ОУОХ “Эмэгтэйчүүд ба спорт” шагналаа анх удаа эрэгтэй хүнд өглөө

2016.11.09 Лхагва №105 (2136)

Олон улсын олимпийн хороо спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд гарамгай амжилт гаргасан хүнд олгодог “Эмэгтэйчүүд ба спорт” шагналаа энэ жил Эфиопийн сэтгүүлч Дагим Зинабу Теклед өгчээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа даваа гаригийн орой Швейцарийн Лозанн хот дахь ОУОХ-ны төв байранд болсон байна. 

Эфиоп эр спорт дахь эмэгтэйчүүдийн оролцооны асуудлыг хөндсөн радио нэвтрүүлгийг 2011 оноос санаачлан долоо хоног бүр гурван дугаар хийж ирсэн юм байна. 
Өнгөрсөн хугацаанд нэвтрүүлэгтээ спортын 12.5 мянга гаруй зүтгэлтэн, тамирчныг зочноор урьж, олимпизмыг сурталчлах, спорт дахь эмэгтэйчүүдийн орон зайг тэлэх асуудлаар санал бодлыг нь хуваалцжээ. Дагим Зинабу Текле “Би спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар телевизийн анхны шоуг хийе гэж бодож байгаа. Энэ шагнал бол зөвхөн эхлэл” хэмээн өгүүлжээ. “Эмэгтэйчүүд ба спорт” шагналыг ОУОХ 2000 онд санаачилж, жил бүр олгож ирсэн бөгөөд энэ жил анх удаа эрэгтэй хүнд өгсөн нь энэ аж.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.