Ц.Хулангийн “хашгираан”

2016.11.16 Лхагва №106 (2137)

Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулсан “Монгол ардын суут” хэмээх жүжиг Хүүхэлдэйн театрын тайзнаас үзэгчиддээ хүрлээ. Уг жүжгийн зохиолыг яруу найрагч Ц.Хулан бичиж, найруулагч Б.Баатар тайзнаа дэглэжээ. 
Жүжгийн сурталчилгааны зурагт хуудасны дээд буланд:  
“Хэнээтнүүдэд биш
Сэхээтнүүдэд зориулав” хэмээн бичсэнийг үзээд, яруу найрагч Ц.Хулангийн хэдэн жилийн өмнө бичсэн орчин үеийн сэхээтнүүдийн тухай нийтлэл сэтгэлд харвасан нь андуу бодол биш байв. Бага тайзанд тохируулан төсөрхөн шийдэлтэй тавигдсан эл жүжгийн зохиол Монголын нийгмийг нөмрөөд буй оюуны хоосролын тухай яруу найрагчийн сэтгэлээс гарсан хашгираан байлаа. Жүжигт хэдийгээр их Д.Нацагдоржийн амьдралын сүүлчийн шөнийг хүүрнэх боловч, угтаа одоо цагт бидэнтэй хаа сайгүй тохиолдох зөрчил, харилцааг тайзнаа амилуулжээ. 
Жүжгийн эхэнд Д.Нацагдорж өөрийг нь авч явахаар ирсэн үхэл буюу “Хар хүн”-тэй биеэр учирна. Нэгэн шаналгаат шөнийн турш үхэл нь түүнийг мөрдөн дагана. Фаустаас эхлээд Милош щ Форманы “Амедиус” кино, энэ жүжгээс нэг долоо хоногийн өмнө тавигдсан Ш.Гүрбазарын зохиол “Жаргаагүй нар” жүжигт ч ашигладсан энэ шийдэл эхэндээ жүжгийн үзэгчдэд ул дол мэт санагдах ч төгсгөлд нь тааварлашгүй эргэлт хүлээж буй. 
Жүжгийн турш Д.Нацагдоржийг дагах Хар хүний ярианаас Ц.Хулангийн үзэгчдэд хүргэхийг хүссэн шүүмжлэлт санаанууд тодорно. Чингэхдээ зүгээр л цаг үеийн эрээн барааныг билбүүрдэн тоочсонгүй. Жүжиг дууссан хойно Д.Нацагдоржийн амьдарч, мухардаж явсан тэр цаг үеэс бидний цаг үе тохь тух, орчин нөхцөл, амьдралын чанараар хол илүү ч, сэтгэлгээ маань өөрчлөгдсөн юм болов уу  өөрөөсөө асуухад хүрлээ. 
Бурангуй хүчний өмнө биесээ матаж, урваж, чухамхүү яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэгэнтээ бичсэн шиг, 
“Хөдөөлсөн бах шиг үсрэлдэн байсан
Хөгтэй, хөөрхийлөлтэй тэр цаг үе” одоо ч хэвээр байна гэсэн эмзэглэл “Монгол ардын суут” жүжигт шингэжээ. Орчин цагийн Монголын оюун санааны эцэг болсон Д.Нацагдоржийн дэргэд бидний үеэс хэн нэг маань очоод хамаг зовлонгоо ярьж, хамтдаа гутарч суугаа юм шиг санагдсаныг ч нуух юун. Ямартай ч энэ жүжгийн зохиолоос яруу найрагчийн халуун сэтгэл мэдрэгдэнэ. 
Жүжгийн найруулгын хувьд өөлөх зүйлгүй байлаа. Б.Баатар найруулагчийн алхам бүрийг нь яв цав тооцоолж, жижиг хэрэглэлдээ хүртэл билгэдэл шингээхийг хичээдэг уран бүтээлч чанар энэ бага тайзны жүжгээс анзаарагдана. Басхүү жүжгийн зохиолын зарим хэсэг дэх шүүмжлэлт санаа, намтарчилсан баримтат өгүүлэмж хоёрын авцалдаагүй байдлыг жүжгийн найруулгаар тун ч ухаалаг шийдэж, далдалж өгсөн юм шиг санагдсан. Найруулагчийн шийдэл болон зохиолын үйл явдалыг үүнээс илүү дэлгэрүүлэх нь илүүц хэрэг болов уу. “Монгол суут жүжиг” энэ долоо хоногт завсарлаад, ирэх долоо хоногоос ахин тайзнаа тавигдаж эхэлнэ. 
“Монгол ардын суут” жүжгийг бага тайзанд, төсөрхөн тавьсан учраас орон нутгийн театруудад ч тавих боломжтой юм. 110 жилийнх нь ойгоор нэг ч гэсэн аймагт Их зохиолчийнхоо амь амьдрал, үзэл санааных нь тухай амь халуунаар өгүүлэх жүжигт тоглогдоосой билээ. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.