Монголбанк валютын нөөцийг нэг тэрбум долларт барьжээ

2016.11.02 Лхагва №103 (2134)

УИХ дахь АН-ын бүлгээс 2017 оны төсвийн төсөл, мөнгөний бодлого, Эдийн зас­гийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хө­төлбөр зэрэг төслүүдийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт АН-ын бүлгийн гишүүдээс гадна Сангийн яам, Монголбанкны удирдлагууд оролцлоо. 
Мөн УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Б.Гарамгай­баатар нар хэлэл­цүүлэгт оролц­сон юм. Дээрх төслүүдийн уялдаа холбоо хэр зэрэг сайн байгааг тодруулахаар энэхүү хэлэлцүүлэгийг зохион бай­гуулж байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа онцолж байлаа. 
Монголбанкны Статистик судалгааны газрын захирал Д.Ган-Очир эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн юм. Тэрээр “Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, эрсдлүүд хуримтлагдсаар байна. Ийм үед зөвхөн банкны салбарын зээл олголтыг нэмэгдүүлэх, хүүг бууруулах зэрэг арга хэмжээ авах нь хангалттай үр дүн авчрахгүй” гэв. Энэхүү хүндрэлээс богино хугацаанд хохирол багатай гарахын тулд томоохон төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайж­руулах, гадаад валютын нөө­цийг нэмэгдүүлэх хэрэг­тэйг онцолж байлаа. Өмнөх пар­ла­ментад олонхийн бүл­гийн даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар Монгол­банк­наас боловсруулан өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд ба­римт­лах үндсэн чиглэл өмнөх жилүүдийнхтэйгээ залгамж чанарыг хадгалж байгаа эсэхийг тодруулсан юм. Түүний асуултад Монгол­банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа, “Эдийн засаг хүндэрч эрсдэлүүд нэмэгдэж байгаа энэ үед бодлогын баримт бичгийн залгамж чанарыг хадгална гэх ойлголт байхгүй болчихоод байна. Гол нь хүндрэлийг даван туулах Засгийн газрын бодлоготойгоо мөнгөний бодлого уялдсан. Манай улс шиг нээлттэй эдийн засагтай улс орны хувьд стандарт бүхий мөнгөний бодлогоор эдийн засгаа тогт­воржуулах бололцоогүй. Хам­гийн тэр­гүүний зорилго бол эдийн засгаа тогтворжуулах явдал" гэв. 
Түүнчлэн эдийн засаг хүндэрсэн шалтгааныг Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр 7.8 их наяд төгрөг хэвлэж, аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон ч эргэн төлөлт нь хангалтгүй байгаатай холбон тайбарлаж байлаа. Харин үүнтэй нь АН-ын гишүүд санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Монголбанкны шинэ ерөнхийлөгч томилогд­соноос хойш ам.долларын ханш 400 төгрөгөөр өслөө. Монголбанк Б.Чойжил­сүрэн­­гийн захиалгаар яваад байх шиг байна. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, эсвэл БНХАУ-аас зээл авах зорилгоор валютын ханшийг захиалгаар өсгөж байна. Иймэрхүү байдлаар иргэдийн халаас руу гараа шургуулахаа болих хэрэгтэй” гэсэн  юм.  Харин  Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2013 оноос хойш дөрвөн тэрбум ам.долларын валютын нөөцөө алдсан ч ам.дол­ларын ханш 900 орчим төг­рөгөөр нэмэгдсэн. Харин бид валютын нөөцийг нэг тэрбум ам.доллараас буулгах сонирхолгүй байгаа. Валютын нөөцөө гурван сарын импорт­той тэнцэх хэмжээнд барьж байгаа. Мэдээж Монголбанк ханшийн огцом савалгааг зөвшөөрөхгүй” гэлээ.   

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.