“Түрийвчний цоорхой” буюу богинын такси

2016.11.09 Лхагва №105 (2136)

Эдийн засаг агшиж байна. Ирэх хоёр жилд улам ч агшина. Бэлэн мөнгө хомс­дож, “тансаг” байх үедээ аваад дасчихсан олон үйлчилгээ, хэрэг­­лээнээсээ татгалзах хэрэг­тэй болно. Гэвч муу зуршил гэдэг тийм ч амархан ялан дийл­чих дайсан биш ажээ. Мөнгө хэмнэмээр байдаг, гэтэл хэрэглээд дасчихсан бараа үйл­­­чи­л­­гээгээ өөрийн эрхгүй авчи­х­­даг. Бэлэн мөнгө хэдий бага багаар орж ирнэ, төдий чи­нээ хурдан, алдагдалтайгаар үрэг­дэж дуусдаг “теорем” үйл­чилж, мөнгө үгүй болно. Энэ жи­шээ­гээр онц биш хэрэгцээнд зо­риу­лагдсан зардал бидний санхүүд маш хорлонтой үр нө­лөө үзүүл­дэг байна. Бид энэ удаа тэвчиж бо­лох зард­лын зөвхөн нэг нь болох “боги­нын” гэгдэх таксины үйлч­илгээг тандсан юм.     
Иргэд улам бүр залхуу болж, залхуурахын тулд идэж уух, өмсөж зүүхээсээ ч өөрөө мэдэх­гүйгээр хумсалж буйн нэгэн жишээ бол “боги­нын” хэмээгдэх таксигаар үйлч­лүү­­лэг­чид. Өмнө нь иргэд аюул­­­гүй байдлаа бо­дож, ийм таксинд суудаг бай­сан бол одоо гудамжууд гэрэл гэгээ­тэй болсон ч нэгэнт суугаад сур­чихжээ. Богинын таксины онц­лог нь ойрхон 1-2 км зайд явдаг мөртлөө 500-1000 төг­рөгийн үнэ­тэй байдаг. Бид харьцангуй хямд буюу 500 төгрөгөөр үйл­­чил­дэг нэгэн “чиглэл”-ийг сон­гон авч сур­валжлагаа бэлт­гэсэн юм. 
III, IV хорооллын хойд дэнжид “Харанхуй” гэж айхтар нэр­тэй гэр хороолол бий. 90-ээд оны үед гэмт хэрэг гардгаараа зартай, өсвөр насны хүүхдүүдэд бүр ч халгаатай газар байсныг мэдэх нэг нь мэдэх байх. Нийс­­лэлийн гэр хорооллын дий­лэнхийг хөдөөнөөс шилжин суурь­шиг­чид бүрдүүлдэг бол энд арай өөр. 1995 оноос хойш үүс­сэн буюу үе­рийн далангаас хойшхи гэр хо­роол­лын айлуу­дын олонхи нь нэгэн цагт бай­­ранд амьдарч байсан, хотын унаган хүмүүс байдаг аж. IV хорооллын “Акула” 12, цааш­лаад 13, 14, 15, Шуудан­гийн ар талын 31, 32, 33, 29, 25, III хорооллын “СОТ-ын” гэг­дэх ногоон байрны айлууд байраа зарахаараа “Харан­хуй”-д хашаа, байшин худал­даж аван суурьшдаг бай­жээ. 40 мянгат, Төмөр замаас нүүж ирсэн айлууд ч бий гэнэ. Ерөн­хийд нь базаж хэлбэл, зах зээлийн давалгаанд хөл алдсан айлууд “Харанхуй” хэмээх гэр хорооллын багагүй хэсгийг эзэл­дэг юм байна. Хэдэн жилийн өмнө эндэхийн иргэд III, IV хорооллын эцсийн автобусны буудлаас хойшоо усан сан өөд явган алхдаг байжээ. Харин он жил өнгөрөхийн хэрээр айлууд нэмэгдэж, гэр хороолол хойшоо сунасаар одоо хамгийн хойд та­лын айлууд төв замаасаа хоёр километр гаруй зайтай болсон байна. Тиймээс одоо энэ хоёрын хооронд такси явдаг болсон аж.
III, IV хорооллын эцсийн бууд­лын ард орших “Нэхий плаза” төвийн зүүн талд хувийн жижиг тэрэг зогсч байх нь бидний зорьж очсон богинын унаа байв. Хойшоо явах унаа мөн эсэхийг лавласныхаа дараа орж суулаа. Хоёр гурван минутын дараа хижээлдүү насны эхнэр, нөхөр хоёр, дахиад төдий хэр хугацааны дараа оюутан бололтой охин орж ирж суув. Ингээд явах болсон эсэхийг асуувал жолооч эр “Дахин нэг хүн авна ш дээ, дүү хүү. Таван хүнтэй өгсдөг юм” гэлээ. Нэг хүүхэн ирсэн ч урд талын суу­далд хүн­тэй болсныг хараад “өө, хүн­тэй юм уу” гэсэн ч хойд суу­далд суусангүй. Ингээд нэг хүн хүлээж дахин таван ми­нут орчим болсны  эцэст  арай гэж нэг юм хөдөллөө. Энэ зав­сар дээрх богинын шугамд явдаг өөр хоёр ч машин ард ирэн залгалдаж зогсч байгаа нь ажиглагдсан юм. Ма­шин хөд­­лөхөөс өмнө ир­сэн нөгөө хүү­хэн хойд талын ма­шины урд талын суудалд тух­ласаар үлд­лээ. Мөнгөө төлж бай­­гаа хойно аль болох тухтай газар суух нь түүний зөв ч гэсэн 20-иод минут хүлээнэ гэдэг бас тийм ч бага алдагдал биш шүү дээ. Цаг зав ихтэй энэ мэтийн улс бас байна.   
Такси “Эрчим хүчний” гэг­дэх ногоон байрны баруун та­­лаар гарч, усан сан өөд өгс­лөө. Улмаар усан сангийн яг наагуур баруун гар тийш эргэж, үерийн далан эмжин уруудав. Энэ нь явсаар хуучин жалга байгаад одоо зам болчихсон шо­роон жим болж, уулын ам өөд өгсдөг юм байна. Өмнө нь дэржигнүүр гэж жигтэйхэн эд байсныг нь энэ зун арай гайгүй болгожээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар за­суул­­сан гэнэ. Такси хүмүүсээ нэг, хоёроор нь буулгасаар энэ замын төгсгөлд ирж зогсдог ажээ. Хоёр  километр  ч хүрэхгүй зай. Шороон замаар харьцангуй удаан явж байсан ч гэсэн таван минут хүрэхгүй хугацаанд эц­сийн зогсоолдоо оччихож бай­на лээ. Хэдий цаг ийм бага байсан ч гэсэн зорчигч болон жо­лоочоос хэдэн асуултад ха­риулт авсан юм. Жолооч өөрөө эндэхийнх гэнэ. Өдөржин биш, өглөө оройдоо л жаахан явж хэ­дэн цаас олдог гэнэ. “Ийм ойр­­хон газар ингэж үнэтэй яваад их мөнгө олдог байлгүй” гэвэл “Өглөөдөө дээшээ хоосон, орой­­­доо доошоо хоосон явдаг бо­­­лохоор юу олж базаах вэ” гэнэ. “Өглөө оройдоо 10 минут алхаж тэвчдэггүй нөхдүүд үгүй бол­­чихвол жолооч ах хүүгийн амьд­рал ч бас хямрах байх даа” гэж бодож амжлаа. Амьдрал аа гэж... хэн нэгний алдагдал өөр нэ­­гэнд орлого болж очдогийг яалтай вэ. 
Хамт зорчсон эхнэр нөхөр хоё­роос өглөө оройдоо так­синд суух нь түрийвчинд хэр хал­гаа­тай болох талаар асуувал “Ирэх очихын 2000 төгрөг болдог” гэв. Эхнэр нөхөр хоёр ний­лээд сард 60 мянган төг­рө­гөөр бо­гинын таксинд суудаг байх нь гэж тооцоод “60 мянган төгрөг та хоёрын хувьд хэр их мөнгө вэ” гэж асууж үзэв. Эхнэр нь “Их мөнгө байлгүй яах вэ, их мөнгө, их мөнгө” гэж ирээд л ярьж байдаг шүү. Тэг­э­хээр нь “Та хоёр сард ийм хэм­жээ­ний мөнгөөр таксинд сууж бай­на шүү дээ, явган явбал ядаж эрүүл мэндэд хэрэгтэй биш үү” гэхэд “Нээрэн тийм бай­­­на шүү. Манай эндхийнхэн тийм ч боломжтой хүмүүс биш ээ. Эмзэг давхаргынхан ч бий. Тэгсэн хэрнээ хөгшин хөвөөгүй л машин­дацгаах юм. Бид ч гэсэн тийм боломжтой улсууд биш. Өглөө яарахын эрхэнд, оройдоо ядрахын эрхэнд л суухаас өөр аргагүй болдог юм даа” гэсэн юм. Уг нь эндхийн зам хэдий гэр хорооллын шороон зам ч гэ­­­сэн гэрэлтүүлэг тавьж сайхан бол­­госон юм билээ. Гэсэн ч явган алхаж байгаа хүн бараг харагдсангүй. 
Хүмүүс чухал бус хэ­рэг­­цээнд өөрөө ч мэдэх­гүйгээр маш их мөнгө зар­цуулж бай­гаагийн нэг жи­­шээ энэ. Хэрвээ хүмүүс өөрс­дөө алхчихъя гээд хичээвэл 60 мянган төгрөг хэд хо­ногийн хүнс­ний хэрэг­цээг нь хангана. Өөр бас бус зүйлд ч зарцуулчихаар мөнгө билээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.