Халамж хүртэгч биш баялаг бүтээгч уран гартнууд

2016.11.04 Баасан №104 (2135)

Шат, хаалга, ширээ, хоолны шүүгээ гээд бүх зүйл нь тодорхой зориу­лагд­сан эзэн­тэй гэдгийг илтгэнэ. Оффис, үйлд­­вэрлэлээ явуулдаг өрөө, түүндээ өдөр оройн хоолоо бэлдэхэд тохир­сон хэрэгслүүдийг байр­луул­жээ. Ха­жууханд бас нэ­гэн жи­жиг өрөө байх ба түүн­дээ орон нутгаас ирсэн хол­боо­ны гишүүд болон хааяа орой­то­хоороо ажилчид нь хонодог аж.

Ийнхүү өөрсөддөө тохир­сон орчин бүрдүүлэн амьд­рагсад бол Тэргэн­цэртэй ир­гэдийн үндэсний холбооны гишүүд  юм. Тохирсон цаг­таа ам­жихаар яаран очиход хол­боо­ны гишүүд цуглан өд­рийн ажлаа дүгнэн ярилцаж бай­лаа. Энэхүү холбоогоо 2005 онд байгуулж өдгөө арав дахь жилтэйгээ золгож бай­гаа юм байна. Таван аймагт сал­бартай Тэргэнцэртэй ир­гэ­дийн үндэсний хол­боонд одоо­гоор идэвхтэй 200-гаад ги­­шүүд байдаг гэнэ. Тус хол­боо­ны ажил­тан Б.Болормаа на­майг угтан авч хол­бооны үйл ажиллагаа болон өөрс­дийн бү­тээлээ танилцууллаа. 
-Танай холбооны чиглэл, үйл ажиллагааны талаар эх­лээд ярилцах нь зүйтэй байх.
-Эмэгтэйчүүд, хөдөлмөр эрх­­лэлт, залуучууд гэсэн үндсэн чиг­лэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд такси үйлчилгээ үзүүлж эхэллээ. Үүнд манай хол­­­бооны гишүүнчлэлтэй ир­гэд хөнгөлөлттэй зорчдог юм. Мөн шаардлагатай то­хиол­­­­­долд дуудлагаар үйлчил­дэг. Энэ такси­ны үнэ ердийн тарифаас арай хямд. Тэгсэн хэрнээ дуудлагын мөнгө ав­даг­­­гүй. Жолооч нар хоёр жил энэ үйл­­чилгээг үзүүл­сэн тохиолдолд унаж байсан ма­­шинаа хувьдаа авч болдог. Мөн холбооныхоо дэргэд эмэг­тэй­­­чүүдийн клуб ажиллуулж бай­на. Клубдээ долоо хоногт нэг удаа цуглаж ахуйн зөв­лө­гөө­ со­лилц­дог. Бас хөгж­лийн бэрхшээлтэй эмэгтэй­чүү­­дийн нөхөн үржихүйн эрүүл мэнд их орхигддог. Тий­мээс энэ тал дээр  анхаарч, үзлэг шинжилгээнд эмэг­тэй­чүү­дээ хам­руулах арга хэмжээг авдаг.
-Тэргэнцэртэй иргэдийн үндэс­ний холбоо ямар зо­рил­го тавин ажиллаж байна вэ?
-Бид орлоготой болох чин хүсэл­тэй. Тэгэхгүй бол бус­­дын гар харах хэч­­нээн хэ­цүү билээ. Гэхдээ бид зү­гээр хэвтэх гээгүй. Чадах чи­нээ­гээ­рээ хөдөл­мөрлөж, ямар нэ­гэн зүйлийг бү­тээж байж ор­­лого­той болохыг хү­сч тэ­мүүлж байна. Мөн хөгжлийн бэрх­шээл­тэй хүн гэхээрээ л гэртээ байх ёс­той биш дээ. Тий­­­мээс нэгдэж, цагийг үр бү­тээлтэй, өнгөрөөх бо­­лом­жийг гишүүддээ нээж өгөхийг эрмэлздэг. 
-Ямар арга хэмжээг тогтмол явуулж байна вэ?
-Тэргэнцэртэй хүмүүсийн тэр бүр хамрагдаж чаддаггүй шинэ жил, зуны зугаалга, цасны, хүүхдийн баярыг тэмдэглэж өнгөрөөдөг. Үүнийг ма­най гишүүд тэсэн ядан хүлээдэг. Бүр жилийн өмнөөс өмсөх даашинз, үс, хумсаа янзлах зэр­гээр бодож эхэлдэг. Гэрээсээ гар­­­даггүй, янз бүрийн арга хэм­­жээнд оролцдоггүй бидний хувьд тэгэхээс ч яахав. Ер нь тэ­гээд жил бүр сургалт, чуулган гээд тогтмол арга хэмжээнүүд байдаг.
-Шинээр гишүүн элсүүлэх, хү­мүү­сийг холбоондоо нэгтгэх тал дээр яаж ажилладаг ту­хайгаа хуваал­цаач?
-Гишүүдээр, янз бүрийн арга хэм­­жээгээр дамжуулж, эс­вэл цахим ертөнцөөр холбоо­ныхоо танилцуулга, үйл ажил­ла­гааг мэдээлж гишүүдээ элсүүл­­­дэг. Сүүлийн үед залуу хү­мүүс их элсэж байгаа. Энэ бас эмзэглэмээр хэрэг. Бэртээд удаагүй хүмүүсийн хувьд сэтгэл санаагаар их унадаг. Өвч­нөөсөө болоод хүмүүстэй харьцах дургүй болж, гэртээ нуугдах, бүгэх явдал их гар­даг. Ийм л хүмүүсийг  дэм­жиж холбоондоо элсүүлж, хө­дөл­­мөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох нь бид­ний зорилго. Энд тэнд явж бай­хад тэргэнцэртэй ч юм уу, хөгж­лийн бэрхшээлтэй хүнийг ха­раад хүмүүс харь гаригийн хүн ирсэн мэтээр хүлээж авч, харьц­даг. Манай холбоонд тийм зүйл байхгүй. Энгийн хүлээж авдаг. Тэгэхээр иргэд холбоонд элсэх сонирхолтой байдаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй ир­­гэд рүү чиглэсэн ха­лам­жийн үйлчилгээг юу гэж дүг­нэ­дэг вэ?
-Сард бидэнд 140 мянган төгрөг өгдөг. Энэ нь бидний амьдралд мэдээж хүрэлцэхгүй. Ингэлээ гээд голж байгаа хэ­рэг биш. Гэхдээ иймэрхүү мөн­­­гөн тэтгэмж өгч байснаас “Загас барих аргыг нь зааж өг” гэдэг шиг бидэнд орлогын эх үүсвэрийг нээгээд, ажлын байр бий болгоод өгвөл заавал улсаас мөнгө хараад байх шаард­ла­га­гүй. Дор хаяж 25-аас дээш ажил­тантай албан байгууллагад 1-2 хөгжлийн бэрх­шээл­тэй ир­­гэн байх ёстой гэдэг хуу­лийн заалт хүр­­тэл хэрэгжихгүй байна. Ажил олгог­чид хөгж­лийн бэрх­шээл­тэй хүн ажил­­луулж байс­наас торгуулиа тө­лөөд явсан нь дээр гэсэн ханд­лагатай байдаг.
Ийнхүү Б.Болормаа бид хоёр ярилц­саар үйлдвэрлэл эрхэлдэг ажлын өрөөнд нь орж ирлээ. Энэ өрөөнд сонин сэт­­гүүлийн хаягдал цаасаар ахуйн хэрэглээний зүйлс урлах үйлдвэрлэл явагддаг аж. Үүнд үзэг балны, хүнс­ний ногооны сав, хувцас болон өөр зүйлст ашиглаж болохуйц сагс, ха­нын чимэглэл, чихрийн таваг зэрэг баг­тана. Эхлээд цаасаа зүсээд, хуйлж бүтээг­дэхүүн болгох бэлдэцээ хийж авдаг. Ингэхдээ маш арвин бэлдэц бэлдэх шаард­­­­­лагатай гэнэ. Үүний дараа юу хийхээ шийдэн сүлжээд, тусгай зориу­лал­тын лакаар бу­даж бэхжүүлдэг юм байна. “Хүмүүс ихэвчлэн шүр, сувд, арьс, эсгий зэргээр юм хийдэг. Энэ нь улиг болсон зүйл. Харин бид арай өөр зүйл хийхийг хүссэн. Цаас гэхээр хэврэг юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ найман цаг халуун, хүйтэн усанд тус тус хийж үзсэн тэгэхэд жаахан шал­чийж байсан. Хэрэглэгчид усанд хийгээд байх шаард­лага гарахгүй шүү дээ. Үнийн хувьд 3-30 мянган төгрөгийн хооронд худалдаалдаг. “Цаасаар хийсэн байж, яагаад ийм үнэтэй байдаг юм бэ” гэж худалдан авагчид их асуудаг юм.  Гэтэл үүнд лак, жижиг сажиг чимэглэл, аж­­­лын хөлс ороод яг таардаг. Маш их хөдөлмөр, ажиллагаа шаарддаг ажил. Байнга уйга­гүй суух шаардлага гарна. Одоо­хондоо борлуулах цэгүүд тодор­хой болоогүй. Захиалгаар л хийж байна. Эхлээд сонин ч олддоггүй бай­­сан. Энд тэндээс хайгаад гүйдэг байлаа. Гэхдээ нэг үеэ бодвол өөрийн гэсэн за­хиалагчтай, дэмжигчидтэй бол­­сон. Өнгөрсөн шинэ жилийн үеэр 600 сагсны захиалга ирс­нийг  бид шар­гуу  ажиллан за­хиал­гаа дуусгаж байлаа. Түү­нээсээ маш их урам авсан. Үндсэн ажилтан арваад эмэгтэй байдаг. Бусдын  адил өглөө бүр ажил­даа ирээд, орой харьцгаадаг. Мөн цаа­сан урлалын талаар сургалт явуу­лаач гэсэн хүсэлт хүртэл ирдэг. Үүний дагуу бид хэд хэдэн сургалт явуулсан. Удахгүй бүр өргөжин олон  эмэгтэйг ажлын байраар хангадаг болох байхаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэрээр ярилаа.
Халамж хүртэгч биш, баялаг бүтээгч байхыг эрмэлз­дэг энэ галтай цогтой, хүсэл тэмүү­лэлтэй иргэдийн үйл ажил­ла­гаа­тай танилцаад тэднээр бахархах сэтгэл төрж, эрүүл саруул байж улсаас ирэх тэтгэмж, тэтгэлэг горьдон суугчдын өмнөөс ичих мэд­рэмж төрснөө нуух юун.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.