“Төгрөгийн хямрал”-ын 7 шалтгаан

2016.11.16 Лхагва №106 (2137)

Доллар галзуурч байна гэх үг тренд болжээ. Үнэндээ бол доллар галзуурсан хэрэг биш, төгрөг л доройтож буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл төгрөгийн хямрал нүүрлээд байна. Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанаас хойш олон улсад долларын ханш харин ч бууж байгаа. Төгрөгийн худалдан авах чадвар улам бүр суларч буй шалтгааныг хэвлэл, эх сурвалжууд өөр өөрийнхөөрөө оношилсныг тоймловол доорх шалтгаан, хардалт тодорч байгаа юм.

Нэг. Монгол Улс валют арилжааны нэгдсэн баазгүй

Монгол Улсад валют арилжааны нэгдсэн бааз суурь байхгүй. Бааз суурьгүй учраас валют арилжаалагчид, худалдан авагчдын мэдээлэл зөрүүтэй байдаг. Монголбанкны жил бүрийн ажлын төлөвлөгөөнөөс Монголд валют арилжааны нэгдсэн бааз суурь үүсгэх талаар агуулга олж болно. Харамсалтай нь ажил хэрэг болсон нь үгүй. Өөрөөр хэлбэл Монголбанкинд валютын дуудлага худалдаанаас өөр зах зээлийг хянах, бодлого боловсруулах арга хэрэгсэл үндсэндээ байхгүй. Иймээс хэрэв Монголбанкийг зах зээлийн мэдрэмж, чадвар муутай хүмүүс, улстөржсөн өнцөгөөс удирдаж буй нөхцөлд өнгөрсөн долоо хоногт болсон шиг савлагаа гарсаар л байх болно. 

Хоёр. Валютын нөөц шавхагдсан

Өнгөрсөн баасан гаригт Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2017 оны төсөв батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийх үеэрээ, “Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгаа. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж, хяналтаа алдахгүй байдлаар явж байгаа. Гол бэрхшээл бол Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой. Өнгөрсөн жилүүдэд 7 их наяд 954 орчим тэрбум төгрөгийг зах зээл рүү хэвлэж хийсэн. Энэ нь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Энэ эрэлтийг хангахын тулд Монголбанк валютынхаа нөөцийг шавхсан” гэж мэдэгдсэн.

Дотоодын зах зээл дээрх ам.долларын хэмжээ хорогдсоор байгааг Монгол Улсын төлбөрийн тэнцлийн статистик тодорхой харуулна. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 232.1 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.   

Мөнгөний авдарынхаа түлхүүрийг харийн хүнд өгөхөөс өөр бодлого, зүтгэл манай төрд энэ өдрүүдэд лав алга.

Мөн эдийн засагч Б.Оюунбадам “Ирэх онд төлөх дотоодын өр болон төсвийг тэлсэн байдлаар баталсан нь нөлөөлж байна. Дэлхийн эдийн засгийн хандлага, манай улсын түүхий эдийн үнийн уналт зэрэг нь мөн нөлөөлсөн. Ер нь энэ байдал энэ жилдээ төдийлөн өөрчлөгдөхгүй болов уу” гэжээ.

Төв банкинд гадаад валютын нөөц хангалттай байвал ханшийг хазаарлан тогтвортой барьж чаддаг. Өөрөөр хэлбэл зах зээл аль нэг оролцогчоос шалтгаалж өнгөрсөн долоо хоногт болсон шиг савлахгүй. Гэтэл Монголбанк нэг тэрбум гаруй ам.долларын нөөцтэй гэдэг. Үүнээс улбаалан Монгол Улсын төлбөрийн чадвар муудаж, түүнийг нь “S&P” болон “Moody’s” гэсэн олон улсын санхүүгийн шинжээч агентлагууд зээлжих зэрэглэлийг шат дараалан бууруулснаар тодорхой болгосон билээ. Үүнээс гадна дотоодын зах зээл дээрх ам.долларын хэмжээ хорогдсоор байгааг Монгол Улсын төлбөрийн тэнцлийн статистик тодорхой харуулна. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 232.1 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Өөрөөр хэлбэл оноос хойш 231.1 сая ам.доллар Монгол Улсаас гарч оджээ.

Гурав. Сүржин мэдэгдэл, даржин бодлого

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар албаа авуутаа дотоод гадаадад од болсон билээ. Тэд Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихээд буйг зарлахдаа хариуцлагаас мултрах арга замаа зөнгөөрөө эрснээс биш, уг мэдэгдэл нь улс орны эдийн засагт улам нэрмээс болохыг тооцоогүй. Магадгүй тооцохыг ч хүсээгүй биз. Монгол Улсад төрийн залгамж бодлого байхгүй, улстөрчдийн хувьд өдөр бүхэн сонгууль байдгаас  болж, өрсөлдөгч улс төрийн нам нь биш  долларын зээлтэй баялаг бүтээгчид буланд шахагдаж байна.

Эдийн засагч Б.Лакшми энэ талаар, “Монголбанк валютын нөөцгүй болсноо зарласан нь долларын ханшийг  хөөрөгдөхөд нөлөөлсөн... Валютын ханшид сөргөөр нөлөөлж байгаа бас нэг зүйл нь  Монголын Засгийн газраас өгч байгаа мессежүүд. Оюутолгойн гэрээг эргэж харна гэдгээ Засгийн газар зарласнаас болоод хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх муу сигналыг гадаад зах зээлд өглөө л дөө. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Монгол зөв мессеж өгөх ёстой” хэмээж байна. Харин эдийн засагч Ч.Отгочулуу энэ асуудалд УИХ ч буруутай гэсэн байр суурьтай байна. Ч.Отгочулуу, “Шинэ парламент олон арван хуулиудыг буцаан өөрчилнө, татварын хувь хэмжээг нэмнэ гэж зарласан нь  хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлсөн. Хөрөнгө оруулагчид шинэ засаг, шинэ парламент ямар хууль батлах, ямар бодлого хэрэгжүүлэхийг хараад сууж байгаа. Ер нь гадаад худалдааны тэнцэл гэхэд 500-800 сая долларын ашигтай байгаа. Төлбөрийн тэнцэл тийм ч муу биш байна.  Гол нь бид шалтгаанаа зөв хараад эдийн засагт зөв мессеж өгөх, итгэл төрүүлэх хэрэгтэй байна. Харамсалтай нь, эрх баригчид эдийн засагт итгэл төрүүлж чадахгүй байна...” гэжээ. 

Эдийн засгийг доргиох мэдэгдэл хийсэн шигээ, тогтворжуулах бодлого гаргаж тавина гэж төр засгийн зүг намаржингаа харсан ч “Стэндбай” хөтөлбөр, урд хөршөөс авах зээл хоёроос өөр үггүй ажиглаж сууна. Мөнгөний авдарынхаа түлхүүрийг харийн хүнд өгөхөөс өөр бодлого, зүтгэл манай төрд энэ өдрүүдэд лав алга.

Дөрөв: Долларын интервенцгүй хоёр долоо хоног

Доллар “галзуурч” эхэлсэн пүрэв гаригт банкууд 2425.00-2481.55 төгрөгийн ханшаар 71.2 сая ам.доллар, 356.50-362.61 төгрөгийн ханшаар 123 сая юань худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй. 

Монголбанкны зүгээс долоо хоног бүр (мягмар, пүрэв гаригт) валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Энэ дагуу 11 дүгээр сарын 1-нд Монголбанк арилжааны банкуудаас ирсэн саналыг 100 хувь биелүүлсэн. Харин үүнээс хойш үндсэндээ хоёр долоо хоног интервенц хийгээгүй. Доллар “галзуурч” эхэлсэн пүрэв гаригт банкууд 2425.00-2481.55 төгрөгийн ханшаар 71.2 сая ам.доллар, 356.50-362.61 төгрөгийн ханшаар 123 сая юань худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй. 

Маргааш нь ээлжит бус дуудлага худалдаа зарлаж нийлүүлсэн 72.4 сая доллар тэгэхээр хэтэрхий оройтсон алхам. Хэрэв Монголбанк интервенцээ хийдгээрээ хийгээд явсан бол нөхцөл байдал ингэж хурцдахгүй байсан болов уу. Эндээс яагаад Монголбанк интервенц хийгээгүй вэ гэсэн асуулт ургана. Тэр асуулт нь цаашаа улс төрийн өнгө аястай нэгэн хардалтыг төрүүлнэ. 

Тав. Хардалт: Зах зээлээр зориуд наадаад байна уу?

Ерөнхий сайд асан М.Энхсайхан “news.mn” сайтад өгсөн тодруулгадаа нийгэмд төрөөд буй нэгэн хардалтыг томъёолж өгөв. Тэрээр, “Өнөөдөр Монгол Улс ч, арилжааны банкууд ч долларгүй болчихоогүй. Доллар нөөцлөх замаар ханшийг зохиомлоор хэт хөөргөх нь эдийн засгийг идэвхжилгүй болгож шоконд ч оруулж болзошгүй” гэжээ. 

Долларын ханшийн савалгаанаас хар зах дээрх ченжүүд болон хэсэг бүлэг л ашиг хийж байгаа. Энэ сарын наймаанд банкууд долларын арилжаагаа хязгаарлаж, улмаар америк долларын ханш хоёр өдрийн дотор 2480-2720 болж огцом өссөн. “Эдийн засгийн агуулгагүй” гэж бүгд санал нийлж буй энэ доргионыг улс төрийн агуулгаар харж буй хүмүүс ч байна. Валютын ханшны савалгаан дээрээс ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэх мөнгийг хурааж байгаа гэх бор шувуу ч нисээд эхэлжээ. 

Зургаа: Засгийн газрын эргэлзээтэй алхам

Мэргэжлийн Засгийн газраас шийдвэртэй бодлого эхлүүлэлгүй намаржингаа дүлгэнэсний эцэст өнгөрсөн лхагва гаригийн ээлжит хуралдаанаараа валютын ханшийн өсөлтийг тогтоон барих хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөснөө зарласан.  Ур арга хэмжээ нь: 

-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох, 
-Арилжааны банкуудыг  Монголбанкны  зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах, 
-Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах зэрэг ажээ. 

Өөрөөр хэлбэл төр арилжааны банкуудын үйл ажиллагаанд оролцохоор судлаад эхэллээ. Үүнийг эдийн засагч М.Халиунбат, “Үнэ тогтворжуулах гэж оролддог алхмаа дахиад л хийх гэж байгаагийн илрэл болов уу. Огт хашрахгүй юм. Үүнээс өмнө бид Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж хэрэгжүүлсэн. Маш өндөр өртөгтэй, эдийн засагтаа ноцтой үр дагавар авчирсан юм хийгээд дөнгөж дуусч байна. Хямралын бас нэг том шалтгаан чинь Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр хэвлэсэн 3.6 их наяд төгрөг шүү дээ. Энэ бол эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлээд явж байна. Энэ удаагийнх нь ч гэсэн дахиад нэг зүйлийг зохицуулах гэсэн төрийн бүтэлгүй оролдлого” хэмээн дүгнэлээ. Тэрээр Засгийн газрын бодлогыг “салан баавгай”-тай зүйрлэж байв. Сайн юм хийх гэж хөдөлсөн алхам бүр нь ардаа иргэдэд хохирол болж тусаад байгааг нь егөөдсөн хэрэг. 

Засгийн газрын “сүрдүүлэг” ч гэж хэлж болохоор энэ мэдэгдлийн дараа долларын ханш “галзуурсан”.Банкууд нэг өдөр гүйлгээ хязгаарлахад л валютын ханш савлаад ирж буй нь М.Халиунбатын “Зохицуулна гэдэг нь өөрөө зах зээлийн харилцаанд гүнзгий хутгалдаж байгаа хэлбэр шүү дээ. Зах зээл бол ямар нэгэн жигүүрээр заавал хариугаа үзүүлдэг. Энэ нь жирийн хэрэглэгчдэд шок байдлаар хүрдэг” гэсэн үгсийг санагдуулна. Өөрөөр хэлбэл зах зээлийн гол оролцогчдын зүгээс төрд сануулга өгч байна.  

Долоо. Долларын хадгаламж

Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай Засгийн газрын санаачилгыг зөвтгөсөн байр суурь ч бас байна. СЭЗДС-ийн багш, эдийн  засагч  Б.Мөнхзаяа, “Америк долларын хадгаламжийн хүүг 2-3 дахин бууруулах хэрэгтэй” хэмээж байна. Тэрээр “Экспортын орлогыг өсгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бол урт хугацаандаа хийх ёстой ажлууд л даа. Тиймээс ойрын хугацаанд ам.долларын эрэлт дээр анхаарах хэрэгтэй. Аравдугаар сарын статистикийн мэдээг харахад, ам.долларын хадгаламж нэлээд өссөн байна. Энэ нь ам.долларын эрэлтийг нэмэгдүүлсэн гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд ам.долларын хадгаламжийн хүүг бууруулах хэрэгтэй. Өнөөдөр төгрөгийн хадгаламж 16, ам.долларын хадгаламж 10 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүү нь тийм ч ялгаатай биш байна. Гэтэл оны эхнээс ам.долларын ханш 26 хувиар өссөн. Дээр нь хадгаламжийн 10 хувийн хүүгээ нэмэхээр нэг ёсондоо 36 хувийн ашгийг ам.долларын хадгаламжаас хүртэж байна гэж хэлж болно. Тиймээс ам.долларын хадгаламжийн хүүг одоо байгаагаас нь 2-3 дахин бууруулах хэрэгтэй. Тэгж байж л ам.долларын хий хоосон хөөрөгдлийг багасгана. Эрэлтийг бууруулна. Энэ бол ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэмээлээ. Эх сурвалжуудын зүгээс Засгийн газрын долларын ханш нэмэгдэхийн эсрэг хийж буй алхамуудыг зөвтгөсөн ганц өнцөг гарч буй нь энэ гэж хэлж болно.

Дээрх долоон шалтгаанаас аль нэгийг нь онцлох аргагүй. Бүгд л нөхцөлдсөн учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Ямартай ч өнгөрөгч долоо хоногт болсон ханшийн савалгаа манай эдийн засгийн бүтэц ямар хэврэг, хуурмаг буйг ахин санууллаа. Энэ сануулга эцсийнх нь биш, бас хамгийн хүчтэй нь ч биш л болов уу.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.