Ц.Очгэрэл: Сайн дурын ажил маань юунаас ч илүү үнэ цэнэтэй, утга учиртай санагддаг

2016.11.04 Баасан №104 (2135)

Сайн дурынхан. Энэ нэр томъёо монголчууд бидэнд та­нил болоод удаж байна. Гэвч сайн дурынхны талаар иргэдийн ойлголт, мэдлэг төдийлөн сайн биш. Дэлхий нийтэд бол сайн дурынхан маш сайн бэлтгэгдсэн, ажил хэрэгч, залгамж холбоо бүхий хамгийн нэр хүндтэй хүмүүс байдаг. Тэд өөрийн ажилдаа дуртай мэргэжлийн хүмүүс учир улс орны болон дэлхийн хэмжээний онцгой байдал, аюул осол, гамшиг төдийгүй баяр ёслол, хурал зөвлөлгөөн, олимп наадам дээр ч зогсоход бэлэн хамгийн онцгой хэсэг байдаг ажээ. Цөөн хэдэн баримт дурдахад, эбола вирус тархсан төв Африкт ажиллаж байсан эмч, сувилагч нарын 80 хувь нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сайн дурынхан байсан аж. 

АНУ-д  хамгийн нэр хүнд­тэй мэргэжил гал сөнөөг­чид байдаг. Тус улсын нийслэл, салбарын гал сөнөөх багийнх­ны дийлэнх мөн л сайн дурын­хан байдаг. Мөн АНУ-ын хамгийн нэр хүндтэй шагнал сайн дурынханд зориулагдсан байдаг төдийгүй их сургуулийн оюутнууд сайн дурын ажилд хэрхэн оролцсоноороо кредит цагаа тооцуулдаг ажээ. Бай­гууллагын хүний нөөцийн ажилтан авах анхан шат­­ны ярилцлагадаа сайн ду­рын ажил хийж байсан, ямар ги­шүүнч­лэлтэйг нь онцгойлон асуудаг уламжлал ч байдаг гэнэ.
Сайн дурынхан бол ямар нэгэн цалин хөлсгүйгээр цаг зав, мэдлэг чадвараа бусдын сайн сайх­ны төлөө зориулж нийг­мийн­хээ хөгжилд хувь нэмрээ оруулдаг хүмүүс. Монголд үйл ажил­­лагаа явуулдаг сайн ду­рынх­­ны төлөөлөл болгож IVolenteer төслийн зохицуулагч Ц.Оч­гэрэлтэй ярилцлаа.
-Сайн дурын ажилтан гэж хэнийг хэлэх вэ?
-Энгийнээр хэлэх юм бол өөрийн мэдлэг, авьяас чадвараа аш­гийн бус зүйлд үнэ төлбөргүй зориулж байгаа хүнийг хэлнэ.
-Зарим хүн сайн дурын ажил­тантай сайн дурын юм чинь гээд хамаагүй харьцах ханд­лага гаргадаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Тийм ээ. Сайн дурын ажилтныг “үнэгүй” гэж бодоод байдаг. Энэ бол мөнгөний биш үнэ цэнийн тухай асуудал юм. Зарим албан байгууллагад сайн дурын ажилтны үнэлэмж муу байдаг. Бүр  сайн дурын ажилт­ныг ашиглачихъя гэсэн бай­­гууллага ч байдаг. Тийм бо­­л­охоор өөрөө байгууллагаа эхлээд судлах хэрэгтэй. Гол нь өөрийг тань үнэлдэг байгуул­лагад очвол илүү урам зоригтой ажиллаж чадна.
-Жишээлбэл Америкт их сур­­гуулийн оюутнууд сайн дурын үйл ажиллагааны орол­цоогоороо кредит цагаа тоо­цуулж болдог. Харин ма­найд ямар байдаг вэ?
-Манай зарим их сургууль хоёр кредит цагийг тухайн оюутны сайн дурын үйл ажил­ла­гаагаар тооцдог. Харин хуульд энэ талаар тусгасан юм байдаггүй. Бас дөнгөж сур­гуулиа төгссөн залуу хүнээс аж­лын туршлага нэхдэгийг бид мэднэ. 
Хэрвээ оюутнууд сурах дөрвөн жилийн хугацаандаа сайн дурын ажил хийвэл төгс­сөн хойноо ажлын байранд га­рахад илүү давуу талтай бол­но. Яагаад гэвэл сүүлийн үед сайн дурын ажил ажлын туршлагад тооцогддог болоод байна. Хүмүүс ч гэсэн сайн ду­рын ажлыг илүү ойлгож хү­лээж авдаг болсон гэх үү дээ. Тийм учраас оюутнууд маань сайн дурын ажил хийж өөртөө арвин туршлага хуримтлуулах хэрэгтэй.
-Та анх яаж сайн дурын ажилтан болсон бэ?
-Би сайн дурын ажил хий­гээд дөрвөн жил болж байна. Эхэндээ өөрөө зорьж хүссэн юм байгаагүй ээ. Оюутан байхдаа дад­лагаа хийж явахдаа бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажил­­лагаа явуулдаг “Хөөрхөн зүрх­нүүдийн аян” төрийн бус бай­гууллагынхантай танил­цаж байсан юм. Тэгээд үйл ажил­лагаа, хийж байгаа ажил нь чухал санагдсан учраас орсон.
-Таны гэр бүлийнхэн чинь яаж хүлээж авдаг вэ?
-Би их сургуулиа төгсчих­сөн. Уг нь цалинтай ажил хийгээд явах хэрэгтэй байдаг. Гэрийнхэн маань на­майг цалин хөлстэй ажил хий гэж нэлээд шахдаг. Гэтэл би сайн дурын энэ ажлаа хийхдээ сэтгэл ханамжийг авдаг. Надад миний хийж байгаа зүйл илүү үнэ цэнэтэй, утга учиртай санагддаг. Мөнгөнөөс илүү утга учиртай ажил хийж байна гэж өөрийгөө боддог.
-“Сайн дурын ажилчид өгснөөсөө ихийг эргүүлж авсан байдаг” гэдэг үг сонсож байсан юм байна.
-Тэгэлгүй яахав. Хувь хүнд олон талын ач холбогдолтой байдаг. Маш их туршлага ху­римт­­­луулна, танилын хүрээ­гээ тэлнэ, өөрийгөө таньж мэд­­нэ. Миний хувьд өнгөрсөн хуга­цаанд сайн дурын ажил хийгээд цагийн менежментийг өөртөө хамгийн сайн  суулгаж чадсан. Ер нь амьдрал дээр су­рах гэж цаг  хугацаа алддаг олон зүйлийг сайн дурын аж­лаас сурч авдаг.
-Олон хүүхэд, залуучууд сайн дурын ажил хийх со­нирхолтой байдаг. Гэхдээ яг хаана хандахаа мэддэггүй. Та­най байгууллага энэ тал дээр яаж ажиллаж байгаа вэ?
-Бид “iVolunteer” гэдэг са­­­наа­­чилгыг жилийн өмнө хэ­рэг­­­­жүүлсэн. Үүгээрээ дам­жуу­­лан сайн дурынхан болон ТББ-уудыг холбох, сайн дурын үйлс, нийгэмд тус­тай төсөл хөтөлбөрүүдийг дэм­жих тэд­гээрийн гүүр болох зорил­готой. Одоогоор бид http://www.ivolunteer.mn/ гэсэн веб сайтыг хөгжүүлж байна. Энэ веб сайт улам боловсронгуй болсноор Монгол Улсын бүх сайн ду­рынх­ны нэгдсэн сан бүрдэх юм. 
Мөн одооноос сайн дурын ажил хийх гэж байгаа дүү нартаа зөвлөхөд эхлээд өөрийн сонирхлоо олоорой. Дараа нь тэр чиглэлээр ямар төрийн бус байгууллагууд байна гэдгийг судлах хэрэгтэй. Тэрнээс биш утга учрыг нь ойлгохгүйгээр ямар ч хамаагүй зүйлийг дагаж болохгүй. Хамгийн чухал нь сайн дурын ажлыг өөрийн хү­сэл сонирхлоор хийдэг юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.