Н.Номтойбаяр: Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх санал гаргана

2016.11.02 Лхагва №103 (2134)

Засгийн газар үйл ажил­лагаа­гаа эхлүүлээд 100 хоно­сонтой хол­бог­дуулан Хөдөл­мөр, нийг­мийн хамгаал­лын сайд Н.Номтой­баяр өчигдөр мэ­дээлэл хийлээ. Тэрээр “Хөдөл­мөр, нийгмийн хамгаал­лын салбарын бод­лого, үйл ажилагаа бүх хүнийг хамардаг. Хүүхэд төрөхөөс эхлээд бурхан болох хүртэл бүх санхүү эдийн засгийн харил­­цааг зохицуулдаг. Тий­мээс улс орны эдийн засгийн бод­логыг боловсруулж бат­лахад салбарынхаа дуу хоо­лойг илэрхийлэх ёстой. Мөн бодлогын хэрэгжилтийг хан­­­гахын тулд чиглэлүүдээ тодор­­хой болгох хэрэгтэй. Тий­мээс ахмад настай, хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийн тө­лөө­лөлтэй уулзалт зохион байгуулж тэдэнд тулгамдаж байгаа бэрхшээлүүдийг нь сонслоо. 1050 орчим ахмадыг орол­цуулсан хэлэлцүүлэг зо­хион байгуулсан. Улмаар Ахмад настны тухай хуулийн төс­лийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт танилцуулсан. Удахгүй УИХ-д өргөн барина. Энэ хуулийн төсөлд ахмадын хүсэлтийн дагуу хөдөлмөр эрх­лэлт болон халамж, эрүүл мэнд, орон сууц, амралт сувиллын бод­логыг тусгасан.

Мөн залуучуудын хөгжлийн бод­логын баримт бичгийг бо­ловс­­руулж дууссан. Ирэх до­лоо хоногт Засгийн газрын хурал­­даанд танилцуулна. За­луу­­чуудын хувьд нэн ядуу гэ­сэн ангилалд багтаж байгаа. Монгол Улсын нийт хүн амын 70 орчим хувийг залуучууд эзэл­дэг. Ядуу гэдгийг нэлээд өргөн цар хүрээтэйгээр хэлж бай­гаа юм. Зөвхөн санхүү эдийн засгийн хувьд биш сэтгэл­гээний хувьд ядуу байна. Энэ бодлогын баримт бичгийн гол зарчим нь “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэсэн хэлц үгэнд суу­рилж байгаа. Хувь хү­ний хөг­жил, залуучуудын боловс­рол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, чөлөөт цаг гэсэн таван бод­логоос бүрдсэн баримт бичиг юм. Энэхүү баримт бич­гийг баталснаар 18 хуульд өөрч­лөлт оруулах шаард­лагатай болно.
Ажил авсан даруйдаа хөгж­­­лийн бэрхшээлтэй ир­гэ­дийн төлөөлөл, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 80 орчим төрийн бус байгуул­лагын удирдлагуудтай уулзаж санал солилцсон. Үүний дагуу хөгжлийн бэрхшээлтэй ир­гэдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах, хөдөл­мөр эрхлэх боломжоор хангах гэх мэтээр тодорхой аж­лууд хий­хээр болсон. Тэд хөдөл­мөрийн чадвараа алдсан ч эрүүл хүнээс илүү хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй байдаг  нь судалгаагаар харагддаг.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөл­бөрийг УИХ-д өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Үүнд 20-иод аж үйлдвэрийг хөг­жүү­лэх томоохон төсөл хөтөл­бөрүүд хэрэгжүүлэх тухай тус­гасан. Энэ төслүүдийг хэ­рэг­­жүүлснээр ажлын байр нэмэг­дэх боломжтой” гэв. 
Хөдөлмөр, нийгмийн хам­гааллын сайд Н.Номтой­баяр дээрх мэдээллийг хийс­нийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Нийт хүүхдийн 40 ху­вийн мөнгийг 2019 онд бөөнд нь өгнө. Тухайн үед хэч­­нээн төгрөгийн санхүү­жилт шаард­лагатай гэж үзэж байгаа вэ. Энэ мөнгийг хаа­наас олно гэж Засгийн газар үзэж байгаа вэ?
-392 тэрбум төгрөг шаард­лагатай. Тухайн үед хүүхдийн мөнгөний олголтыг төсвөөс санхүүжүүлнэ гэж тооцсон.
-Хүүхдийн мөнгө авах хэм­­жээний амьдралтай айлуудын хүүхдэд мөнгө өгөх­гүй байна гэсэн шүүмжлэл бий. Үүнтэй холбоотойгоор амьжиргааны төвшинг дахин тогтоох ажил хийх үү?
-2013 онд 0-1000 хүртлэх онооны үнэлгээгээр 20 бү­лэгт амь­жиргааны төвшинг ху­ваа­­сан аргачлалаар судалгаа явуул­сан юм. Гурван жил тутамд судалгаагаа шинэчлэх ёстой. Бид энэ ажлыг хийж байгаа. 
-Сангийн яамны зүгээс хүүхэд харах үйлчилгээг сан­хүү­­жүүлэх ямар ч боломж­гүй гэ­сэн тайлбар хийсэн. Тэгэ­хээр энэ үйлчилгээ зөв­хөн сан­хүү­­жилтээсээ болоод зогсч бай­­гаа гэсэн үг үү. Эсвэл та­най яам­ны зүгээс ч гэсэн зог­соох ёстой гэж үзэж байгаа юу?
-Би 12 аймаг, хоёр дүүрэгт ажилласан. Энэ хүрээндээ хүү­­хэд харах үйлчилгээ үзүүлж байгаа зарим газраар орсон. Стандарт шаардлага хан­гаж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бий. Бас сайны хажуугаар саар гэд­гийн адилаар хүүхдийн эрх, хам­гаал­лын бодлого хан­гаагүй, аюулгүй байдалд нь эрсдэлтэй газрууд ч бий. Хүүхэд харах үйл­чилгээ явуулж байгаа газ­­руудад шалгалт хийж бай­гаа. Одоогоор 29 газрыг шал­гасан. Шалгалтын явцыг ха­рахад ихэнх нь шаардлага хангахгүй байгаа. Гэхдээ энэ үйлчилгээний хяналтыг сайж­руулж үйл ажиллагааг нь дэм­жих нь зүйтэй гэж дүгнээд байгаа. Шалгалтын үр дүнг Засгийн газрын хуралдаанд танил­цуулна. Мөн Нийгмийн бод­лого, боловсрол, соёл, шинж­­лэх ухааны байнгын хо­роонд танилцуулж гишүүдэд зөв мэдээлэл өгөх ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхэд харах үйлчилгээг үр­гэлж­лүүлэх санал гаргана. Яаж шийдэх нь УИХ-ын бүрэн эрх. Санхүүжилтэд нь шаардлагатай байгаа таван тэрбум төгрөг гэдэг бол шийдэж болох асуу­дал. Одоогийн байдлаар хүүхэд харах үйлчилгээ 1392 ажлын байр бий болгож, 6700 хүүхэд хамрагдаж байгаа.
-Өсвөр насны хүүхдүүд сансууруулах бодис хэрэглэх явдал ихэслээ гэх мэдээлэл бий. Үүний эсрэг ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Өнгөрсөн баасан гаригт залуучуудад чиглэсэн үйл ажил­лагаа явуулдаг байгуул­лагуудын төлөөлөлтэй яг энэ асуудлын хүрээнд уулзсан. Оюутны дотуур байранд бэл­гийн замын өвчин, мансуу­руулах бодист донтох явдал их хэмжээнд хүрсэн юм байна. Энэ тал дээр цагдаагийн бай­гуул­­лагатай хамтран ажил­лахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна нийслэлийн хэм­жээнд байгаа 3000 гаруй гэр орон­гүй иргэдийн асуудлыг хэрхэх талаар хамтарч ажил­лана. Хүйтний улирал эхэлж байгаа холбоотойгоор тодорхой арга хэмжээ авахгүй бол эдгээр иргэд өвөл осгож үхэх тохиолдол их гардаг.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.