Урлагийн бурхадын 100 насны ой

2016.11.04 Баасан №104 (2135)

Зуун жил гэдэг хүн төрөлх­төний хийгээд улс орны түү­хэнд ч, хүмүүний нэгэн насны амьдралд ч асар урт ху­га­цаа. Зуу насалсан буурлууддаа зур­­гаадай  таяг тулуулж, хүндэт­гэлийн дээдийг үзүүлдэг уламжлал монгол­чуудад бий. Түүнчлэн алдар гавьяатан, авьяас билэгтнүүдийнхээ 100 насны тэгш ойг ёслол төгөлдөр тэмдэглэдэг нь хүн төрөлхтний нийтлэг жишиг. Тэгвэл монгол­чуудын хувьд энэ жил ямар алдартнуудын 100 жилийн тэгш ой тохиож байна вэ. Юуны тү­рүүнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жи­лийн ойг дурдах ёстой. Түүнчлэн ардын жүжигчин, төрийн шагналт, зуу­ны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид, төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, гавьяат жүжигчин Т.Цэвээнжав зэрэг урлаг, соёлын суу билэгтэн, гарамгай авьяастнуудын мэндэлс­ний тэгш дүүрэн ой тохиож буй. Мөн Монгол Улсын анхны гавьяат тамирчин, үндэсний бөхийн анх­ны дархан аварга Бадамдоригийн Түвдэн­дорж, даян аварга Цэрэндоржийн Чимэд-Очир, улсын арслан Гялдангийн Цоодол на­рын алдарт бөхчүүд 1916 онд мэндэлсэн ажээ. 

Эдгээр алдартнуудын дотроос урлаг, соёлын алдартнуудыг онцлон та­нил­цуулж байна. Тэд бол төрийн шагналт, ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдруудыг төр, түмнээсээ хүртсэн авьяас билэгтнүүд билээ. Зуун жилийн ой нь тохиож буй урлаг, соёлын салбарын дөрвөн алдартны хоёр нь XX зууны манлай хэмээх өргөмжлөлийг хүртсэн авьяастнууд байгаа нь аргагүй л цагийг эзэлж, түүхийг бүтээлцсэн хү­­мүүс байсны илрэл бизээ. Өнгөрсөн зууны Монголын урлаг тэр тусмаа ардын бүжгийн урлаг, хөгжмийн урлаг, тайз дэлгэцийн урлаг, уран зо­хиолын салбарт гарамгай гавьяа бай­гуул­сан эдгээр алдартнуудыг хамтдаа эргэн дурсацгаая.

Монгол бүжгийн хаан
Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид Дорноговь айм­гийн Хатанбулаг суманд төржээ. Багадаа тэрээр нутгийнхаа Толийн хий­дэд шавилан сууж бурхны шашны ном үзэнгээ цамд бүжиглэж байсан гэдэг. Ийнхүү цамд бүжиглэж байсан нь хожмоо нэрт бүжиг дэглээч бо­лоход нь ямар нэгэн хэмжээгээр нө­лөөлсөн бизээ. Юутай ч тэрээр ардын бүж­гийн урлагийг сонгодог хэл­бэрээр баяжуулж хөгжүүлэхэд бүхий л амьд­ралаа зориулсан эгэлгүй авьяастан билээ. Анх клубын галчаас ажил амьд­ралын гараагаа эхэлсэн энэ их хүмүүн үндэсний бүжгийн урлагийг хөгжүүлэх хэрэгт 50 шахам жилийн хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж “Мандухай цэцэн хатан”, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг 10 гаруй дуурь, хөгжимт драмын жүжгийн бүжиг, “Партизан”, “Хүүхэлдэй”, “Адуучин”, “Хатад”, “Хөдөө нутгийн залуус”, “Эрдэнэт”, “Ээрүүлт” зэрэг 200 шахам бүжиг дэг­лэж, төв, орон нутгийн театр, чуулга, соёлын ордны урын санг баяжуулжээ. “Гөөлөө”, “Саальчин”, “Жалам хар”, “Агсал, цацал” бүжиг нь Дэлхийн залуучууд, оюутны их наад­мын шагнал хүртсэн байна. Тэрээр “Монгол бүжгийн чуулга”, “Ээрүүлт”, “Халх бүжиг”-ээрээ төрийн шагнал хүртжээ. Ерөөсөө тэрээр өөрийн дэглэсэн бүжгүүдээрээ, бий бол­го­сон дэг сургуулиараа Монголын үндэс­ний бүжигт шинэчлэл хийсэн юм. Тухайлбал, гавьяат жүжигчин, бүжиг судлаач Д.Нанжид “Сэвжидийн “Адуучин”, “Саальчин”, “Жалам хар” гараад ирэхээр монгол үндэсний бүжиг гэж ямар гайхамшигтай, халх намба гэж ямар донжтойг мэдэрдэг. Сэвжид л халх бүжгийг их гайхамшигтайгаар гаргаж ир­сэн. Монгол үндэсний бү­жигт шинэчлэл хийсэн хүн” хэмээн тэм­дэглэсэн байдаг. “Жалам хар”, “Саальчин” зэрэг бүжгүүдийг нь үзсэн гадаадын судлаачид “Дэлхийд малаа адгуулж, саалиа саадаг олон улс бий.Гэхдээ тэд ийм бүжиг дэглэж чадаагүй.Монголын Ц.Сэвжидийн дэглэсэн бүжиг үнэхээр сод бүтээл” хэмээн шаг­ширч байжээ. 1960-аад он бол Ц.Сэвжидийн уран бүтээлийн оргил үе байв. Монгол Улс НҮБ-д элсээд удаа­гүй, манай улсыг гадаад ертөнцөд тө­дийлөн сайн мэддэггүй байсан тэр он жилүүдэд түүний дэглэсэн бүжгүүд дэлхийн урлагийн олон наадамд алт, мөнгөн медаль хүртэн “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн дуудуулж, нэг ёсондоо тусгаар тогтнолоо ардын бүж­гээрээ тунхаглан зарлаж байсан гэдэг.  
Он цагийн уртад мартагдах шахаж байсан баруун Монгол ардын бий биелгээг сэргээн хөгжүүлж, хаад, дээ­дэс, ноёд, язгууртныг магтан дуулах, шашны үзэл санааг түгээх хориотой байсан цаг үед “Ноёд”, “Хатад” бүжгээ дэглэн, цамын бүжгийг тайзнаа тавьж, бүр дэлгэцнээ мөнхөлж чадсан нь зуу­ны манлай бүжиг дэглээчийн уран бү­тээлийн онгод, авьяас төдийгүй цаг үеэсээ түрүүлсэн мэдрэмж, эр зориг байв. 
Нэгэнтээ тэрээр “Ардын бүжиг амьдрал минь билээ” хэмээн хэлсэн байдаг. Ардынхаа бүжгээр амьсгалж, амьдарч, бүжгээр гуниж, бүжгээр баяр­лаж явсан тэр эрхэм хүмүүн өөрөө “Ардын бүжгийн хаан” байлаа. Хамгийн сүүлд Италид Монголын ардын бүжгийн бүрэн хэмжээний кон­церт тавигдахад Ц.Сэвжид гуай биеийн чилээг үл тоон тэнд өөрийн биеэр очсон гэдэг. Түүний дэглэсэн бүж­гүүдийг үзсэн урлагийн өндөр мэдрэмжтэй итали­чууд “Монголын үндэсний бүжиг яах аргагүй сонгодог, яг балет. Марко Пологийн аялж байсан Монголын их нутаг ийм бүжигтэй, ийм амьдралтай гэдгийг бид өнөөдөр үзлээ. Үнэхээр гайхамшигтай” хэ­мээн дуу алдаж бай­жээ. Тэрээр догдол­сон сэтгэлээ барьж дий­лэлгүй алга нижигнүүлэн таших итали үзэгчдийн өмнө гарч зогсоод “Шавь нартаа баярлалаа. Би монгол бүжгийн хөгжлийг харлаа” хэмээн сэт­гэл дүүрэн хэлжээ. Энэ бол XX зуу­­ны манлай бүжиг дэглээч, тэр суут хүмүүний сүүлчийн үг байв. 

Хөгжмийн урлагийн ноён оргил
“Намрын шөнө”, “Гоёхон чимэг ч юм уу даа”, “Тэмээчин болно”, “Зандан шоо”, “Хүс­лийн дээж”, “Хөдөө тийш”, “Эгэл цэрэг”, “Дайчин нөхрийн дурс­галд”, “Бидний зам нэг”, “Зөвлөлт тү­мэн­дээ баярлалаа” зэрэг дууг нь нэр­лэхэд л хэний тухай өгүүлэх гэж байгааг уншигчид шууд таах болов уу. Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Бирваа хэмээх эрхэм хүмүүний мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй.
Тэрээр Баянхонгор айм­гийн Баян­говь сумын нутаг Цагаанголын Баянтолгой гэдэг газар эцгийнхээ 60, эхийн­хээ 47 настайд айлын 15 дахь хөвгүүн болон төрсөн гэнэм. Нэг нас­тайдаа Гончигийнх хэмээх айлд үрчлэгдэн өссөн ажээ. Өргөж авсан эцэг Гончиг нь нутаг усандаа гайхамшигт гэж алдаршсан уртын дууч, хуурч, өргөсөн эх нь алдартай оёдолч, уран хатгамалч байсан гэдэг. Нутагтаа мал маллаж байгаад 1936 онд цэрэгт татагдан 1953 он хүртэл алба хаахдаа үлээвэр хөгжимчнөөс Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач хүртэл ажил хийж явсан гээд түүний намтар үргэлжилнэ. Үлгэр жишээ үлээ­вэр найрал хөгжимд ажиллаж байх үедээ тэрээр Монголын анхны мар­шуудыг зохиож байсан гэдэг. Халх голын дайны үед цэл залуухан Г.Бирваа алдарт зургадугаар дивизийн морьт хорооны хөгжмийн даргын албыг нэр төртэй хашиж явжээ. Морьт хорооны хөгжмөөс уламжлан мэргэжлийн чиг хандлагатай Үлгэр жишээ хөгжмийн эх­лэлийг тэрээр тавьжээ. Мөн тэ­рээр улсын симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулахад гар бие оролцсон гавьяатан. Тэрээр үзэгч­дийн сэтгэлд хо­ногш­сон “Нийслэл хүү”, “Хөдөө­­­гийн баяс­галан”, “Баян­­булагийн­хан”, “Улаан дарцаг”, “Хөхөө гэрлэх дөх­лөө”, “Тууврын замд” зэ­рэг киноны хөгжмийг би­чиж, “Аргат бяцхан баа­тар”, “Эрдэнэ тээлийн уянга”, “Гурван хашир, най­ман танхил”, “Шинэ бай­шинд”, “Их хурим”, “Их го­вийн зо­ригтон”, “Амьдралын улаан шугам”, “Харц хатан”, “Ёс ёмбогор, төр төмбөгөр” зэ­рэг дуурийн аялгууг зохио­сон байна. 

Иргэний уянгын эрэмгий дууч
Төрийн шагналт яруу найрагч Дашзэвгийн Сэнгээ эдүгээгээс зуун жилийн тэртээ Сэлэнгэ аймгийн Ху­шаат суманд төржээ. Тэрээр яруу найраг, жүжиг, үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч байв. 1951 онд Монголоос хам­гийн анх Москва хот­ноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцах аз завшаан түүнд олджээ. Ийнхүү А.М.Горькийн дээдийг төгссөн анхны монгол найрагч, зохиолчийн хувьд тэрээр араасаа олон арван авьяаслаг найрагчдыг төрүүлэн гаргасан байна. Д.Сэнгээ Монголын залуу зохиолчдод ихээхэн анхаарал халамж тавьж байсан ажээ. Эдүгээгийн төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Л.Түдэв, төрийн шагналт, ардын уран зохиолч С.Эрдэнэ, төрийн шагналт, соёлын гавьяат зүт­­гэлтэн Б.Явуухулан, Ц.Гайтав, төрийн шагналт, ардын уран зохиолч С.Дашдооров, нэрт яруу найрагч Д.Гомбожав, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Д.Маам, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нар түүний гарын шавь юм. Д.Сэнгээ 1943-1946 онуудад Монголын зохиолчдын эв­лэлийн түр хорооны нарийн бичгийн дарга, 1954-1959 онд зохиолчдын хо­рооны даргаар ажил­лаж байв. Тэрээр БНМАУ-ын АИХ-ын депутатаар хэд хэдэн удаа сонгогдож, МАХН-ын их хурлуудад тө­лөө­лөгчөөр оролцож, Төв хорооны гишүүнээр ажиллаж байв. 1932 оноос уран зохиол бичиж эхэлсэн гэдэг. Түүний туурвисан бүтээлүүдийн дотор дайныг эсэргүүцсэн иргэний, эх оронч уянгын яруу найргийн дээж болсон шүлэг, уянгын дуунууд, Улсын дуурь бүжгийн театрын тайзан дээр олон жил тоглогдсон “Үнэн” дуурь зэрэг бий. Зохиол бүтээлүүд нь орос, хятад болон бусад олон хэлэнд ор­чуу­лагдан хэвлэгджээ. 1947 онд “Аюуш” туужаараа, 1954 онд “Тагтаа”, “Өвгөн пар­ти­заны яриа” шүлгээрээ Чойбал­сан­гийн шагнал хүртжээ.
Д.Сэнгээ найрагч цэл залуудаа маршал Х.Чойбалсанд тоогдож, улмаар маршал түүний “Одон тэмдэгт... ду­гаар застав” хэмээх анхны баримтат туу­­жийг нь уншиж үзээд улам сайн би­чээрэй хэмээн урам хайрлан автомат үзэг, харандаа бэлэглэж байсан  гэдэг. Ту­хайн үед хэсэг зохиолчдод “Алдарт, гавьяат уран зохиолч”, “Ардын уран зо­­хиолч”, “Улсын эрхэм уран зохиолч” цол ол­гоход Д.Сэнгээ Доржсүрэн, Л.Цэнд-Очир нарын хамт “Улсын эрхэм зохиолч” цол хүртэж байв. 

Тайз, дэлгэцийн өрлөг ээж
“Сэрэлт”-ийн Бумаагийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хо­ногш­тол бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Түдэвийн Цэвээнжав эдүгээгээс 100 жилийн тэртээ Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар төржээ. 1963 онд бүтээгдсэн “Энэ хүүх­нүүд үү” киноны нэгдлийн дарга Жамцын гэргий Долгор, 1959 онд дэлгэцнээ гарсан “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж Ханд, 1970 онд дэлгэцнээ тавигдсан “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан ээжийн дүрийг тэрээр чадамгай бүтээж дэлгэцнээ мөнхөл­сөн билээ. “Цэвээнжав гуай най­­руулагч, зохиолч хоёрын дутууг гүйцээж сэтгэдгийг ми­ний найруулсан “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг киноноос харж болно” хэ­мээн урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино най­руулагч Р.Доржпалам хэлсэн байдаг. Энд нэр дурд­сан хоёр киногоороо Монголын инээд­мийн киноны суурийг тавьсан Р.Доржпалам найруулагч Т.Цэвээнжав гуайн тө­рөлхийн авьяас билиг, ур чадварыг ийнхүү үнэлж байжээ.
Монголын XX зуу­ны манлай эмэг­тэй жүжигчин, Монгол Улсын гавьяат жү­жигчин Т.Цэвээнжав монгол хүний сайхан сэтгэл, ууч зөөлөн, шулуун шударга зан нэвт шингэсэн сайхан ээжүүдийн дүрийг мөнхөлсөн шигээ театрын тай­з­наа 100 гаруй шилдэг дүрийг бү­тээсэн байна. Ингэхдээ дандаа шогч инээдмийн дүрүүд бүтээсэнгүй. Шунахай, харгис, хатуу сэтгэлтэй, ховч, илүү үгтэй, бүдүүлэг зан авиртай сөрөг талын дүрүүдийг ч гарамгай бүтээж байсан гэдэг. Төрийн шагналт Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагма, ОХУ-ын Буриад улсын зохиолч Ш.Цэрэнгийн “Будам шуу” жүжгийн Пиглай зэрэг дүрүүд нь ийм л сөрөг талын баатрууд юм. Пиглайн дүрийг бүтээхдээ амьдралын үнэнийг дэв­рүүлсэн тал бий ч тэр нь уг дүрийг тодруулан гаргахад ус болоогүй харин ч тус болсон гэдгийг нэрт театрт судлаач С.Дашдондог онцолсон байдаг. Энэ бол жүжигчний авьяас, мэдрэмжээрээ найруулагч, зо­хиолчийн гаргаагүй орхисон дутууг гүйцээчихсэн гэсэн үг. Энэ мэтээр Т.Цэвээнжав гуай дэл­хийн сонгодог жүжгүүдэд ч олон шилдэг дүр бүтээсэн ажээ. Оросын А.Н.Островскийн “Аянга” жүжгийн Кабаних, Хятадын Дэн-И-гийн “Буурал бүсгүй” жүжгийн гол баатар Хуан Ши-Жингийн эх Хуан Мү зэрэг дүрийг нь дурдахад л хангалттай. Театр судлаач С.Дашдондог “Театрын ур­лагийн за­рим зүтгэлтэн” номдоо “Т.Цэвээнжав өөрийн тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа  зөв олж чаддаг, хэтрүүлэг чимэг­лэлийг эгзгийг нь олж, жү­жиг­лэлтээрээ авцал­дуулж чаддаг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай”, инээдмийн дүрийг бүтээх уран чадварын хувьд гадаадын нэрт жү­жигчидтэй мөр зэрэгцэх авьяастан хэмээн үнэлжээ. 
Т.Цэвээнжав гуай өөрөө “Жүжиг­чин хүн олон дүр бүтээс­нээ­рээ бус, харин аль нэг дүрийг төгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүр­нэ. Жү­жиг­чин хүн нэг дүрийг давтаг­­даш­гүйгээр бүтээх ёстой.Энэ их чухал шүү. Бумаагийн дүрд тог­лосны дараа дахин өөр ээжийн дүрд тоглоход Бумаа харагдахгүй байх ёстой” хэмээн 1963 онд кино драмын ангийн оюутнуудад зөвлөсөн байдаг. Энэ бол зууны манлай жүжигчний уран бүтээлийнх нь алтан зарчим байжээ. Тэрээр энэ зарчимдаа үнэнч байж, дахин давтагдашгүй дүрүү­дийг бүтээсэн билээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.