“Амьд” тасалбартай “Монгол ардын суут”

2016.11.09 Лхагва №105 (2136)

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч  Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиол “Монгол ардын суут” баримтат жүжиг өнөөдөр Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглогдох юм байна. Тус жүжгийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од нар ажиллажээ. Жүжгийн гол дүр болох Д.Нацагдоржийн дүрд тус театрын залуу жүжигчин Ц.Цэрэндорж, түүний гэргий Д.Пагмадуламын дүрд М.Энхзаяа, хар хүнд Г.Гандөш нар тоглосон аж. Энэхүү жүжгийн гол ивээн тэтгэгчээр “Аргун трейд” компани ажилласан байна. Ингэхдээ тус компанийн хамт олон жүжгийн “амьд тасалбар”-ыг бүтээсэн аж. Өөрөөр хэлбэл уг жүжгийн тасалбар ярьдаг гэнэ. Мөн энэ жүжгийн бас нэгэн содон зүйл нь Г.Гандөшийн тоглосон хар хүний дүр юм. Тус дүрийн талаар жүжигчин Г.Гандөшөөс тодрууллаа.

-Хар хүн гэж хэн бэ. Хар хүн гэхээр их сонин байна. Энэ ямар учиртай дүр юм бэ?
-Энэ дүрийг яг тодорхойлж хэлэхэд хэцүү. Д.Нацагдорж найрагчийн сүүдэр, эсвэл түүний дотор хүн, магадгүй эсвэл юу ч биш ч байж мэднэ. Би өөрөө ч яг ямар дүр бүтээснээ ойлгохгүй байна. Ямартай ч хар хүн гэж нэрлэж байгаа.
-Нэг ёсондоо Д.Нацагдоржийн дотоод ертөнцийг гаргасан гэсэн үг байна шүү дээ. Түүний сэтгэл зүй, дотоод ертөнцийг яаж гаргахыг зорив?
-Хар хүн түүний дайсан ч байж мэднэ. Болж буй үйл явдал, тухайн цаг үед тааруулж, түүнтэй ярилцаж, шийдвэр гаргалцсан. Д.Нацагдоржийг хатгасан, шордсон, өрөвдсөн, орчлон дээр түүнийг хамгийн сайн мэдэх цор ганц хүн бол энэ хар хүн юм. 
-Жүжигчнийхээ хувьд ийм дүр бүтээх ямар байв? 
-Хэцүү байсан. Маш их бэлтгэл сургуулилт хийсэн. Хамгийн гол нь дүрийнхээ үүрэг, зорилгыг ойлгож, утга санааг нь хүмүүст хүргэх тал дээр голлон ажилласан. Үзэгчид жүжгээ үзээд хар хүнийг өөрийнхөөрөө дүгнэж ойлгох байх. Магадгүй хар хүн жүжгийн хамгийн гол хүн, эсвэл хэн ч биш ч байж болно. Энэ нь тухайн үзэгчийн өөрийн үзлээс л хамаарна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.