Ража Мохан: Бидэнд оросуудтай асуудал байхгүй, харин хятадуудтай бол бий

2016.11.16 Лхагва №106 (2137)

Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсны дараа дэлхий нийт, ялангуяа Азийн орнуудын гадаад бодлого ойлгомжгүй, хүлээлтийн байдалд ороод байна. Б.Обамагийн үед “Сэм авгын” холбоотон болсон орнууд “Биднийг БНХАУ-ын аманд хаяад өгчихгүй байгаа” гэж айж байгаа бол Энэтхэг улс айхгүй ч гэсэн аягүй гэгчээр Б.Обамагийн сэдсэн “Дорно зүг тэлэх” бодлогыг Д.Трамп үргэлжлүүлэх эсэхийг хамгийн их сонирхож байгаа юм. Олон улсын харилцааны талаар судалгаа явуулдаг Карнегийн сангийн Энэтхэгийн асуудал эрхэлсэн захирал Ража Мохан Дели цаашдаа АНУ-тай харилцаагаа ойртуулах эсэх, бүс нутгийн хүчний тэнцвэрийг хадгалах, аль улсыг гол өрсөлдөгчөө гэж үзэж байгаа талаар өгүүлсэн ярилцлагыг хүргэж байна. 

-Ярилцлагаа өнгөрсөн сарын 15-16-нд болсон БРИКС-ийн уулзалтын үр дүнгээс эхэлье?
-Н.Моди, В.Путин хоёрын уулзалт маш ажил хэрэгч болж өнгөрсөн. Тэд хоорондын харилцаанаасаа гадна Орос-Пакистаны талаархи ойлголцолд ч тодорхой ахиц гаргасан гэж бодож байна. Орос, Энэтхэгийн хамтын ажиллагааг хоёр хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт, БНХАУ-ын асуудал. Энэтхэг улс БНХАУ-аас л хамгийн их болгоомжилдог мэт надад санагддаг. Хятадууд сүүлийн үед олон улсын төвшинд маш олон салбарт чухал тоглогч болж гарч ирсэн ч нэг ч удаа Энэтхэгийг дэмжиж байгаагүй. Цөмийн түүхий эд нийлүүлэгчдийн бүлэгт гишүүнээр элсэх гэхэд дэмжээгүй. Аллага хядлагатай тэмцэх асуудалд ч адилхан. Энэ нь БРИКС-ийн орнуудын интеграцчилагдах үйл явцад сөргөөр нөлөөлнө гэж би боддог. Хоёрдугаарт БНХАУ хэтэрхий хүчирхэг байна. Бид бүгдээрээ нийлээд ч Бээжинг хянаж чадахааргүй байдалд хүрчихсэн. Энэ нь ямар ч улсыг тэдэнтэй олон талт харилцаа үүсгэхээс болгоомжлоход хүргэж байгаа юм.  

-БРИКС-ийг тойрсон маргаан Орост ч, дэлхий нийтэд ч байсаар байна. Энэ ер нь ямар зорилготой байгууллага юм бэ?
-ОХУ-ын БРИКСТ хандаж байгааг харахад, олон туйлт ертөнцийг бүтээх гэж оролдож байгаа мэт санагддаг. Гэхдээ бүлгийн гишүүн болгон асуудалд ингэж хандаж байгаа гэвэл худлаа. БРИКС-ийн гол цөм нь Өмнөд Африк, Бразил биш. Харин Еврази, тэр дундаа БНХАУ юм. Тэд АНУ-тай шууд харилцах хэмжээнд хүрчихсэн, үүнийг хэн ч, тэр бүү хэл БРИКС ч болиулж чадахгүй байгаа нь гол асуудал. Бидний хувьд оросуудтай ямар ч асуудал байхгүй. Харин хятадуудтай бол бий. Энэ л бүх зүйлийг хүндрүүлж байна.  

-Бидний ярилцлагын гол сэдэв ОХУ-Энэтхэгийн харилцаа. Дели сүүлийн үед АНУ-тай харилцаагаа сайжруулах болсон нь Москвагийн санааг зовоож буй. Та бүхэн ч гэсэн Москваг Исламабадтай ойр харилцах болсон явдалд сэтгэл дундуур байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан. Таны бодлоор хоёр улсын харилцаа цаашдаа хэрхэх вэ?
-1990-ээд оныг саная л даа. ОХУ тэгэхэд Барууны орнуудыг дагаж гүйгээд Энэтхэгийг орхичихсон. Гэсэн ч бид зэвсэг худалдаж авах зэргээр харилцаагаа хадгалсаар, хүндэтгэсээр л байсан шүү дээ. Одоо харин нөхцөл байдал өөрчлөгдөж, эргээд бидэн дээр ирж байна. Тэгэхээр, та нар АНУ-тай харилцаагаа хөгжүүлж байхад бүх юм сайн сайхан байсан, харин Энэтхэг АНУ-тай ойртохоор санаа зовж байна гэж байна. Дахин хэлэхэд, бид харилцаагаа хүндэтгэдэг, гэхдээ Энэтхэгийн зүгээс ямар нэг нааштай алхам хүлээх хэрэггүй. Энэтхэг ОХУ-тай үүсгэсэн харилцаандаа хүндэтгэлтэй ханддаг. Одоо ч Батлан хамгаалах салбарт худалдан авалтынхаа ихэнхийг ОХУ-аас хийж байна. Гэхдээ оросууд Энэтхэгийг үргэлж “дүү” хамтрагч байна гэж бодож байгаа бол том алдаа. Москва хэдий АНУ-тай муудсан гэж байгаа боловч одоо ч гэсэн ямар нэг байдлаар харилцсаар, хэлхээ холбоогоо хадгалсаар л байгаа. Тэгвэл барууныхантай сайн харилцаатай байх нь бидэнд ч хэрэгтэй байна шүү дээ. Дели Вашингтоны нөхөрлөлийг зөвхөн ОХУ-ын эрх ашигт харшлахын тулд гэж тайлбарлаж болохгүй биз дээ. Пакистаны хувьд, тэдэнд мөнгө байхгүй. Дотооддоо мөнхийн асуудалтай энэ улс өөрөө өөрийгөө бүтээн босгож буй. Москва тэдэнтэй ойртож нөхөрлөх нь Энэтхэгтэй харилцах харилцаанд нь муугаар л нөлөөлнө гэж би айж байна. 

Хятадууд Пакистаны дэмжиж, Шри Ланкад цөмийн пуужин нийлүүлэхээр бэлтгэж байна. Мальдивт цэргийн бааз байгуулахаар яриа хэлэлцээр өрнүүлж эхэлсэн. Тэд ингэж байхад Энэтхэг гараа хумхиад зүгээр сууж болно гэж үү.

-Хятадын талаарх яриандаа эргээд оръё. Тэднийг дайсан гэж нэрлэхэд арай хатуудна, гэхдээ нөхөр ч гэж нэрлэж болохгүй. Хятадууд Энэтхэгийн далайд нөлөөллөө өргөжүүлэх “Сувдан хэлхээ” төслийнхөө хүрээнд цэргийн баазуудыг байгуулах боллоо?

-Энэтхэгийн далайд нөлөөгөө бэхжүүлэх Бээжингийн санааг буруу гэж болохгүй. Тэд өөрсдийнхөө төлөө, төлөвлөсөн ажлаа л хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ үйлдлээрээ Энэтхэгийг тусгаарлахыг оролдож байвал асуудал огт өөр болно. Хятадууд ер нь манай улсын олон улсын тавцанд гарч ирэх боломжийг үргэлж хаасаар ирсэн. Асуудалд дайсагнасан байдлаар ханддаг гэдгээ ч нуудаггүй. Энэтхэг улс өнгөрсөн дөрөвдүгээр сард НҮБ-д хандан “Жаиш ба Мухамед” бүлэглэлийн толгойлогчийг алан хядагчийн жагсаалтад оруулах санал тавихад Бээжин татгалзсан. Үүнээс болоод саналаа эргүүлж татахад хүрсэн. 
Бид өөрийн гэсэн цэргийн холбоог үүсгэх нь гарцаагүй. ОХУ үүнд оролцох эсэхээ өөрсдөө шийднэ биз. Бид нэг алхам хийхэд тэд хэд, хэдэн алхам хийж байна шүү дээ. Хятадууд Пакистаны дэмжиж, Шри Ланкад цөмийн пуужин нийлүүлэхээр бэлтгэж байна. Мальдивт цэргийн бааз байгуулахаар яриа хэлэлцээр өрнүүлж эхэлсэн. Тэд ингэж байхад Энэтхэг гараа хумхиад зүгээр сууж болно гэж үү. Үнэнийг хэлэхэд, бид өдрийн цагаар бие, биенээ найз нөхөр гэж дуудан энх тайвны талаар яриад шөнө нь хутгаа хурцалж байна.
1962 онд, Энэтхэг-Хятадын дайн эхлэхэд С.Хрущев “Ах, найз хоёр муудалцаж эхэллээ” гэж хэлсэн байдаг юм. Ах гэж Хятадыг, найз гэж Энэтхэгийг хэлсэн хэрэг. Оросууд та нар энэ түүхээс дүгнэлт хийх хэрэгтэй. Та нар барууны орнуудын эсрэг эвсэл байгуулангуут л бид шууд гүйгээд орчихно гэж горьдох хэрэггүй. Бидний хувьд одоо  Хятадтай харилцаагаа сайжруулах нь илүү чухал асуудал болоод байна. Гэвч Бээжингийн хийж байгаа үйлдэл бүр нь энэ даалгаврыг хөнгөвчлөхөөсөө илүү хүндрүүлж байгаа нь харамсалтай.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.