Пак Гын Хе зөвлөгчдөөсөө болж огцрох уу

2016.11.02 Лхагва №103 (2134)

-БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч мэргэч, төлгөч, биеэ үнэлэгчдээр хүрээлүүлжээ-

БНСУ-ын ард иргэд Ерөнхийлөгч Пак Гын Хед бага багаар итгэл алдарч эхэлжээ. Тэр ч бүү хэл, зарим хэвлэлд эргүүлэн татах асуудлыг хөндөх болсон байна. Улс орноо ядуу буурайгаас хөгжин цэцэглэтэл өөд нь татсан эцэг Пак Жон Хигийнхээ нэр нөлөөгөөр улс төрд хөл тавьсан Пак Гын Хе бүсгүйн улстөрчийн замнал удахгүй Солонгосын бусад Ерөнхийлөгчийн нэгэн адил шуугиантайхан эцэс болно гэж таамаглагчид олширчээ. 

БНСУ-ын улстөрчид элдэв дуулиан шуугианд холбогдомтгой. Тэр дундаа төрийн тэргүүнүүд нь бүр ч онцгой. Нэг Ерөнхийлөгч нь бусдад алагдсан бол өөр нэг нь огцорч, цөллөгөд байсаар нас барсан. Хоёр Ерөнхийлөгч авлига хээл хахуулийн хэргээр Шүүхээс ял сонсч, нэг нь хуулийнхнаас зугтаж яваад амиа егүүтгэсэн гээд л. Өөрөө биш юм аа гэхэд гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь авлигын хэргээр Шүүхээс ял сонсч байсан тохиолдол бараг бүх Ерөнхийлөгчид тохиолдож байв. Харин Пак Гын Хегийн талаарх шуугиан тэднийхээс өөр. Тэрээр БНСУ-ын түүхэнд урьд өмнө огт тохиолдож байгаагүй сонин шалтгаанаар улс төрийн замналаа эрсдэлд оруулсан байна. Тодруулбал, тэрээр зөвлөгчийн орон тоон дээр ажилд авсан эрээвэр хураавар дагалдагчдаасаа болж нэр хүндээ унагажээ. Түүний зөвлөгчдийн дотор мэргэ төлгө тавигч, бөө удган, тэр ч бүү хэл жиголо буюу эрэгтэй биеэ үнэлэгч хүртэл байдаг аж. 
Тэднээс болж Пак Гын Хегийн нэр хүнд өдрөөс өдөрт унасаар, энэ янзаараа Но Му Хёны тогтоосон дээд амжилтыг ч эвдэх төлөвтэй. БНСУ-ын ес дэхь Ерөнхийлөгч асан Но Му Хёны нэр хүнд албан тушаалаа өгөх үед нь таван хувьтай байсан. Харин Пак Гын Хегийн нэр хүнд одоогоор 14 хувьтай байгаа бөгөөд өдрөөс өдөрт уруудсаар байгаа юм. Түүний нэр хүндийг ингэтэл унагаад байгаа тойрон хүрээлэгчид нь хэн бэ. 
60 настай Чүэ Сун Силь хэмээх авгай. Ерөнхийлөгчтэй 1970-аад оноос буюу 20 гаруй настай байхаасаа найзалжээ. Түүний эцэг Чүэ Тэ Мин гэгч зургаан удаа гэрлэж, долоон удаа нэрээ сольж явсан нэгэн. Өөрийн гэсэн шашны урсгал бий болгож, түүнийгээ хүмүүст итгүүлэх бизнес хийдэг байсан энэ эр Пак Жон Хиг төрийн эрх барьж байх жилүүдэд буюу 1961-1979 оны хооронд охиных нь итгэлийг олж авсан аж. 1974 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогын үеэр Пак Жон Хи генералын эхнэр, одоогийн Ерөнхийлөгчийн ээж амиа алдсан аж. Ирээдүйн Ерөнхийлөгч энэ үеэр сэтгэлийн гүн шаналгаанд автсан бөгөөд чухам энэ үеэс Чүэ Тэ Миний тусламжийг авах болжээ. Чүэ Тэ Миний тав дахь эхнэрээс Чүэ Сун Силь гарсан гэх бөгөөд дээд сургууль төгсөх гээд бүтэлгүйтсэнийхээ дараа эцгийнхээ нэг адил шашны бизнес эрхлэх болсон гэнэ. Одоо өөрийн гэсэн сүмтэй. Түүний номлодог “Енсегё” гэх урсгал нь Христийн шашин болон Солонгосын уламжлалт бөө мөргөлийн холимог аж. Ерөнхийлөгч Пак Гын Хе бүр багаасаа энэ бүлэгтэй холбоотой байж, найз Чүэ Сун Силийнхээ зөвлөгөөг дагадаг байжээ.  Эцэг нь 1979 онд төрийн эрхээс зайлуулагдаж, хөнөөгдсөний дараа улам ганцаардмал байдалд орж, гэрлэж ч чадахгүй өөрийгөө мухардмал байдалд орсон гэдэгтэй эвлэрч байсан гэнэ. Энэ үед олон найз нь нүүр буруулж, гагц Чүэ Сун Силь л найз гэдгээ харуулсан учраас эдүгээ ийнхүү “даам” гарах болжээ. Гэвч түүний эрхлэн явуулдаг үйл ажиллагааг хэвлэлүүд сонирхож эхэлсний дараа асуудал үүссэн аж. Ерөнхийлөгч өөрөө ч Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл гэх мэт Ерөнхийлөгчтэй зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагуудын саналыг үл тоомсорлож, хэний ч үл мэдэх, боловсрол мэдлэг муутай нөхдөөр хүрээлүүлэх болсон нь хэл ам дагуулж эхэлсэн байна. Хэвлэлд бичсэнээр, Пак Гын Хег тойрон хүрээлэгчдийн дунд мэргэ төлөг тавигчид, бөө удганууд, тэр ч битгий хэл ахимаг насны эмэгтэйчүүдэд биеэ үнэлдэг залуухан эр ч бий гэнэ. Эдгээр нөхдүүд Ерөнхийлөгчийн тархийг угааж, улс төрийн чиг баримжаа нь болох хүртлээ нөлөөгөө тогтоосныг Солонгосын хэвлэлүүд онцолж байна. Түүнд бичсэнд итгэх юм бол, Пак Гын Хе БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун маш хүнд өвчтэй ч залгамжлагчаа тодруулах бодолгүй байгаа гэдэгт бат итгэлтэй яваа аж. Мэргэч төлгөчид нь ийм мэдээллийг өгчээ. 
Пак Гын Хег Германд ажлын айлчлал хийх үеэр зөвлөгч Чүэ Сун Силийнх нь хувийн компьютерт байсан мэдээлэл олон нийтэд ил болсон нь маш их шуугиан дэгдээсэн. Тэнд Пак Гын Хед зөвлөгөө өгдөг, ойрын хүрээллийнх нь хүмүүсийн тухай мэдээлэл байсан бөгөөд дунд нь Ко Ён Тэ гэгч жигологийн (эрэгтэй биеэ үнэлэгч) нэр цохиж явсан нь ийнхүү шуугих үндэслэл болжээ. Спортын талбарт гялалзаж, туялзуур сэлэмний төрлөөр 1998 оны Азийн наадамд түрүүлж байсан энэ эр спортоо орхисныхоо дараа эскорт-үйлчилгээ буюу эмэгтэйчүүдэд таашаал эдлүүлдэг ажил хийх болсон гэдгээрээ улсдаа нэртэй нэгэн гэнэ.     
Энэ бүх мэдээлэл ил болсны дараа буюу өнгөрсөн бямба гаригт солонгосууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж жагсаал хийхэд олон мянган хүн оролцжээ. Пак Гын Хе байдал хяналтаас гарч болзошгүйг ухаараад дүрэм зөрчиж байсан хэд, хэдэн тохиолдлоо нэрлэн олон нийтээс уучлалт гуйсан ч байдлыг өөрчилж чадсангүй. Прокурорын газар Чүэ Сун Силийг Германаас эх нутагтаа буцаж ирсэн өдөр буюу өнгөрсөн даваа гаригт дайчлан баривчилжээ. 
Одоо БНСУ, Пак Гын Хегийн хувь заяа хэрхэх талаар гурван янзын таамаг хэвлэлээр хөвөрч байна. Тэднээс хамгийн боломжтой нь Парламент Пак Гын Хег хүчээр огцруулах аж. Нөгөө хоёр нь өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буух, Ерөнхийлөгчийн эрх үүргийг Ерөнхий сайдад хавсруулж, дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл эвслийн Засгийн газартай ажиллах хувилбар ажээ.    


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.