С.Батчимэг: дуурь бол хоолойны сайхнаас гадна ухаан шаарддаг урлаг

2016.11.16 Лхагва №106 (2137)

- “Тоска” дуурийг Г.Ариунбаатар ахтай дуулсан нь миний хувьд их аз завшаан -

“Учиртай гурван толгой” шилдэг дүр шалгаруулах улсын VII уралдааны Хоролмаагийн дүрийн тэргүүн байрын шагналт, ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Батчимэгтэй ярилцлаа. Тэрээр төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит олон улсын тэмцээний мэргэжлийн дуулаачийн төрөлд оролцохоор эх орондоо ирээд байгаа юм. 

-Сайн явж ирэв үү. Тэмцээндээ хэр бэлдсэн бэ?
-Сайн явж ирлээ. Арваннэгдүгээр сар тун завгүй өрнөж байна. Одоо харъяалагдаж буй Улан-Үд хотын дуурь бүжгийн эрдмийн театрынхан маань балет, оркестр, гоцлол дуучид гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-ын хотуудаар тойрон аялан тоглолтоо хийлээ. Тоглолтоо дуусмагц тэмцээндээ яаран эх орондоо ирлээ. Сайхан байна. Бэлтгэх зав бараг гарсангүй.
-Төрийн соёрхолт урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит олон улсын тэмцээнийг хувь хүнийхээ зүгээс та юу гэж дүгнэдэг вэ?
-Б.Шарав гуай дэлхийд үнэлэгддэг уран бүтээлч. Энэ утгаараа мэргэжлийн дуулаачдыг дэмжих, тэднээр дамжуулан дэлхийд Монголоо сурталчлах зорилгыг уралдаандаа агуулсан нь залуу дуучдад маш том урам зориг болдог. Олон улсын уралдааны төвшинд хүрсэн тэмцээн гэж боддог. Зохион байгуулалт, оролцогчид шүүгчдийг анзаарахад ер нь чансаа өндөртэй харагдаж байна. Миний хувьд энэ тэмцээнд орохыг маш их хүсдэг байсан учраас зорьж ирлээ. Буриадын Улан-Үд хотын театрыг төлөөлж дуучин Д.Бат-Эрдэнэ бид хоёр оролцож байгаа юм. 
-Таны дуурийн дуучин болох зам мөр хэрхэн эхэлсэн юм бэ?
-Багын л дуулж бүжиглэдэг хүүхэд байсан. Бүр дөрвөн настайгаасаа аймгийнхаа “Бяцхан мисс”-т түрүүлж, дараа нь улсын чанартай уралдаан тэмцээнийг огт алгасдаггүй болсон. Би Баян-Өлгий аймагт дунд сургуулиа дүүргэсэн юм. Тэндээс Улаанбаатар хотод ирж СУИС-д шалгалт өгнө гэдэг их хэцүү. Тэр жил харин аз таарч СУИС-ийн багш нар Увс аймагт ирж элсэлт авахаар болсон. Ээжтэйгээ хамт хол зам туулан Увсад очиж билээ. Шалгалт өгөөд баруун бүсээс нэгдүгээр байранд орж СУИС-д элсэн орсон. Шалгаруулалтын үеэр эстрадын, уртын, дуурийн дуучны ангиудаас сонго гэсэн. Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр дуурийн дуулаачийн анги сонгож байлаа. Ингээд 2012 онд сургуулиа төгссөн. 
-Хамгийн анх ямар тайзан дээр гарч өөрийгөө дуурийн дуучин гэдгээ олонд мэдрүүлж байв?
-Оюутан байхдаа Монголын суут уран бүтээлчдийн нэрэмжит улсын болон олон улсын чанартай олон уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцдог байсан. Их сургуулиа төгсөөд УДБЭТ-ын хоор ангид орж ажиллаад олон уран бүтээлд оролцож дуулсан. Дуучин гэдгээ олонд мэдрүүлсэн гэж хэлэхэд арай эрт байна. Харин хүмүүст бага зэрэг танигдсан үе гэвэл хуучин нэрээр ЗХУ-ын ардын жүжигчин, Монгол туургатны бахархалт уран бүтээлч Л.Линховоиний нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн явдал. Тэр бол өөрийгөө сорьсон анхны том тайз байлаа. Дараа нь ОХУ-ын Москва хотын “Большой театр”, Санкт Петербург хотын “Маринский” театр зэрэг дэлхийн дуучдын мөрөөдөл болсон тайзан дээр дууллаа. Энэ мэтээр зорилгынхоо төлөө зүтгэж л байна. 
-Баруун хязгаар Баян-Өлгийн “Бяцхан мисс” их гүрний Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин болсон түүхээсээ хуваалцаач?
-2014 он миний хувьд онцгой байсан. Л.Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд нэгдүгээр байр эзэлсний дараа Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театраас гоцлоочоор ажиллах санал тавьсан. Их гүрний олон мундаг дуучдаас суралцаж явна. 
-Саяхан та “Их театрт”-ын тайзнаа “Тоска” дуурийн гол дүрд тоглосон. Энэ дүрд яаж сонгогдсон бэ?
-Буриад улсад байгаа багш маань надад Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинигийн “Тоска” дуурьт дуулах санал тавьсан. Ингээд сар гаруй хугацаанд бэлдсэн юм. Дараа нь “Маринский” театраас “Тоска” дуурийн удирдаачийг урьж ирүүлээд шалгуулсан. Тэд хуралдаад С.Батчимэгийг тоглуулж болно гэсэн шийдвэрийг гаргасан юм билээ. Дэлхийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хааны одонт Г.Ариунбаатар ахтай цуг дуулсан. Энэ бол үнэхээр том аз завшаан юм. 
-Дуурийн дуучин байхын онцлогийн талаар яриач?
-Дуурийн, уртын, эстрадын гээд бүх дуучид өөр өөрийн онцлогтой. Энэ дундаас дуурийн урлаг бол амьсгааны урлаг. Байгалиас заяасан онцгой сайхан өгөгдөл хоолой байлаа ч гэсэн толгойгоо ажиллуулж чадахгүй бол нэмэргүй. Амьсгаагаа яаж зөв хуваарилахаас эхлээд ухаан шаардагддаг. “Хэрвээ чи дуурьт дуулах гэж байгаа бол маш ухаантай байх хэрэгтэй” гэж багш маань үргэлж хэлдэг юм. Дуулж байх үед хоолойны цараанаас гадна дуулах техник, ур чадвар их чухал. 
-Дуулангаа дүрээ хүмүүст хүргэх, ингэхдээ тухайн дүрийн сэтгэл хөдлөл, зан араншинг гаргах хэцүү байдаг уу?
-Тийм ээ. Эхэндээ хэцүү байсан. Шаргуу хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилтаа уйгагүй хийвэл болдог гэдгийг мэдсэн. Дуулалтандаа анхаарахаас гадна нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн их чухал байдаг. 
-Гаднын тэр тусмаа ОХУ-ын театрт манай улсын дуучид их байдаг. Энэ нь бахархалтай хэрнээ, нөгөө талаар харамсмаар хэрэг юм шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Монголчууд маань сүүлийн жилүүдэд сонгодог урлагийн үнэ цэнийг мэддэг, ойлгодог болсон нь анзаарагддаг. Тайзан дээр тоглож буй бүтээл, их урлагийн талаарх мэдээллүүдийг маш таатайгаар хүлээж авч байгаа нь мэдрэгддэг. Монголын дуучид үнэхээр чадварлаг. Гадаадын улс орнуудад урилгаар тоглолтонд оролцож, гэрээгээр ажиллаж байгаа нь ч цөөнгүй байна. Энэ хэрээр манай сонгодог урлагийнхан дэлхийд танигдах суурь нь тавигдаж байгаа гэж боддог. Гол нь олон улсын чанартай тэмцээн уралдаанд тасралтгүй орж, суралцаж, танигдаж байх нь чухал. Одоо ажиллаж, харъяалагдаж байгаа театр маань гэхэд долоо хоног бүр хүүхдийн дуурь тавьдаг. Урлагийн хүн биш юм аа гэхэд урлаг, гоо зүйн боловсрол мэдлэгтэй иргэдээ багаас нь бэлтгэдэг нь таалагддаг. Эх орондоо хэрэгжүүлэх юмсан гэж бодож байгаа. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.