“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зөв үү

2016.11.09 Лхагва №105 (2136)

Засгийн газрын ажлын хэсэг ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар хэлэлцээр хийж байгаа билээ. Үүний дагуу ОУВС-гийн Коши Матайгаар ахлуулсан техникийн багийнхан өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс энэ сарын 4-ний хооронд Улаанбаатар хотод ажиллаад буцлаа. Тэд энэ хугацаандаа Сангийн яам, Монголбанк, УИХ-ын дарга болон Байнгын хороодын дарга нартай уулзсан байна. ОУВС-гийн техникийн багийн ахлагч Коши Матай Монголд хийсэн ажлаа дүгнэхдээ “Монгол Улсын төрийн дээд байгууллага, бодлого тодорхойлогчидтой хийсэн хэлэлцүүлэг уулзалт маш амжилттай, үр бүтээлтэй боллоо. Хэлэлцээрийн үеэр яригдсан зүйлүүд ОУВС-гийн хэрэгжүүлдэг эдийн засаг, санхүүгийн хөтөлбөрүүдийн нэгд багтана гэдэгт найдаж байна. ОУВС-ийнхан сангийн төв рүү буцаж, талуудад тус тусдаа зөвшилцөх хугацаа шаардлагатай гэж үзэж байна. Манай багийг найрсгаар хүлээн авсан Монголын бодлого тодорхойлогчдод талархлаа илэрхийлэхийн ялдамд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Бид Монголын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тулгарч буй асуудалд тусламж үзүүлэн, хамтарч ажиллахдаа таатай байх болно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх нь ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал болон манай улсын дотооддоо гаргах шийдвэрээс хамаарахаар болжээ. Үүний дагуу Засгийн газар удахгүй УИХ-д саналаа танилцуулан хэлэлцүүлэх бизээ. УИХ-ын зарим гишүүдийн өгсөн мэдээллээр бол ОУВС-гийн техникийн багийнхан “Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, халамжийн бодлогод хяналт тавихгүй. Зөвхөн хөрөнгө оруулалт, урсгал зардлаа танах шаардлага тавина. Эхний ээлжинд валютын ханшийг бууруулахад зориулж 450 сая, цаашлаад 1.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ” гэсэн байна.

Засгийн газар ОУВС-гаас тавьсан саналуудыг УИХ-д танилцуулж шийдвэр гаргуулахаас өмнө гишүүд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээр ямар байр суурьтай байгааг хүргэе. УИХ-ын дарга М.Энхболдын ОУВС-гийн техникийн багийнхныг хүлээн авч уулзахдаа хэлсэн үг болон гишүүдийн байр суурийг эндээс харна уу.    

М.ЭНХБОЛД: -ОУВС-гийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Төр, засгийн байгууллагын хамтын зорилго, улс төрийн тогтвортой байдал, эрх барьж буй улс төрийн хүчний туршлага, манай орны байгалийн баялаг, нөөц боломж зэргийг харгалзан үзвэл хямралыг богино хугацаанд даван туулах боломжтой. Манай улс ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай. 2009 онд хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр үр дүнтэй болсон. Энэ удаад ОУВС, Засгийн газар, Монголбанк бодлогын арга хэмжээнүүдийнхээ талаар олон талаас нь сайтар ярилцаж, эцэслэн тохирох шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлээс гарах чиглэлээр Засгийн газраас өргөн барьсан, үр дүнд хүрэхүйц арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг УИХ шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, бүх талаар дэмжлэг үзүүлэх болно.

Т.АЮУРСАЙХАН: -Эдийн засагч, судлаач хүнийхээ хувьд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг дэмжихгүй байгаа. Заавал энэ хөтөлбөрт хамрагдахгүйгээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах олон арга бий. Аравхан тэрбум ам.долларын эдийн засгаа босгоход хүндрэлтэй асуудал байхгүй. Харин ажил хариуцаж байгаа хүмүүс санаачилгатай, хариуцлагатай, чадвартай байх юм бол ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахгүйгээр хүндрэлээс гарах боломжтой. Энэ бол хүсээд байх хөтөлбөр биш. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан улс орнуудыг харахад ОУВС тухайн орноос буцаж гардаггүй. Янз бүрийн төсөл хөтөлбөр нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эдийн засагт улам шигддэг. Энэ нь цаашлаад эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдалд холбоотой асуудал болж хувирна.

О.Баасанхүү: -"Стэнд бай” хөтөлбөрт орж болох юм. Гэхдээ тэр нь аюултай. 400 сая ам.долларын төлөө бид эдийн засгийн хараат байдалд орно.

Х.БАДЕЛХАН: -Би “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа. Өөр ямар ч гарц байхгүй. Манай улс чинь зах зээлд орсноос хойш хоёр ч удаа энэ хөтөлбөрт харагдаж үр дүнд хүрч байсан. Тиймээс энэ удаад ч гэсэн хамрагдсан нь дээр гэж бодож байгаа. 

Ж.Батзандан: -Дэлхийн улс орнууд үндсэндээ “Стэнд бай” хөтөлбөрөөс татгалзаж байгаа. Дотоодын нөөц бололцоон дээрээ тулгуурлан хямралаас гарах аргыг илүүд үзэж байна. Зарим улс ОУВС-г улс орноосоо гаргаж байна. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр зарим тохиолдолд улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг бол зарим тохиолдолд чөдөр болж хувирдаг гэж судлаачид үздэг. Бид өмнө нь 2008 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байсан. Гэхдээ одоогийн нөхцөлд энэ хөтөлбөрийг авах нь тохиромжтой юу, үгүй юү гэдгийг судлах хэрэгтэй. 

Б.БАТТӨМӨР: -Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байгаа. Яагаад гэвэл, өнөөдөр төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал, гадаад өрийн хэмжээ маш их хэмжээний дарамт үүсгэж байна. Тиймээс ОУВС-тай хамтарч ажилласнаар дунд болон урт хугацаанд эерэг хандлага бий болно.  

Ж.БАТ-ЭРДЭНЭ: -ОУВС-гийнхан сая зөвшилцөх нөхцөлөө санал болголоо. Төсвийн сахилга батаа сайжруулж, зарлагаа орлоготойгоо уялдуулж чадсан тохиолдолд дэмжлэг үзүүлье гэж байгаа. Зөвхөн биднээс шалтгаална гэсэн үг. Тиймээс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байна.

Л.Болд: -Хамгийн гол нь өнөөгийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа хийж байсан ажлыг зүгээр л үргэлжлүүлээд явах байсан юм. Гэвч өмнөх бүх зүйл буруу байсан, худлаа байсан гээд бүгдийг нь зогсоогоод, олон улсад Монгол Улс дампуурсан гээд зарлачихсан. Ингэснээр эдийн засгийн хямралд Монгол Улсыг хүчээр оруулчихсан. Түлхээд оруулчихсан ш дээ. Гарц алга. Нэг бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана, эсвэл Хятадаас зээл авна.

Х.БОЛОРЧУЛУУН: -Ер нь улс орны иргэд, шийдвэр гаргагчид нь өөрсдөө дотооддоо асуудлаа шийддэг байх хэрэгтэй. Улс орныхоо асуудлыг үнэхээр шийдэж чадахгүй болсон тохиолдолд гадаадын янз бүрийн хөтөлбөрт хамрагддаг. Миний хувьд “Стэнд бай” хөтөлбөрт тийм ч таатай ханддаггүй. Гэхдээ одоогийн нөхцөл байдал маш ээдрээтэй болчихлоо. Зөвхөн БНХАУ-аас свопоор дамжуулан зээл аваад байна. Энэ нэг улсаас хараат болох аюултай. Тийм учраас энэ удаад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж бусад улс орноос зээл авах боломж үүсгэх шаардлагатай байна. Энэ утгаараа уг хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа. 

Д.Гантулга: -“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал тодорхой хэмжээний мөнгө орж ирэх байх. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдвал зарим зүйлүүд хязгаарлагдмал болно. Жишээлбэл, энэ зардлаа тана, үүнийгээ хас, тэр хөтөлбөрөө хий гээд бидэнд шууд зааж эхэлнэ шүү дээ. Хэрвээ тэгвэл улс төрийн эрсдэлийг нь бид хүлээж чадах уу. Иргэдэд өгч байгаа хавтгайрсан халамжаа бүгдийг нь боль гэнэ ш дээ. Мөнгө өгч байгаа хүмүүс зүгээр орхичихгүй. Харин улс төрийнхний, иргэдийн хүсээгүй зүйлүүдийг хийнэ. Түүнийг нь бид хүлээн аваад хийж чадах уу гэдгээ бодох ёстой. Гэхдээ энэ бол цор ганц гарц биш гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөр арга хэрэгжүүлэх бололцоог олох хэрэгтэй.

Ц.ГАРАМЖАВ: -Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий. Цөөн хүн амтай, байгалийн баялагтай орны хувьд нэгэнт эхлүүлсэн том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Төсөв баталж байгаа энэ үед зарлагаа танаж, гүйцэтгэлийг нь анхаарах ёстой. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг тогтворжуулах хэрэгтэй байна.

Ц.Даваасүрэн: -ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг өмнө нь би төдийлөн сайшаадаггүй байсан. Харин одоо бол сайшаадаггүй юмаа гэхэд дэмжихээс өөр аргагүй нөхцөл байдалд орчихоод байна л даа, улс орон. Хүлээн зөвшөөрөөд байгаагийн цаад шалтгаан нь бидний авч байгаа зээл тусламж нэг эх үүсвэрээс байж магадгүй болчихоод байна.Өөрөөр хэлбэл, нэг улсаас хэтэрхий их хэмжээний зээл авчихдаг. Гэтэл үүнийгээ эргүүлээд цаг хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл рүү орох вий гэдэг болгоомжлол байна. Ингэж эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг үр дагавар үүсч магадгүй учраас ОУВС буюу хандивлагч орнууд гэж өмнө нь ярьдаг байсан эх үүсвэрээс зээл авах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Олон талт эх үүсвэрээс зээл авах арга зам руу явах зайлшгүй шаардлага бий болчихоод байна. Тийм учраас "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Д.ДАМБА-ОЧИР: -Манай улсын төсөв, санхүүгийн байдлыг ойлгож нийгмийн халамжаа үргэлжлүүлэх, хөнгөлөлттэй зээл авахыг зөвшөөрсөн, ам.долларын ханшийг бууруулахад туслахаар болсон зэргийг нь үндэслэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдахгүйгээр арилжааны зээл авах юм бол 2019, 2020 он гэхэд хүнд байдлаасаа гарахгүй, шүүмжилдэг байсан АН-тайгаа л адилхан байж байна. Мөн энэ хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн тогтвортой байдал бий болно. Хоёрдугаарт, ОУВС-гаас 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн. Дээрээс нь, валютын ханшаа барихад зориулж 450 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ гэсэн.

Б.ЖАВХЛАН: -Миний санаснаар болдог бол хоёр жилийн хугацаанд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад төсвийн сахилга батыг сайжруулах хэрэгтэй. Энэ хооронд макро үзүүлэлтүүд сайжрах байх. Түүний дараа бага хүүтэй, урт хугацаатай арилжааны зээл авбал зүгээр. Тиймээс ОВУС-тай хийж буй хэлэлцээр амжилттай болоосой гэсэн хүлээлттэй байна. 

Г.ЗАНДАНШАТАР: -Бид “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Үүнд хамрагдахын тулд даацтай шинэчлэлийг өөрсдөө эхлүүлэх ёстой. 

Д.Лүндээжанцан: -Эдийн засгийн хүндрэлээс гарах хоёр зам бий гэж хүмүүс ярьж байгаа. Нэг нь “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах. Хоёр дахь нь өр зээлээ үргэлжлүүлэх. Хоёулаа л хэцүү дээ. “Стэнд бай” хөтөлбөрийг би үзсэн толгой л доо. ОУВС улс орныг эдийн засгийн дүрэм журмын дагуу яв гэж шаарддаг. Энэ нь зөв. Гэхдээ ухна ишигнийхээ зовлонг мэдэхгүй гэдэг шиг манай дотоод зовлонг ойлгохгүй ш дээ.

Ц.Мөнх-Оргил: -Хамгийн том тулгамдсан асуудал нь өр. 2017 оны тавдугаар сарын 30-нд бид хамгийн эхний төлбөр 580 сая ам.доллар төлнө. Үүнд бид зарчмын хоёр байр суурь баримталж байгаа. Нэгдүгээрт, ОУВС-тай тохирч, Монгол Улсын өр, эдийн засгийн хямрал, өсөлтийг тусгасан хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж бодож байна.

З.НАРАНТУЯА: -ОУВС-гийнхан манай талтай ойлголцолд хүрч ажилласан гэж сонссон. Засгийн газар албан ёсоор асуудлаа танилцуулаагүй учраас нарийн мэдээлэлгүй байна. Ерөнхийдөө өнөөдрийн төсөв санхүүгийн орчинд үүссэн нөхцөл байдлыг сайжруулахын тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ёстой гэж үзэж байгаа.  

Х.НЯМБААТАР: -“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ёстой. Энэ хөтөлбөрийн агуулга нь нэгдүгээрт, эдийн засгийн хүндрэлээс гаргах, хоёрдугаарт, цаашид эдийн засгийн өсөлтийн үед төсвийн сахилга байттай байх нөхцөлийг бүрдүүлэх. Миний олж авсан мэдээллээр ОУВС-гийнхан халамж, цалин, тэтгэвэр, тэтгэмж дээр ямар нэгэн шаардлага тавихгүй гэсэн. Хуулийнхаа хүрээнд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх эрхийг нь нээлттэй үлдээнэ гэсэн гэж сонссон. Харин хөрөнгө оруулалтын зардал болон урсгал зардал дээр төсвийн сахилга батыг бий болгохоор тохиролцсон гэж албаны хүмүүс мэдээлсэн. Эхний удаад ОУВС-гаас 450 сая, дараагийн ээлжинд 1.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх хэлэлцээ хийсэн гэж сонссон. Тиймээс энэ хөтөлбөрт нэн яаралтай хамрагдах хэрэгтэй. Хамгийн гол ач холбогдол нь төсвийн сахилга батыг сайжруулах. Ингэхгүй бол түүхий эдийн ханш өсч орлого нэмэгдээд ирэхээр өмнө нь гаргаж байсан алдаануудаа давтахыг үгүйсгэхгүй. Популист амлалтуудаа хэрэгжүүлэх гэж эрх барьж байгаа том бүлэг маань улайрна. Өөрөөр хэлбэл, өмнөх эрх баригчдын алдааг давтах эрсдэлтэй учраас “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан нь дээр. 

Н.Оюундарь: -Хүний эрхээр жаргахаас өөрийн эрхээр зов гэдэг шүү дээ. Тэгэхээр бид өөрийнхөө толгойгоор толгой хийгээд өөрсдөө хэмнэж, танаж болох тэр зардлуудаа танаад харьцангуй өөрийн мэдэлтэйгээр байх нь зүгээр л дээ. Аливаа улсад өөрийн явах шугам гэж байдаг. Бүх юмыг нэг стандартад оруулж болохгүй. Өөрсдийн онцлогийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол бид өөрсдөө шүү дээ. Ер нь бол эцсийн бүлэгтээ бид өөрсдөө бас их сахилга баттай байх хэрэгтэй гэсэн үг.

Л.Оюун-Эрдэнэ: -Би шууд хэлье. Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэж бодож байна.

Б.Пүрэвдорж: -МАН-ын Засгийн газрын бодсончлон зээлийн нөхцөл нь тийм ч амар хялбар байхгүй байгаа. Хүү өндөр, тавьж байгаа нөхцөлүүд нь хүнд. Гадаад зах зээлээс зээл авахад нэлээд хүндрэлтэй учирна. Үүнээс болж эрх баригчид, Засгийн газар одоогоор тодорхойгүй нөхцөл байдал орчихсон байгаа. Тийм учраас "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдсан нь дээр юм байна гэсэн ойлголцолд хүрч магадгүй.

Ш.Раднаасэд: -Ер нь нөхцөл байдлаа харж, зөвөөр тооцоолж байж л шийдэх хэрэгтэй. “Стэнд бай” хөтөлбөр хоёр талтай нь үнэн. Тухайлбал, энэ хөтөлбөрт хамрагдаад хямралаас гарсан, нөхцөл байдлаа сайжруулсан улс орнууд ч бий. Эсрэгээрээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад “Дахиж энэ хөтөлбөрт хэзээ ч хамрагдаж болохгүй” гэсэн улс орнууд ч байгаа. 1970-аад оны БНСУ-ын жишээ байна. Тэд “Стэнд бай” хөтөлбөрт дахиж хэзээ ч хамрагдаж, хэрэгжүүлж байгаагүй юм билээ. Манай улсын хувьд сайн түүхтэй. 2008 онд энэ хөтөлбөрт хамрагдаад эдийн засгийн хүндрэлээс маш хурдан хугацаанд, амжилттай гарсан жишээ ч байна. Тэгэхээр нөхцөлөө сайн судлах хэрэгтэй.

Д.САРАНГЭРЭЛ: -ОУВС-гийн техникийн баг манай улсад нэлээд хэд хоног ажиллаад явлаа. Одоо “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхийг УИХ шийднэ. Энэ асуудлыг МАН-ын бүлэг хуралдах бүртээ ярьж байгаа. Хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлэхэд, бид “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана, хамрагдахгүй гэж маргаж хугацаа алдсаар байтал байдал улам хүндэрлээ. Ингэж хугацаа алдах бүрт ам.долларын ханш 2400 гараад явчихлаа. Нэгэнт өөрсдийнхөө боломжоор эдийн засгийн асуудлаа шийдэж чадахгүй нь тодорхой болсон энэ үед ОУВС-гаас хэрэгжүүлдэг “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж хүнд байдлаасаа гарахгүй бол улам хүндэрнэ. Хамрагдахгүй бол Грек, Зимбабве гэх мэт улсуудтай адил дампуурах эрсдэлд орох вий гэж эмзэглэж байгаа учраас яаралтай энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. 

А.СҮХБАТ: -Монгол Улс 2008 онд энэ хөтөлбөрт хамрагдаж байсан. Үр дүн нь тийм ч сайн гараагүй. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн нөхцөл байдлаараа ядуу буурай орнуудын дунд төвшинд явж байгаа. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан улс орон богино хугацаанд хөгжиж хөл дээрээ боссон тохиолдол харагдахгүй байна. Тиймээс энэ асуудалд нэлээд ул суурьтай, болгоомжтой хандах хэрэгтэй.

Д.Тогтохсүрэн: -Эдийн засгийн хүнд байдлаас гарах нэг гарц бол яах аргагүй ОУВС-гийн хөтөлбөр. Тэдний хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй болсон. Миний хувьд хөтөлбөрт хамрагдсанаар хоёр эерэг дүн гарна гэж тооцоолж байгаа. Энэ хөтөлбөрт орохоор Японоос эхлээд олон улс орон манай улсад туслахаа илэрхийлсэн. Нэг ёсондоо бид гаднын зээл, тусламж авах боломжтой болно гэсэн үг. Ний нуугүй хэлэхэд, гаднаас зээл авъя гэхээр олдохгүй байна. Бүр 11 хувийн хүүтэй авъя гээд ч олдохгүй байгаа. Монголын зээлжих зэрэглэл тийм доогуур байна. Тиймээс бид “Стэнд бай” хөтөлбөрт заавал орж байж гадаад үнэлэмжээ дээшлүүлэх юм. Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарах гэж хичээж байгаа юм байна, төсвөө сайжруулах хүсэлтэй байна гэдгээ харуулна.

Д.Тэрбишдагва: -Бид бодлогоо оновчтой тодорхойлж санал хүргүүлбэл дэмжигдээд явах бололцоотой. Өнөөдрийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд ч бид хүссэн, хүсээгүй "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүй болж байна.

Н.Учрал: -Миний хувьд энэ хөтөлбөрийг цэвэр хариуцлагын тогтолцоо гэж ойлгож байгаа. Нэг ёсондоо төсөвтөө бид маш их сахилга баттай болно л гэсэн үг. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар төсвийнхөө менежментийг ОУВС-д шилжүүлж байгаатай л адил. Манай улс өмнө нь энэ хөтөлбөрт хоёр ч удаа хамрагдаад эдийн засагт маш өндөр үзүүлэлт гарч байсан сайн түүхтэй. Энэ хөтөлбөрт хамрагдаад цаг алдалгүй эдийн засгаа сэргээх шаардлага үүсчихээд байгааг хаана хаанаа ойлгох хэрэгтэй байгаа юм.

Д.ХАЯНХЯРВАА: -ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Ний нуугүй хэлэхэд, бид үүн дээр хугацаа алдаж байгаа. Бид бүр өмнөх парламентын үед орсон бол эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнх шиг болохгүй байсан гэж боддог.

Ч.Хүрэлбаатар: -ОУВС-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх нь зөв гэдэг байр суурийг би дэмжиж байгаа. Харин ч хугацаа их алдаж байна гэж үзэж байгаа. Монгол Улс 2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг ОУВС-тай амжилттай хамтран ажиллаж байж даван туулж байсан. Тэр үед буюу 2010-2012 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувь хүрч байсныг хүмүүс мартаагүй л байх. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, зарим донор орнууд зэргээс хөгжлийн зээл авах боломж нээгдэх юм.

Ц.ЦОГЗОЛМАА: -“Стэнд бай” хөтөлбөрийг Монгол Улс өмнө нь хоёр удаа хэрэгжүүлсэн юм билээ. Материалтай нь танилцаж үзсэн. Төсвийн сахилга батыг сайжруулах, үргүй зардлуудыг бууруулах сайн талууд байна лээ. Нөгөөтэйгүүр “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах юм бол зээлжих зэрэглэл буурна. Ер нь аливаа асуудал хоёр талтай байдаг. Тиймээс бид аль тал нь давуу байгааг харж улс төрийн шийдвэр гаргах нь чухал. УИХ-ын гишүүд олон талаас нь хэлэлцээд зөв шийдвэр гаргаасай гэсэн байр суурьтай байна. 

Д.Цогтбаатар: -Тооцоо судалгаагаа сайн хийх хэрэгтэй. “Стэнд бай” хөтөлбөрөөс айгаад байх хэрэггүй. 1990-ээд оны үед Дэлхийн банк, ОУВС-тай хамтарч ажиллаж байхад төсөв сахилга баттай байсан. Төсөв нь эмх цэгцтэй, төрийн байгууллагууд даруухан байсан. Бид гаднынхантай ямар нэг байдлаар хамтарч ажиллахгүй болж ирэхээрээ мөнгийг өөрсдийн дураар хэрэгтэй, хэрэггүй зүйлдээ улстөржсөн зорилгоор зарцуулж эхэлсэн. Энэ бол бодит үнэн.

С.Чинзориг: -Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авахад буруудахгүй байх. Миний харж байгаагаар ОУВС-тай хамтарч “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлбэл сайн тал нь санхүүгийн сахилга бат сайжрах юм байна.  

Л.ЭНХ-АМГАЛАН: -Монгол Улсын зээлжих зэрэглэл, төлбөрийн чадвар буурсан энэ үед гаднаас зээл авахад маш өндөр хүүтэй байна. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ёстой.

Л.ЭНХБОЛД: -“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлбэл амь тариагаа авах боломжтой болно. Улс төрийн тогтвортой байдал, гаднынхны хандах хандлага өөрчлөгдөж байна. Ингэж жаахан эерэг хандлагууд бий боллоо. Тийм болохоор одоо “Стэнд бай”-г авах нь зүй ёсны хэрэг байж мэднэ.

С.ЭРДЭНЭ: -Монголын эдийн засаг "Стэнд бай"-д хамрагдах хэмжээнд хүрчихээгүй. Эрх баригчдын зүгээс нийгэмд айдас, хүйдэс, дарангуйлал бий болгох гэсэн алхмууд хийх юм. "Стэнд бай" гэдэг чинь юмыг бүр зогсооно, эдийн засгийн бүх урсгалыг хянана, ямар ч зах зээлгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гаднын хүмүүсийн шууд захиргаанд орно. Түүнийг далимдуулж дарангуйлагч босч ирдэг гэмтэй.

Д.ЭРДЭНЭБАТ: -“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэдгийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Бидэнд боломж их байгаа ш дээ. Тухайлбал, урд хөрш бидэнд үнэхээр тусалж дэмжье гэж байгаа юм бол зээл авна гэхээсээ илүүтэй “Манай нүүрсийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулаад авчих” гэдэг асуудлыг тавимаар байх юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.