МАН генсекээ жинхэлж, АН түр дарга сонгох нь

2016.11.09 Лхагва №105 (2136)

- АН-ын ҮЗХ-ноос дөрөв хоногийн дараа МАН Бага хурлаа хийхээр товложээ -

Яг дөрөв хоногийн зайтай МАН, АН-ын төлөөллийн төв байгууллагууд хуралдах тов гарчээ. Харин уур амьсгалын хувьд тэс өөр байх талаар улс төрийн хүрээнийхэн яриад эхэлсэн байна. Нэг нь дараалсан ялалтаа тэмдэглэх бол нөгөө нь бугшсан асуудлаа ярихаар төлөвлөөд байгаа ч гэж хэлж болох юм. Юу гэвэл АН-ын ҮЗХ-ны хуралдаан энэ сарын 16-нд болсны дараа буюу 20-нд МАН Бага хурлаараа шинэ генсекээ тодруулахаар тохирсон байна. Мэдээж өрсөлдөгчгүй ганц нэр дэвшигч нь ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан байх бололтой. 

Уг нь УИХ-ын сонгуулийн дараа сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг түр биш, бүр генсекээр томилох гэж байсан ч орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээзнэх яриа МАН-ын зарим улстөрчөөс гарсан юм билээ. Өөрөөр хэлбэл, дараалсан ялалт байгуулж чадахгүй бол Д.Амарбаясгаланд хариуцлага хүлээлгэх замаар өөр нэр дэвшигч тодруулах зорилготой хүмүүс байсан нь үнэн. Харин сонгуулийн үр дүнд УИХ-ын үнэмлэхүй ялалтаа орон нутагт ч баталгаажуулсан болохоор МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхлэх Бага хурал болох нь гэж дүгнэж болох юм.
Тэгвэл үүнээс дөрөвхөн хоногийн өмнө товлогдсон АН-ын ҮЗХ-ны хурал шал өөр уур амьсгалтай болох нь. Яагаад гэвэл намын даргыг сонгох учиртай Их хурлын бэлтгэл ажил энэ хурлаар тодорхой болно. Шулуухандаа бол АН-ын дарга хэн болох эхний дүр зураг ҮЗХ-ноос гарах юм. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх зөвлөлөөс оруулсан намын дүрмийн төслийг хэлэлцэж, Их хуралд бэлтгэх түр дарга сонгоно гэсэн мэдээлэл бол зөвхөн албан ёсных. УИХ-ын сонгуулийн дараа тус намынхан даргынхаа асуудлыг хэлэлцэх байсан ч удирдлагууд нь орон нутгийн сонгуулийн дараа шийднэ гэх мэтчилэн шалтаг, шалтгаан тоочин хойшлуулсаар ирсэн. Энэ нь нэг талаас хэт олон горилогчтойнх, нөгөө талаас фракцуудын саналыг “хайрцаглах” гэсэнтэй нь холбоотой байв. Учир нь, АН-ын даргад өрсөлдөхөө олон нийтэд мэдэгдээд байгаа УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нараас гадна олон “горилогч”  тус намд байна. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, Нийслэлийн намын дарга Э.Бат-Үүлээс эхлээд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат гээд нэр дэвшигчид ар араасаа биш зэрэгцээд ярайж байгаа нь тус намын ҮЗХ-ны хурлыг халуухан болохыг харуулж байна.
Нийслэлийн намын дарга Э.Бат-Үүл уржигдар намынхаа залуучуудтай хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшихгүй хэмээн хэлсэн байна. Үүнийг намынхан нь тайлбарлахдаа, Ерөнхийлөгчийн сонгуулиас татгалзаад намын даргад өрсөлдөх нь гэж үзэж байгаа юм. Тиймээс уг хурлаар намын дараачийн даргаас гадна 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэнийг сойх  вэ гэдгийг тодорхой хэмжээнд тодорхойлно гэж үзэж байгаа аж. Ирэх онд болох төрийн тэргүүний сонгуульд дэвшүүлэх кандитат нь тус намынхны хувьд мөн л толгойн өвчин билээ. Дотоод зөрчлөө байнга олны нүдэнд харуулчихдаг “гэмтэй” АН-ынхны энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаан нэлээд зөрчил­дөөнтэй болох шалтгаан энэ мэтчилэн олон байгаа аж. 
Ардын намын Бага хурлын хэлэлцэх асуудал, жинхлэх хүний нэр тов тодорхой байгаа бол АН-ын хурал бужигнаантай болох дог. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.