Тамирчид хөшигний ард

2016.11.16 Лхагва №106 (2137)

Н.Түвшинбаяр аваргын баруун гар талынх нь БНСУ-ын алдарт бөх, олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, өдгөө тус улсын жүдогийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Жан Сун Хо. Тэрээр 2008 оны Бээжингийн олимпийн наадамд манай Н.Түвшинбаяр аваргад ялагдаж байсан. Зүүн гар талынх нь мөн БНСУ-ын алдарт бөх, дэлхийн аварга, одоо Өмнөд Солонгосын жүдогийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй Хван Хи Тэ. Дэлхийн жүдогийн гурван од 2012 оны наймдугаар сарын 2-нд Лондоны олимпийн хотхоны эмнэлэгт ийнхүү зургаа татуулжээ. Олимпийн дэвжээнд одтой барилдаж байсан Н.Түвшинбаяр аварга гэнэт хөлөө чирээд ирснийг бүгд харсан. Тэгэхэд зооны аваргын төлөө Хван Хи Тэтэй барилдаж байсан бөгөөд хөл нь хүнд бэртсэн ч эцсийн хүчээ шавхан, уран мэхээр дэлхийн аваргыг ялж олимпийн наадмын мөнгөн медалийн болзол хангасан билээ. Аварга дэвжээнээс буугаад л шууд эмнэлэг явсан. Солонгос анд ч хөлстэй чигээрээ араас нь давхисан юм билээ. Эмнэлэгт нь очиж биеийн байдлыг нь асууж, эрүүл энхийг хүссэн нь энэ. Спорт гэдэг өрсөлдөөн, тэмцэл, тулаан ч гэлээ эв нэгдэл, нөхөрлөл гэж энэ биз ээ. Дэвжээн дээр, үзэгчдийн өмнө арслан барс мэт ялахын төлөө тулалдан тэмцэлдэх атал дэвжээнээс буумагцаа бие биедээ санаа тавьсан эгэл жирийн анд нөхөд.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.