Фракцуудын тохироо

2016.11.16 Лхагва №106 (2137)

Улс төрийн хоёр том хүчний нэг Ардчилсан нам сонгуульд үнэмлэхүй ялагдсан “шок”-ноосоо өнөө хэр гарч чадаагүй байна. Уг нь энэ ялагдал нь тэдэнд ихэнх тохиолдолд буюу урт хугацаандаа ялалт авчирч байв. Тэд 1996-2000 онд парламентад олонхи буюу 50 суудалтай байсан ч 2000 оны ялагдлынх нь суурь болсон. Үр дүнд нь ардчиллын төлөөх таван нам нэгдэж байлаа. Үүнтэй адил өнгөрсөн дөрвөн жилд тэд олуулаа байж, засгийн эрх барьж байсан ч энэ удаа төр түшилцэх есхөн гишүүнтэй сууж байна.

Ерөөс АН ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй байгаа хамгийн том шалтгаан нь аль фракцын төлөөлөл намын дарга, цаашлаад хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх вэ гэх маргаанаас үүдэлтэй.

Энэ удаагийн сонгуульд ялагдсан шалтгааныг янз бүрээр тайлбарлаж буй ч нам доторх фракцуудын тэмцэл, хуваагдал нь хүчээ авч, хэвлэлээр нэгэндээ үг дайж, жирийн гишүүд, дэмжигчдээ ч хамруулах болсноос үүдэлтэй.

Тэд ялагдлаа хүлээн зөвшөөрсөн ч хуралдаж чадахгүй дөрвөн сар гаруй хугацаа өнгөрлөө. Халуун зунаар буюу долдугаар сард хуралдаж эхэлсэн ҮЗХ-ны хуралдаанаараа асуудлуудаа шийдвэрлэж чадаагүй намрын саруудыг үдэж, одоо өвлийн тэргүүн сартай золгожээ. Фракцуудынх нь тэмцэл дээд цэгтээ хүрч, сонгуулийн дараа хуралдсан ҮЗХ-ны хурлын үргэлжлэл хоёр удаа хойшилсны дүнд өнөөдөр нэг юм хуралдах гэж байна.

Ерөөс АН ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй байгаа хамгийн том шалтгаан нь аль фракцын төлөөлөл намын дарга, цаашлаад хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх вэ гэх маргаанаас үүдэлтэй.

Ялагдсан намын даргыг парламентад сонгогдсон гишүүдээсээ тодруулъя хэмээн гишүүд, дэмжигчид нь хэлж буй ч халаагаа өгөх болсон хуучцуул нь зайгаа тавьж өгөхгүй байгаагаас өнөөдрийн их хэрүүл үүсч байна. Цаашлаад намын дарга болсон хүн ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх “виз” авч мэдэх учир фракцууд “цусгүй” тулаан өрнүүлж буйг хэвлэлээр гарч байгаа мэдэгдлүүдээс бэлээхэн харж болно. Нэгнийгээ “намнасан”, урваач шарваачаар нь дуудсан, гомдсон, тунирхсан өнгө аястай ярилцлагууд, дайралт давшилтууд, ҮЗХ-ны гишүүдээс фракцууд өөрсдөдөө урвуулах гэсэн оролдлогуудыг энд дурдвал илүүц биз.

ҮЗХ-ны 228, УИХ-ын сонгуулийн өмнө дүрмийн бусаар нэмсэн 31 хүнийг оруулаад одоо 259 гишүүнтэй болоод байна. Фракцууд энэ удаагийн ҮЗХ-д хэрхэн нэгдэж хамтарч оролцож байгааг сонирхуулъя.

“Алтангадас”+МҮДН

Нэгэн үе АН-ын чигийг зааж байсан “Алтангадас” фракц одоогоор намын удирдлагад нөлөөлөл муутай байгаа ч ҮЗХ-д олонхийг багцлах хэмжээнд суудалтай хэвээр байна. Хэрэв хүсвэл цөөн бус гишүүнтэй ганц нэг фракцыг урвуулахад л тэд ҮЗХ-д олонхийг бүрдүүлж, санал хайрцаглах хэмжээний хүчтэй.

З.Энхболд намын дарга байхдаа “Шонхор” фракцынхныг ҮЗХ-д нэлээд оруулсан ч “Алтангадас”-ынхантай дүйж очих болоогүй байгаа. Иймээс ч “Алтангадас”-ынхан дахин нэг фракцыг эгнээндээ нэгтгэх чиглэлд ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл бий. 

Хамгийн бодитой байж мэдэх хувилбар нь “Алтангадас”+МҮДН. Энэ тохироо үнэн бол “Алтангадас” генсекээ, МҮДН намын даргаа авч ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийг “илгээх”нь баараггүй болов уу. Өөрөөр хэлбэл, МҮДН өдгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч, орон нутгийн сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан Д.Эрдэнэбатыг жинхлүүлэх сонирхолтой байгаа бол “Алтангадас”-ынхан С.Төмөрхүүг генсек болгох хүсэлтэй гэх. Өдгөө ҮЗХ-д “Алтангадас”-аас 50 гаруй, МҮДН фракцаас 25 орчим төлөөлөл байдаг юм байна. Тиймээс ҮЗХ-ны нийт гишүүдийн гуравны нэгээс илүү дэмжлэгийг авна гэж тооцон ийн хүчээ нэгтгээд байгаа аж.

Үүнээс гадна Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө ил тодоор мэдэгдсэн нь тохиолдлын зүйл биш байх. Д.Эрдэнэбат бол АН-ыг удирдаж байсан хүн. Н.Алтанхуягийг намын дарга байхад генсекээр нь ажиллаж АН-ын дараалсан ялалтуудыг Н.Алтанхуягтай хамт тавилцсан хүн. Тиймээс ч Д.Эрдэнэбатыг намын дарга болгоод “Алтангадас” дотроос генсек тавих нь Н.Алтанхуяг өөрөө намын дарга болсноос өөрцгүй явдал юм.

МоАН+Зүүн хойд Ази

ҮЗХ-д сонгуулийн дараачаас АН-д шинээр “мэндэлсэн” МоАН фракц хүчтэй болж эхэлжээ. Уг нь бол хуучин фракц, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн тэргүүлдэг “Чандмань” клубынхан УИХ-ын гишүүн Л.Болдын Зүүн хойд Ази, гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж нарыг эгнээндээ нэгтгэн МоАН фракц болон хүчээ зузаатгасан байдаг.

Энэ фракцад “Алтангадас”-аас Ч.Сайханбилэг, С.Баярцогт болон тэднийг дагадаг хүмүүс ороод буй юм. Тэд УИХ-ын гишүүн Л.Болдыг намын даргад, Г.Батхүүг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх тохироотой оролцож байгаа гэнэ.

МоАН-д “Кроун”, “Зүүний хойд Ази” гээд фракцууд уусчээ. Тэд намын удирдлагыг мөнгөөр худалдаж авахаар улайрч байна гэж зарим гишүүд, дэмжигчид нь бухимдаж байсан. ҮЗХ өдгөө дүрмийн бус 259 гишүүнтэй байгаагаас ихэнхийг нь мөнгө өгөх замаар өөртөө “урвуулж” буй гэх мэдээлэл ч бий юм. Гэхдээ МоАН санаачилгад эвлүүлж болшгүй ан цав үүсээд буйг хэлэх хүн ч байна. Юу гэвэл Орон нутгийн сонгуулиар нийслэлийн Хан-Уул дүүргийн нэр дэвшүүлэлт дээр Г.Батхүү, Лу.Болд хоёр зөрөлдсөн нь нэгэнт тодорхой болсон зүйл. Хэдэн жилийн турш Хан-Уул дээр бэлдэж байсан Лу.Болдын хөрсийг Г.Батхүү сонгуулийн үеэр сэндийчиж, нэр дэвшүүлэлтийг ерөнхийдөө зохион байгуулчихсан. Орон нутгийн сонгуульд дандаа шахуу ялалт байгуулж ирсэн Хан-Уулын АН-ын хуваагдал өнөөдөр тус намыг дүүргийн ИТХ-д цөөнх болгочихоод байна.

МоАХ

МоАХ фракц дотроо хэд хэд хуваагдаад байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Ш.Түвдэндорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, НИТХ-ын дарга асан Д.Баттулгын гээд бодитой хуваагдлууд бий болжээ.

Энэ бүхнийг нэгтгэхийн тулд П.Цагаан намын даргад өрсөлдөх гэж буй гэсэн явган яриа ч хүчтэй түгж эхэлсэн байна. Гэхдээ түүний эцсийн зорилго намын дарга бус генсек болох гэсэн сөргүүлж тавьсан тайлбар байгааг ч энд зориуд тодотгоё. Энэ сцениараар бол УИХ-ын гишүүн асан Х.Баттулга намын дарга, П.Цагаан генсек болох ёстой аж. Харин ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд хотын мэр асан Э.Бат-Үүлийг “илгээх” хувилбар байгаа бололтой.

“Шонхор”

Энэ фракц ҮЗХ-д “Алтангадас”-аас дутахгүй нөлөөтэй. Нөлөөллийн хэмжээг нь З.Энхболд АН-ын дарга болсноор, “Шонхор”-ынхон өмнөх засагт хамгийн олуулаа байснаар тодорхойлж болно. Ардчилсан хүчний холбоо гэсэн ТББ байгуулагдаад удалгүй  “Шонхор” фракц болж хувирсан. Гэхдээ намын бараг бүх эрх мэдлийг атгаж байсан “Шонхор”-ынхон эргэж буцаад энэ эрх мэдлээс зуурах ямар ч боломжгүй байсан. Иймээс ч тус фракцынхан улсын хэмжээний улс төр хийхгүй гэх шийдэлд хүрсэн гэх мэдээлэл байна. Тэд УИХ дахь бүлгийн даргын албан тушаалыг авч, Баянгол дүүргийн удирдлагыг авахаас өөрөөр улс төрийн ямар нэг акцад одоогоор оролцохгүй байгаагаас үүнийг харж болно. УИХ дахь АН-ын бүлэгт гурвуулаа буюу хамгийн олуулаа болоод байна.

“Шонхор” фракцынхны туйлын зорилго нийслэлийн АН-ын даргыг авах аж. Тиймдээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Нам дунд шатандаа хүчтэй байх ёстой” хэмээн нэг бус удаа ярьсан байдаг. Нөгөөтэйгүүр “Шонхор”-т намын дарга, ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх кандитад байхгүй байгаа юм.

“Нэг Ардчилал”+ “Шинэчилье” хөдөлгөөн

“Нэг Ардчилал” фракцын төлөөлөл УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн ч Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-д ямар ч дэмжлэггүй. Тус фракц намд “Алтангадас”, “Шонхор” шиг  нөлөөтэй биш учраас “Нэг Ардчилал” фракц тарлаа гэж мэдэгдсэн хэрэг. Ийн фракцгүй болгож задалснаар нийт намын гишүүдийн дэмжлэгийг авах, 70-аад оныхон ачаа үүрэх болсон хэмээн фракцгүй гэдгээр нягтруулах гэж оролдож буй хэлбэр төдийхөн зүйл юм.

Гэхдээ тэдэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэг бий. Л.Гантөмөрөөр дамжуулж намын эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх оролдлого байхыг үгүйсгэхгүй. Улмаар Р.Амаржаргалыг 2017 онд бэлдэж байхыг ч үгүйсгэхгүй.

Ер нь бол Ерөнхийлөгчийн угшилтай хүмүүс “Нэг Ардчилал” фракцид багтдаг билээ. АН-ыг шинэчлэх ажлын хэсэг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд байгуулагдсан. Тус ажлын хэсгийнхэн “Манай нам гишүүд, дунд, доод шатны хүмүүсийн оролцоотой нам байж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд бүх талын оролцоог хангасан, шударга хуваарилалт хийж байгаагүй. Дараагийнх нь, хариуцлагын асуудал. Дүрэм дээрээ, цаасан дээр хариуцлагын талаар зааж өгсөн ч яг үнэндээ дүрмийн ч хариуцлага алга, ёс зүйн ч хариуцлага алга. Энэ нь хүн болон дүрмээс шалтгаалж байгаа. Тиймээс дүрмээ өөрчлөх шаардлага тулгарч байна” хэмээн дүрмийн төслийг боловсруулжээ.

Энэ хөдөлгөөний ажлын хэсэг 35 хүний бүрэлдэхүүнтэй аж. Гэхдээ эдгээр залуусын ихэнх нь “Нэг Ардчилал” фракцын угшилтай хүмүүс байгаа юм. 

ҮЗХ-гоор юу шийдэх вэ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын буюу 2008 онд МҮДН-ий боловсруулж байсан болон Э.Бат-Үүлийн, С.Эрдэнийн, “Шинэчилье” хөдөлгөөний гэх төсөл байгаа

Намын дүрмийг шинэчлэх тухайд одоогоор дөрвөн төсөл АН-ын Хэрэг эрхлэх газарт иржээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын буюу 2008 онд МҮДН-ий боловсруулж байсан болон Э.Бат-Үүлийн, С.Эрдэнийн, “Шинэчилье” хөдөлгөөний гэх төсөл байгаа аж. Дүрмийн төсөлд АН дэд даргатай байх заалт ч тусгагджээ. Энд дурдсанаар бол АН таван дэд даргатай, түүгээр ч зогсохгүй бүс нутаг хариуцсан дарга нартай байх хувилбар яригдаж байгаа ажээ. Гэхдээ фракц хоорондын тохироо хүчээ авч буй учир энэ удаагийн хурлаас намын даргыг сонгохгүй. Дэд даргын асуудал бол бүр ч яригдахгүй. Харин намын дүрмийг шинэчлэх болоод Их хуралд бэлтгэх ажлын хэсэгт ажиллах хүмүүсээ фракциуд тохирох юм. Гэхдээ ҮЗХ юу ч шийдэхгүй гэж хойш суух фракц байхгүй бололтой.

Намын Их хуралд бэлдэх ажлын хэсэгт хүмүүсээ оруулахад АН-ын фракцууд намын дарга сонгох дайны хэмжээнд өрсөлдөж байна. Учир нь, энэ ажлын хэсэг намын Их хуралд хэн орохыг шийддэг юм байна. Тэгэхээр фракцууд Их хуралд өөрсдийн хүнийг аль болох олон оруулахын тулд зохион байгуулах ажлын хэсэгт орох гэж улайрдаг аж. Энэ хоёр ажлын хэсгийг байгуулаад эв найрамдалтайгаар ҮЗХ тарвал ирэх сарын 6-нд гэж товлоод буй  намын Их хуралд өөрсдийн хүмүүсээ хэн олон оруулсан нь намын даргын тамгыг атгах юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.