Э.Эрдэнэжамъяан: АН-тай хамтарсан “Төв нутаг” эвсэл 12 суманд ялсан

2016.11.04 Баасан №104 (2135)

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяангаас дараахь тодруулгыг авлаа.

-Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн өнгөрсөн долоо хоногт эцсийн байдлаар гарсан. МАХН энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцов?
-Манай намаас нийтдээ 300 хүн нэр дэвшсэн. Ихэнх дүүрэгт манай намыг сонгуульд оролцуулахгүй байх ажлыг бусад улс төрийн хүчин зохион байгуулсан. Олон шалтаг, шалтгаанаар манай намын нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулаагүй. Гэхдээ 60 орчим хүн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
-Эх орон нам Хөвсгөл аймгийн нэг суманд олонхи болж байсан тохиолдол байдаг юм билээ. Түүн шиг танай нам аль нэг суманд олонхи болж чадсан уу?
-Дангаараа олонхи болсон газар байхгүй. Төв аймагт Ардчилсан намтай хамтарч “Төв нутаг” эсвэл байгуулж сонгуульд оролцсон. Тус эвсэл 12 суманд ялалт байгуулж олонхи болсон.
-Танай нам сүүлийн үед ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-УИХ-ын сонгуулиас хойш намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн цэгцэлж байгаа. Энэ ажил одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоног гурван дүүргийн нам шинэ зохион байгуулалтад орж дарга нараа шинээр сонгосон. Энэ мэтээр ойрын нэг сарын хугацаанд намын анхан шатнаас эхлээд бүх намын байгууллагууд шинэчлэн зохион байгуулагдана. Түүний дараа Бага чуулган, Их чуулганаа хуралдуулахаар төлөвлөж байгаа. 
-Та өмнө нь манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Намын дарга маань ч ийм байр суурьтай байгаа гэж байсан. Энэ хэвээрээ юу?
-Энэ бол тухайн үед Гүйцэтгэх товчооны хурлаар яригдсан асуудал. Дахиж энэ талаар яриагүй байгаа. Тиймээс тэр байр суурь хэвээрээ байгаа гэж ойлгож болно.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.