БНН-ын жинхэнэ нэр дэвшигч нь Майк Пенс байсан уу

2016.11.16 Лхагва №106 (2137)

Д.Трамп Х.Клинтоныг илт давуу ялсан АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийг хүмүүс үр дүн нь санаанд оромгүй байсан гэдгээр нь 1948 оны, Харри Трумэн Томас Дэвэйг ялсан сонгуультай адилтган ярьж байна. Олон нийтэд нэр хүндтэй хэвлэлүүд ялагчийг буруу таан дугаараа урьдчилаад хэвлэлд шилжүүлчихсэн явдал ингэж жиших бас нэг шалтгаан болж буй. Тодруулбал, “Chicago Daily Tribune“ сонин 1948 оны санал хураалтын маргааш гарсан дугаартаа “Т.Дэвэй Х.Трумэнийг яллаа” гэж мэдээлсэн бол энэ оны арваннэгдүгээр сарын 9-ний дугаартаа “Newsweek” сэтгүүл “Хатагтай Ерөнхийлөгч” гэсэн гарчигтай нийтлэлийг эхний нүүрнээсээ давуулсан юм. Энэ бол дээрх хоёр сонгуулийн үеэр олон нийтийн хандлага санал тооологын дүнгээс ямар өөр байсныг харуулах нэг нотолгоо. Үнэхээр ч нам доторхи сунгаа, нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн гээд санал хураалтын өдөр хүртэл Хиллари Клинтон нэр хүндээрээ өрсөлдөгчөө итгэлтэйгээр давамгайлж, Ерөнхийлөгч болсон нь бараг ойлгомжтой, олон нийт ч үүнийг хүлээн зөвшөөрч байв. Гэхдээ олонхиос зөрж, Д.Трампыг ялна гэж зөгнөсөн хүн мэр сэр байсан. Тэдний манлайд 1984 оноос хойшхи АНУ-ын Ерөнхийлөгчийн найман сонгуулийн үр дүнг зөв таасан Аллан Личтмэн гэгч эрхэм байв. Улс төрийн үйл явцыг бодитой таамаглах чадвараараа “Урьдчилан хэлэгч профессор” гэгдсэн энэ эрхэм санал хураалт болохоос сар гаруйн өмнө “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Д.Трамп сонгуульд ялах болно” хэмээн хэлсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл сонины редакц “Урьдчилан хэлэгч профессор”-ын ярилцлгагыг бүтэн нийтлээгүй байжээ. Есдүгээр сарын 23-ны ярилцлагадаа тэрээр “Д.Трамп сонгуульд ялах болно. Гэхдээ тэр хугацаанаасаа өмнө огцорно. Намынхан нь түүнийг огцруулж, оронд нь Дэд ерөнхийлөгч Майкл Пенс төрийн тэргүүн болно” хэмээн ярьсан байж. Түүний ярилцлагаас хасч хаясан нэг минут 40 секундын бичлэг сонгуулийн үр дүн гарснаас хойш олон нийтэд хүрсэн юм.
Түүний таамаглал тодорхой зүй тогтол дээр үндэслэдэг бөгөөд урьд өмнөх таамгуудаа энэ л тогтолцоон дээрээ үндэслэн гаргадаг байсан гэнэ. Харин энэ удаагийн таамаглал нь зүй тогтол дээр сууриалаагүй, зүгээр л өөрийнх нь бодол гэнэ. Тэрээр “Би дахиад нэг зүйлийг урьдчилж хэлье. Бүгд найрамдахчууд Д.Трампыг Ерөнхийлөгчийн хувиар харахыг хүсэхгүй байгаа. Яагаад гэвэл тэд түүнийг хянаж чадахгүй. Д.Трамп бол урьдчилан таах аргагүй нэгэн. Барьцгүй хүн. Тийм ч учраас уламжлалт үзэл баримтлалтай, хянахад амар Майк Пенс тэдний шалгуурт яг тохирно. Тиймээс тэд Д.Трампыг ямар нэг аргаар унагаж, Майк Пенс Бүгд найрамдах намыг төлөөлсөн жинхэнэ Ерөнхийлөгч болно гэдэгт би итгэлтэй байна. Ингэх шалтгийг Д.Трамп өөрөө гаргаж өгөх болно. Тэгэнгүүт нь түүнийг “Үндэсний аюулгүй байдалд харшлэх үйлдэл хийсэн” гэдэг ч юм уу хариуцлага хүлээлгээд  байх ёстой газар руу нь явуулж орхино. 
Нам бүр дэргэдээ судалгааны албатай, хэн нэр дэвшвэл ялах боломж өндөр байгааг энэ албадаараа дамжуулаад тандчихдаг. Д.Трамп нэр дэвшсэн тохиолдолд БНН-ын гишүүдийн 90 хувь нь түүний төлөө саналаа өгнө гэдгийг тэд мэдэж байсан. Өөр ямар ч гишүүнийх нь нэр хүнд энэ хэмжээнд хүрэхгүй байсан учраас л тэд Д.Трампыг аргагүйн эрхэнд нэр дэвшүүлсэн хэрэг. 
Харин арваннэгдүгээр сарын 8-ны өдөр, бүгд найрамдах намын жирийн гишүүд, сонгогчид санал авах байранд очиж Д.Трампын нэрийг дугуйлсны дараа тэд алдаа болгоныг нь ажиглаж эхлэх болно” гэж тэрээр өгүүлжээ.
Түүний хэлсэнд итгэх юм бол Бүгд найрамдах нам хүсээгүй ч гэсэн өөр боломж байхгүй учраас л аргагүйн эрхэнд Д.Трампыг нэр дэвшүүлж Х.Клинтоныг дарсан, өөрөөр хэлбэл, “хүний гараар могой бариулсан” болж таарч байна. Харин дэд ерөнхийлөгчийн нэрээр төр барих жинхэнэ хүнээ шургуулсан байх нь. Сонгуулийн үеэр санал асуулгын дүнгээс өгсүүлээд “Үнэн” ховорддог гэдгийн нэг баталгаа л энэ байх даа. Аллан Личтмэн ч энэ сэдвийг хөндөж, “Олон нийтэд зарладаг санал асуулгын дүн бодитой байдаггүй юм шүү дээ. “Хиллари сонгогдох магадлал өндөр байна” гэж зарлаж байгаа нь сонгуулийн үр дүнг загварчлах гэсэн оролдлого төдий. Үнэндээ гэмт үйлдэл хийж байгаа хэрэг. Х.Клинтоныг 70-99 хувийн саналаар ялна гэж таамагласан судалгааны бүх байгууллагууд, “Nate Silver”-ийн судалгаа ч тэр, бодитой биш” хэмээжээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.