МАН-ын генсект Н.Төмөрхүү нэр дэвшинэ гэв үү

2016.11.16 Лхагва №106 (2137)

Сөрөг хүчнээс эрх баригчийн байранд шилжсэн МАН-ын Бага хурал энэ сарын 20-нд болох урьдчилсан товтой байгаа. Харьцангуй нам гүм явагдах нь тодорхой гэж олон хүн таамаглаж байна. Гэхдээ борооны өмнө шороо гэдэг шиг тус намын нам гүм гэгдэж буй Бага хурлын өмнө нэлээд маргаан, нэжгээд өрсөлдөөн хөшигний цаана үргэлжилж байгааг энд дэлгэе. Энэ бол генсекийн албан тушаалын төлөөх шийдвэрлэх уралдаан юм. 

Тодруулъя. МАН шат шатны сонгуульд бахдам ялалт байгуулсан. Тэгвэл бахдам ялалтын дараахь анхны Бага хурлаараа намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэхээр төлөвлөөд буй. Өөрөөр хэлбэл, одоогийн ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхэлж, албан ёсны гэсэн статустай болгох байлаа. Гэвч Д.Амарбаясгалан түр орлон гүйцэтгэгчийн зогсоолоос "жинхэнэ генсек"-ийн суудалд тийм ч амархан хүрэхгүй бололтой. Уг нь УИХ, орон нутгийн гэсэн дараалсан хоёр сонгуульд Д.Амарбаясгалан томоохон үүрэг гүйцэтгэж, намаа ялалтад хөтөлсөн. Энэ гавьяаг нь харвал түүнийг амархан жинхэлчихмээр. Гэхдээ МАН дотор арай өөр хуваарилалт өрнөж буй ажээ. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалангийн өрсөлдөгчийн нэрийг нам дотроо зарлан хэлэлцэж эхэлсэн байна.
Тодруулбал, Д.Амарбаясгаланг зэрэг нэмэхийн өмнө Зам, тээврийн сайд асан Н.Төмөрхүү улс төрийн ууган хүчин МАН-ын генсект яригдаж эхэлсэн байна. Н.Төмөрхүүгийн хувьд Зүүний хүчний холбооны хүн гэгддэг. Нэг ёсондоо Шадар сайд У.Хүрэлсүхийн фракцын хүн гэсэн үг. Тэгэхээр У.Хүрэлсүх өөрийн хүнээ өөрийнхөө хашиж байсан хуучин албан тушаалд тавихаар зүтгүүлж байж мэдэх юм. Угаас сүүлийн хэдэн жилийг харахад МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг У.Хүрэлсүх болон түүний фракцын хүмүүс алдсан түүх үгүй. У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Г.Занданшатар гээд л.  Д.Амарбаясгалан ч бас уг нь эндхийн “данс”-тай байв. 
Тэгвэл У.Хүрэлсүх яагаад ген­секийн суудалд Н.Төмөрхүүг тавихаар зүтгэж байгаа вэ. УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь бараг тодорхой гэж хэлж болно. Хэрвээ тэгвэл МАН-ын даргын тамгыг дараагийн хүнд шилжүүлнэ. Тэрхүү дараагийн хүн нь У.Хүрэлсүх байх өндөр магадлалтай юм. Тиймээс том зургаа харвал У.Хүрэлсүх өөрөө намын дарга болоод, өөрийнхөө фракцын хүнийг генсек болгочихвол МАН-ын удирдлагад бат бөх үүрээ засах боломж бүрдэнэ. Уг нь Д.Амарбаясгалан ч Зүүний хүчний холбоонд хамаардаг юм. Гэхдээ сүүлийн үед Хотын фракцад холбирох маягтай байгаа нь Зүүний хүчний холбооныхон болон тус фракцын тэргүүнд таалагдахгүй байгаа гэх. Үүнээс болж У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланг биш Н.Төмөрхүүг сонгосон байж магадгүй юм.      
Нөгөөтэйгүүр, МАН Н.Төмөрхүүд шууд бусаар “өртэй” гэж хэлж болно. 2012 оны УИХ-ын сонгуульд л гэхэд Н.Төмөрхүү Өвөрхангайд ялалт байгуулсан ч шүүхийн шийдвэрээр ялалт нь ялагдал болон хувирсан. Харин дараа нь МАН хамтарсан Засгийн газрын үед түүнд Зам, тээврийн сайдын албан тушаал өгсөн нь цаанаа нэгийг бодогдуулна. Харамсалтай нь зургаахан сарын дараа МАН хамтарсан засгаас хөөгдчихсөн. Түүнээс гадна 2016 оны УИХ-ын сонгуульд Н.Төмөрхүү Өвөрхангайд “даагаа нэхэх” өндөр магадлалтай байлаа. Гэвч нэр дэвшээгүй. Шалтгаан нь тодорхойгүй үлдсэн. Харин одоо тодорхой болж байх шиг. 
Эцэст нь шууд бус өр гэдэгт Тусгаар тогтнолын ордонг хамааруулж болно. Өөрөөр хэлбэл, МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонг Н.Төмөрхүүгийн удирддаг “Өндөр буянт холдинг” компани барьсан байдаг. Ганц энэ ажилд нь МАН ач санаж ч болох юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.