Холимог тээвэр иргэдийн цаг, мөнгийг хэмнэнэ

2016.11.02 Лхагва №103 (2134)

Зам, тээврийн хөгжлийн яамнаас төмөр зам, орон нутгийн автобус, орон нутгийн онгоц зэрэг тээврийн үйлчилгээнд ирэх оны нэгдүгээр улирлаас тасалбар түгээх нэгдсэн систем буюу ТҮЦ машин нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа танилцуулсан билээ. Энэхүү тасалбар түгээх автомат нэгдсэн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт бүхий л мэдээллээ оруулан тасалбараа цахимаар худалдан авах боломжтой болох юм. Ингэснээр хэрэглэгчдийн цагийг хэмнэх, билетийн кассын ачааллыг бууруулах, хүний нөөцийн зардлыг хэмнэх ач холбогдолтой юм байна. Тасалбар түгээх машиныг томоохон худалдааны төвүүд, аялал жуулчлалын  компани, тээврийн товчоо, Төв шуудан гэх мэт олон нийтийн газруудад байршуулахаар төлөвлөжээ. Энэхүү ухаалаг сис­темийг зөвхөн улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнээс гадна дотоодын нислэг, төмөр замын билетийг хамт бичиж, түгээх аж. 

Мөн зам, тээврийн салбарын бусад төрлийн лавлагаануудыг дээрх ТҮЦ машинаас авах боломжтой болох юм байна. Тасалбар түгээх машиныг үйлчилгээнд нэвтрүүлэхэд төрөөс ямар нэгэн хөрөнгө оруулах шаардлагагүй бөгөөд хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болжээ.
Ирэх оны эхний улирлаас хэрэг­жүүлж эхлэх дээрх төслийг бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар-Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн туршилтыг хийлээ. Туршилтын тээв­рийг Зам, тээврийн хөгжлийн яам, “УБТЗ”, Авто тээврийн үндэсний төв, “Зэлтэрийн зам” компанийн хамтран зохион байгууллаа. Туршилтын тээврийн зорчигчид Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн төв хүртэл галт тэргээр явж, тэндээсээ Улаан-Үд хүртэл “Зэлтэрийн зам” компанийн автобусаар зорчсон юм. Туршилтын тээврийн нээлтийн үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзалд болж холбогдох албаны хүмүүс энэхүү үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, тус яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 
Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу 2014 оноос ОХУ руу зорчигчид бизгүй болсноос хойш зорчих урсгал нь 30 орчим хувиар нэмэгджээ. Хоёр улсын хилийн боомт 24 цагаар ажиллаж байгаа хэдий ч үргэлж ачаалалтай байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд хилээр нэвтрэх гэж авто машинтайгаа  дугаарлан зогсдог гэсэн үг. Ялангуяа, Шинэ жил, Цагаан сарын баярын өмнө ачаалал ихэсч хэдэн км урт дараалал үүсгэдэг ажээ. Харин холимог тээврийг тогтмолжуулснаар энэхүү бэрхшээлийг бууруулах боломжтой юм байна. Учир нь, Улаан-Үд, Итгэлт хамба, Байгаль далайг зорихийг хүс­сэн иргэд Улаанбаатар хотын аль нэг цэгт байрлах ТҮЦ машинаас тасалбараа захиалж авснаар аяллын цогц үйл­чилгээнд хамрагдана. ТҮЦ ма­шинаас авсан тасалбараараа Сэлэнгэ айм­гийн төв хүртэл галт тэргээр зорчиж вокзал дээр нь буусан даруйдаа хотоос авсан тасалбараараа  автобусанд сууж хүссэн газраа хүрэх юм. Авто вокзал руу ч явах шаардлагагүйгээр шууд холимогт тээвэр хийж буй компанийн автобусанд сууна гэсэн үг. Холимог тээвэр тогтсон цаг хугацааны дагуу явах учраас хувийнхаа машинаар зорчиж буй хүмүүстэй хамт хил дээр дугаарлан зогсохгүйгээрээ да­вуу талтай. Тасалбар худалдаж авахаас эх­лээд хилээр нэвтрэх хүртэл зор­чигч­­дын цаг хугацааг ийнхүү хэм­нэхээс гадна эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байх ажээ. 
УБТЗ Улаанбаатараас Сэлэнгэ хүртлэх тасалбарын үнийг 15-20 хувь бууруулах боломжтой бол “Зэлтэрийн зам” компанийн захирал Д.Лхагвачулуун Сэлэнгээс Байгаль далай хүртлэх аяллын зардлаа 25 хувиар бууруулах боломжтой гэж байв. Мөн холимог тээвэр нь иргэдийн аюулгүй байдлыг сайжруулах давуу талтай юм. Сүүлийн үед “Улаан-Үд, Итгэлт хамбын чиглэлд хоёр өдөр, нэг шөнө аялуулна” гэх зар ихээр явах болсон. Энэ нь хурдан шуурхай сайхан аялал мэт боловч Улаанбаатараас зорчигчдоо орой автобусанд суулгаж гараад шөнөжин давхисаар Итгэлт хамбаар дайрч маргааш өдөр нь Улаан-Үдэд хүрдэг байна. Тухайн өдрийнхөө оройдоо буцаж гараад маргааш нь Улаанбаатарт ирдэг ажээ. Аяллын тээвэр хийж буй компани ингэж ачаалалтай ажиллах нь иргэдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй юм. 
Мөн зорчигчид нэг талдаа 570 км замыг автобусанд сууж туулах нь амаргүй. Харин холимог тээврээр зорчсоноор хамгийн аюулгүй унаа гэгддэг галт тэргэнд шөнөжин амраад өглөө нь автобусаар аялалаа үргэлжлүүлэх давуу талтай. Ийм олон давуу талтай үйлчилгээг ирэх оны нэгдүгээр улирлаас нэвтрүүлэхээр зам, тээврийн  салбарынхан ажиллаж байна. Мөн БНХАУ руу холимог тээврийн туршилт хийхээр төлөвлөж байгаа ажээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.