“Рио-2016”-гийн “баатрууд” шагналаа авлаа

2016.11.04 Баасан №104 (2135)

“Рио-2016” зуны олимп, паралимпийн наадмаас медаль хүрт­сэн дөрвөн тамирчинд өчигдөр Засгийн газраас мөнгөн урамшуулал олгов. Тухайлбал жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Сумъяад 60, түүний дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одыг 30 сая төгрөгөөр шагнасан бол боксын 60 кг-д хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайд 30, түүний дасгалжуулагч Д.Батсүрэнг 15 сая төгрөгөөр урам­шууллаа. Мөн паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү нарыг 30 сая төгрөгөөр шагнасан бөгөөд дасгалжуулагчдад нь 15 сая төгрөг гардуулав. Энэ нь нэг удаа олгох урамшуулал бөгөөд тэд Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу насан туршдаа мөнгөн урамшуулал хүртэх билээ.

Энэ үеэр олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасан тамирчдын өнгөрсөн жилийн урамшууллыг нөхөн олгов. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Засгийн газраас олимпийн наадамд амжилт гаргаж медаль авсан тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олголоо. Засгийн газрын тогтоолын дагуу тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан та­мирчдад олгодог сар бүрийн мөнгөн урамшууллын өнгөрсөн жилийнхийг нөхөн олголоо. Бүх тамирчдын урамшуулалд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тамирчдын урамшууллыг тогтоолын дагуу сар бүр олгоно. 
Оны сүүлийн мөнгийг оны өмнө олгож цаашид өр үүсгэхгүй байхад анхаарч ажиллана. Төсвийн тодотголоор 1.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн” гэлээ.    


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.