А.Ципрас: Герман улс дайны төлбөр төлөх ёстой

2016.11.02 Лхагва №103 (2134)

Эдийн засгийн хямралд нэрвэгдээд байгаа Грек улс Германыг Дэлхийн II дайны үед үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө төлбөр төлөх ёстой гэж үзэж байна. Тус улсын Ерөнхий сайд А.Ципрас Брюссельд болсон Европын холбооны чуулган дээр энэхүү байр сууриа илэрхийлсэн байна. 
Тэрээр “Нацистууд Дэлхийн II дайны үед Грекийн алтны нөөцийг цөлмөсөн. Энэ нь тухайн үедээ Грекийн эдийн засгийг уналтад оруулсан. Алт бол алга болно гэж байдаггүй онцгой металл. Манай алт одоо болтол Германд байгаа гэж бодож байна” гэсэн бол Афин хотын дарга Никитас Какламанис “Герман улс тэр үед дээрэмдсэн хөрөнгө, үйлдсэн харгислалынхаа төлөө 70 тэрбум еврогийн нөхөн төлбөр өгөх ёстой” гэж үзэж байна.  
Харин Германы тал “Нөхөн төлбөр хийх асуудал аль хэдийнэ хаагдсан” гэж үзэж байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн билээ. Германы Гадаад хэргийн яамнаас “Герман улс энэ асуудал дээр 1953 оны Лондонгийн конференцоос баталж, 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа дуусгавар болсон дайны төлбөр төлөх тухай “2+4”, “Германы асуудлыг эцэслэн зохицуулах” хэлэлцээрийг баримтална. Тиймээс манай улс Грект ямар ч өргүй” гэж мэдэгдсэн байна.   
Европын холбооны хамгийн том донор болох Герман Грект эдийн засгийн тусламж олгохоос татгалзсанаас болж хоёр улсын харилцаа хурцадмал байдалд орооод байгаа юм. Германы нэгэн сэтгүүлд Грекийн Засгийн газрыг “Европын холбоонд төсвийн тайлан тэнцлээ худлаа танилцуулсан” гэсэн нийтлэл гарснаас эхэлсэн хоёр улсын маргаан Грекийг Европын холбооноос гарах, эсвэл холбоо бүхэлдээ нурах хүртэл үргэлжилж магадгүй байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.