Билэг” салоныг бүхлээр нь түрээслэн ажиллуулж эхлээд арав гаруй хоносны дараахан, “Сэлэнгэд үзэж хардаг сайн лам байна гэнэ. Ээжийгээ үзүүлчихээд ирье” гээд хамт ажилладаг хоёр найз хүүхнээ дагуулан яваад тийнхүү осолдсон аж. Талийгаачтай хамт зорчиж явсан хоёр бүсгүйн бие одоо сайжирч байгаа бөгөөд арваад хоногийн өмнө нэг нь эмнэлгээс гарсан бол, нөгөө нь өдгөө ажлаа үргэлжлүүлэн хийж байна. С.Зоригийн хэрэгт татагдан, яллах дүгнэлт үйлдүүлээд буй сэжигтэн Т.Чимгээгийн холбогдсон хэргийн талаар том охин талийгч н.Өнөрцэцэг нь хамтран ажилладаг ойр дотнын улсдаа юу гэж ярьж байсан, ар гэрийнх нь амьдрал, нөхцөл байдал ямар байсныг талийгаачийн дотнын найзуудааас тодруулснаа хүргэж байна.
Талийгаачийн найз Н.О хэлэхдээ,”Нэг газар ажиллахаасаа өмнө бид биенээ мэддэггүй байсан. Тийм учраас ар гэрт нь ямар зовлон, бэрхшээл байдгийг анхандаа сайн мэддэггүй байлаа. Ямар ч байсан хотод нүүж ирээд удаагүй, түрээсийн байранд амьдардаг, гэрээсээ ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг л гэж мэдэж байсан. Харин удаан хамт ажиллаад дотно нөхөрлөх болсны дараагаар ээжийг нь тийм хэргээр баривчлагдсаныг мэдсэн. Удалгүй аавыг нь бас түр саатуулсан гэж дуулсан. Тэр үед найзад маань их л хэцүү байсныг гадарладаг юм. Аав, ээж нь баригдчихсан, эргэлт хоол унд, сайн өмгөөлөгч хөлслөх, хуулийн зөвлөгөө авахаас эхлээд мөнгөний хэрэгцээ их байсан нь анзаарагддаг байсан. Аав, ээжээс гадна өөрөө гэр бүлтэй, бага насны хүүхэдтэй хүн шүү дээ. Хүү нь энэ жил сургуульд орох ёстой байсан. Сургуульд орсон, үгүйг нь сайн мэдэхгүй байна. Нөхөр нь талийгаачийг нуаглуулсны дараа хүүгээ аваад Эрдэнэт рүү буцна гэж ярьж байсан. Тэрнээс хойш холбоо тасарсан” гэсэн юм. Харин талийгаачийн найз У хэлэхдээ, “Би талийгаачтай Эрдэнэтэд байхаас л хамт үсчин хийж эхэлсэн. Тэдний амьдралыг сайн мэднэ. Найз минь ярихдаа,  манай аавын талын хамаатан хүн амины хэрэгтэй, одоо шоронд байдаг залуу бидэн рүү занархийлсэн мессэж илгээгээд удсан. Өөрийг нь эргэж тойрохгүй, санаа тавихгүй байгаад л өс санаж байна гэж бодсон. Тэгсэн зөвхөн тэр хүний мэдүүлгээс болоод л манай ээжийг барьчихсан. Манай ээж ямар ч гэмгүй. Зөвхөн тэр хүн л нэг үг хэлээд манай сайхан амьдралыг там болгочихсон гэж ярьдаг байсан. Ер нь их л сэтгэл санааны дарамтад байдаг байсан даа. Сайн үзэж хардаг лам, бөө, үзмэрч бүгдийг нь л дуусгасан даа. Хөөрхий, хэрвээ ээжийг нь тийм хэргээр бариагүй бол, тэрнээс болж хот руу нүүж ирээгүй бол муу найз минь амьд мэнд л байж байх байсан гэж бодохоор сэтгэл эмтрэх юм. Хань, хүүг нь бодохоор л их өрөвдөх юм /уйлав/ ” гэв. 
Болсон хэргийн араас мөрдсөөр талийгаачийн ажиллаж байсан газар, хамтран ажиллаж асан найз нөхдийг нь олж уулзаж, мэдээлэл авах гэхэд ихэд болгоомжилсон, сэжиглэсэн байдалтай дурамжхан байсныг энд зориуд онцлоё. Гэнэтийн золгүй ослын талаар мэдээлэл өгөх нэг өөр хэрэг. Харин энэ авто ослын хэрэг нийгэмд хүлээлт үүсгэсэн ноцтой гэмт хэрэгтэй хүссэн хүсээгүй холбогдож буй учир хэн ч олон юм ярихыг зориглосонгүй. Арга ч үгүй биз. 
Түүх сөхвөл хэрэг гарсан  1998  оны арав дугаар сарын 2-ны өдрөөс хойш нийтдээ 300 орчим хүнийг энэ хэрэгт сэжиглэн хорьж, саатуулж байжээ. Тэдний тоонд рецидив хэрэгтэн Энхболд, ижил хүйстэн Нараа, хулгайч шар Эрдэнэ-Очир, бэлтгэл офицер Г.Отгонбямба, ах дүү Баатаржав, Болд, Түмэнбаяр, Баярбаатар (гэр бүлийнхнийгээ хөнөөсөн), ард Батсүх гэхчлэн хүмүүс багтсан. Ихэнх нь Бат, Оюун гэх үг орсон нэртэйгээс баривчлагдах болсон гэх яриа бий. Гэм буруутай эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэж тогдоогдоогүй өөд болсон   Д.Энхбат, С.Далхсүрэн нарын эмгэнэлт жишээ, анхлан С.Зоригийн аллагад сэжиглэгдэн баривчлагдаж найман сар хоригдсоны эцэст хуурамч дипломны хэрэг болон хувирсан Я.Батсүх буюу “Ард” Батсүхийн бодит түүх дахин бүү давтагдаасай  билээ гэсэн болгоомжлолын үүднээс эл бичвэрийг зориглон сийрүүллээ. Удахгүй болох  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл хэргийг хэрхэн шийдвэрлэхээс нэгэн гэр бүлийн хувь заяа хамаарах болоод байна. Хэрэв Т.Чимгээ гэм буруугүй нь шүүхээр эцэслэн тогтоогдвол охинынх нь алтан амийг хэн эргүүлж өгөх вэ?


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.